Би "Бага тойрог"-т амьдардаг

Нийслэлийнхээ гудамжаар алхаж явахад заримдаа "Энд урьд нь ямар газар байсан бол, ямар хүмүүс амьдарч байсан бол?" гэх сонин бодол төрдөг. Тэгвэл биднийг Улаанбаатар хотын эрт үе рүү хүргэж чадах хүн бол МУУГЗ, МУЭ-ийн нэрэмжит шагналт, Улаанбаатар хотын "Хангарьд" шагналт зураач Г.Дунбүрээ юм. Хотын сэдвээр гайхалтай бүтээл туурвидаг тэрбээр "Арван ямаа", "Дөрвөн уулын савдаг", "Фронтод", "Хүрээ Майдар", "Арван тэмээ" зэрэг зургуудаараа алдартай.

Сургууль руугаа мориор явдаг хүүхэд

Дунбүрээ Төв аймгийн Өндөрширээт сумын хүн. Түүний аав лам хүн байж байгаад 40 гарсан хойноо хар болж, гэрлэжээ. Дунбүрээ 1949 онд хотод анх хөл тавьж, хуучин циркийн зүүхэнтээ ах эгчийндээ суудаг болов. Төдхөн аав нь хүүдээ хөдөөнөөс морь явуулж, тэрбээр хичээлдээ явах унаатай ч болжээ. Хашаандаа морио услачихаад XI сургууль руу шогшин очдог байсан тухайгаа тэр дурссан. Нэг инээдтэй түүх гэвэл, тэрбээр нэгдүгээр ангид байхдаа гэртээ харих замдаа төөрч, уйлаад явжбайхад нь Есөн гудамжнаас ах нь олж авсан гэдэг. Тэр үед хотод мориор сургуульд явдаг хүн цөөн байсан болохоор түүнийг хайж олоход тийм ч хэцүү байгаагүй биз ээ. Дунбүрээ удалгүй Улаанбаатар хотын III дунд сургууль руу шилжиж, анхны төгсөгчдийнх нь нэг болсон юм. Тус сургууль анх Чойжин ламын сүм музейн урд дүнзэн байшинд хичээлээ явуулдаг байв. Тиймдээ ч Дунбүрээгийн бага нас тэр хавьд буюу одоогийн Гадаад явдлын яамны урд талд "Гурвын хонхор"-т өнгөрсөн юм. Харин дунд сургуулиа төгсөөд Багшийн дээдийн зураг, хөдөлмөрийн ангийг 1961-1965 онд дүүргэснээр оюутан ахуй насаа Багшийн дээд болон Есөн гудамж, Гандантай салшгүй холбоотой гэж үздэг байна.

Түүхийн амьд өв

Дунбүрээ нийслэлийнхээ бүхий л газрыг судлан зурж, түүх болгон үлдээдэг. Жишээ нь, Өргөө, Номын хүрээ, Их хүрээ, Нийслэл хүрээ нэртэй байгаад 1924 оноос Улаанбаатар гэгдэх болсон манай нийслэлийн үе үеийн судалбар зургаар дүүрэн ном түүнд бий. Орчин үеийн залуус бид дээхнэ үеийн нийслэлчүүдийн цуглардаг байсан Баруун хүрээ, Зүүн хүрээ, Гандан, Маймаа хот, Есөн гудамж, Өндөр хоршоо гэх мэт газруудын тухай хагас хугас л сонсож өссөн билээ. Тэгвэл Дунбүрээ зураач "Лениний музейгээс хойш Ногоон нуур хүртэл есөн гудамж байсан юм. Харин одоогийн IV дэлгүүрийн суурин дээр анх Богдын шар ордон байсан. Тухайн үед энэ газрыг Зүүн Хүрээний төв, гол тэнхлэг гэж үзэж Дэчингалав, Шүтээний аймаг, Майдарын сүм /суугаа Майдар/ зэргийг босгосон байсан юм. Миний аав Дэчингалав сүмд шавилан суудаг байж билээ. Тэгтэл Дэчингалавын сүмийн үлдэгдэл алтадсан шармалаар Гадаад явдлын яамны орой дээрхийг бүрчихсэн. Тус архитектурыг МУУГЗ, Төрийн шагналт зураач Д.Чойдог гэдэг хүний төслөөр хийж байлаа. Тэр үеэс өнөөдрийг хүртэл тэсч үлдсэн барилга байшин нийслэлд маань их ховор болжээ. Тэдгээрийн нэг нь Дашчойлон хийдийн баруун талд байх хуучин цирк юм. 1903 онд Улсын эх дагина Дондогдуламд зориулж бариулсан энэ сүмийг 1940 ондулсын тогтоолоор цирк болгосон бөгөөд одоо ч энэ чиглэлээр ашиглагдаж байна. Түүний дэргэдэх Бангай аймаг, 1740 оны үед баригдсан Эрхэм тойны аймаг, мөн Өндөр хоршоо гэгдэж байсан Занабазарын музей л өнөөдөр үлдэж дээ" хэмээн хуучилсан юм.

Түүнтэй хотынхоо тухай яриа өрнүүлэн суух зуур эртний түүхийг хадгалсан барилгуудаа сэргээн засварлаж үлдээх нь хэчнээн чухал талаар эрхгүй бодлоо. Ингэж чадахгүй бол шинэ үеийн нийслэлчүүд маань хотын түүхээ зөвхөн зураачид, гэрэл зурагчдын бүтээлээс л олж харах тавилантай үлдэх биз ээ.

Хотын тухай бүтээлүүд

Их хүрээ бол Дунбүрээгийн уран бүтээлийн гол сэдэв бөгөөд тэрбээр монголын хуучин нийслэлийн мартагдсан дүр төрхийг уран бүтээлийн аргаар хойч үе, монголчууд, хүн төрөлхтөнд сэргээн үлдээхийг зорьдог аж. "Зураач хүн ямагт түүх судалж байж бүтээлээ туурвидаг. Судалбар хийхгүйгээр түүх бичихгүй. Миний хувьд ихэвчлэн архив ашиглаж, мөн хүний ярианд түшиглэж зурдаг" хэмээн тэр ярьсан. Дунбүрээ Монгол орны Богд нэртэй бүх уулыг зуржээ. Мөн түүний "Дөрвөн уулын савдаг" зургийг мэдэхгүй хүн цөөн. Зураг бүртээ тэрбээр сайн сайхан зүйлсийг бэлгэдсэн байдаг. Тухайлбал, Богд хан уулын савдаг нь дөрвөн уулынхаа савдагийн эв эеийг хичээнэ гэж хадаг барьсан Хангарьд, Сонгино хайрхан уулын савдаг Хөх өвгөн нь муу муухай бүхнийг зайлуулдаг, Чингэлтэй уулын савдаг Гахай нь эд баялгийг хуримтлуулдаг, харин Баянзүрх хайрханы савдаг Нохой нь эд баялаг, эзнээ хамгаалдаг гэсэн домогтой аж. Гэхдээ зураач маань бүтээлээ шашинтай холбодоггүй бөгөөд түүний бүтээлүүд өөрийн гэсэн давтагдашгүй өнгө төрхтэй.

Хэлмэгдсэн "Арван ямаа" бүтээл

Түүний Их хүрээ болон тухайн үеийн барилга байшингуудын бүхэл бүтэн цомог нь түүхийн үнэт дурсгалд тооцогдмоор. Учир нь, эдгээр бүтээлийн гол сэдэв нь Монголын үндэсний архитектур юм. "Манай суурин газрууд төвөд, монгол, хятад хийцийн гурван архитектуртай. Энэ бүтээн байгуулалтаас Монгол гэдэг бие даасан ертөнц харагддаг. Үндэснийуламжлалт Хүрээ гэдэг чинь Азийнуран барилгуудын цогц байсан юм. Сүүлийн үеийн шүдэнзний хайрцаг шиг архитектурын тухай яривал өөр л дөө. Уг нь манайхан уламжлалаа дагажхот хүрээгээ хөгжүүлэхучиртай юм"хэмээн тэр ярьсан. Дунбүрээ анх Урчуудын эвлэлийн хороонд дагалдангаар орж гурван сар ажиллаад тасгийн дарга болж, салбарынхаа ахмад зураачидтай танилцжээ. Гэтэл 1960-аад оны сүүл үед МАХН-ын Төв хорооноос чөлөөт сэтгэлгээний хийсвэр арга барилаар бүтээсэн залуу зураачдын олон бүтээлийг "Хөрөнгөтнийурлагийг сурталчиллаа" хэмээн буруутган шүүмжилж, тэднийг бие даасан үзэсгэлэн гаргах байтугай аливаа үзэсгэлэнд оролцох эрхийг нь хүртэл хассан юм. Тухайн үед "Хөрөнгөтөн" гэх нэр томъёонд барууны орнуудын эрх ямбатай эрхмүүд багтаж байлаа. Тэдний таашаан сонирхдог урлагийг "Хөрөнгөтний урлаг" хэмээж, социалист улсын бодлогод таарахгүй хэмээн буруушаадаг байв. Дунбүрээгийн 1968 онд зурсан "Арван ямаа" зураг бол хэлмэгдсэн бүтээлүүдийн нэг тодхон жишээ юм. Уг зургийн түүх бас сонин. Хөдөө тэднийд ямаа байдаггүй байж л дээ. Харин нэг айл Дунбүрээ хүүд цагаан охин ишиг өгч, тэр нь том болоод дандаа хоёр ихэр ишиг гаргадаг болсон гэнэ. Тэгсээр тэднийх арваад ямаатай болжээ. Үүнээс сэдэвлэн "Арван ямаа" зурагаа зурсанбайна. Арван ямаагаа улаанаар будсан нь их баяр баясгаланг бэлгэдсэн хэрэг бөгөөд шар дэвсгэр нь баяжих дэвжихтэй холбоотой, цагаан нь өнгөний хувьслыг илэрхийлж байв. Гэтэл Төв хорооныхон "Нэгт, хүйтэн хошуутай мал зурлаа. Хоёрт, арьсыг нь хуулсан арван ямаа зурлаа. Гуравт, Улс төрийн товчооны арван гишүүнийг ямар нэгэн ёгтлол ашиглаж ямаагаар төлөөлүүлсэн байна" гэж хатуу сануулга өгөв. Таван хошуу малыг арав арваар зурдаг нь өсч дэвжихийн бэлгэдэлтэй байдгийг Төв хорооныхон ийнхүү "өөр өнцгөөс" харсан юм.

Байшингийн дээвэрт хав дарагдахтавилантай бүтээлүүд

Дунбүрээгийн "Идээшиж буй арван адуу" зураг ч бас хүмүүст их хүрсэн. Харин урьд нь огт харж байгаагүй нэгэн зураг миний анхаарлыг татсан юм. Энэ нь "Арван тэмээ" нэртэй, ангасан газрыг усжуулж байгаа тухай сэдэвтэй арван цагаан тэмээний зураг байлаа. Уг зураг Төв хорооныхонд таалагдаагүй учраас нийтэд дэлгэгдээгүй гэнэ. Зураач маань энэхүү зурагаа бүр сүүлд 1972 онд байшингийн дээврээс олж авчээ. Ингээд ахин сэргээж Уран зургийн галерейд хадгалуулсан байна. Тухайн үед залуу зураачдын үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдийг бүгдийг нь Төв хорооноос хянадаг байв. Хэрэв тэд ямарваа нэг бүтээлийг намын эсрэг байна гэж үзэх юм бол зурсан хүнийг нь сургуулиас хөөж, 45 хоногоор хөдөө мал маллуулдаг байв. Түүнчлэн зурсан зураг бүрийг нь ирж шалган, сүүлдээ бүр шалгах ч үгүйгээр үзэсгэлэнгээс шууд хасах тохиолдол ч цөөнгүй байв. Дунбүрээ энэ тухайд "Гэхдээ энэ надад маш том сургамж болсон. Их ч хат суусан даа"хэмээлээ. Тэрбээр бүр сүүлд 1991 онд анхны үзэсгэлэнгээ дэлгэсэн юм. Үүнээс өмнө зурагнууд нь үргэлж гадны сэтгүүлд хэвлэгддэг байв. Дунбүрээ бол монгол үндэсний уламжлалыг европ хэв маягтай хослуулж өөрийн өнгө төрхийг олж авсан зураач юм. Тэрбээр "Их Хүрээ" үзэсгэлэнгээ Франц, Орос, Япон, Солонгос болон Баруун Европын ихэнх оронд гаргажээ. Түүний зурагнуудын ихэнх нь галерейд, эсвэл хувь хүний цуглуулгад байх бөгөөд нэлээд хэсэг нь хилийн чанадад гарсан гэнэ. 5000 гаруй судалбар, 4000 гаруй уран зураг, ном хэвлэл бүтээсэн эл эрхэм монголын дүрслэх урлагийн салбарын амьд домгуудын нэг билээ.

Нийтлэлийг Ж.Хулан

Гэрэл зургийг О. Төгсбилэг

Нийслэл Guide сэтгүүл №60 / Би энд амьдардаг булан