Хүүхэд төрүүлэх, мод тарих, ном бүтээх гурван үйлийг хийвээс хүмүүн болж төрсний хэрэг бүтнэ гэдэгсэн. Монгол улсын хүндэт засуул, зохиолч Баасанхүүгийн Шүрхүү “Зуурдын хонгор”, “Хүйсийн говийн унага”, “Түүхэнд мөнхөрсөн хилийн цэргийн хүү”, “Төрд буруу санасангүй”, “Чин ван Базарваань”, “Эргэл хайрханы их аварга”, “Буурлуудын хөөрсөн хууч”, “Шуугаарын хөх өвгөд” зэрэг яруу найргийн болон хөрөг, дурсамжийн цөөнгүй ном бичиж хэвлүүлжээ. Таван хүүхэдтэй, 80 дөхөж яваа энэ буурал зүүний үзүүрт тогтож үлдсэн ширхэг арвай мэт ховорхон заяанд төрснийхөө хэргийг бүтээж, өдгөө Чингэлтэй хайрханы Шар хагтын аманд мод тарих гэгээн сайхан үйлд оройлон зүтгэж явна.
Миний аав
Би Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын хүн. Ганга гэдэг газар төрсөн. Миний аав зузаан Баасанхүү гэж их том булиа хүн байсан. Халх голын дайнд зургаан жил явахдаа VI морьт дивизийн агтыг хариулж байсан адуучин хүн л дээ. Сүүлд Сэлэнгэ аймгийн Цэргийн хэлтсийн дарга манайхыг зорин ирж, аавд Ахмад дайчны үнэмлэхийг 240 төгрөгтэй гардуулахад аав “За би ёстой нэг ч японы өөдөөс буу шагайж үзээгүй. Би адуу л хариулж байсан хүн. Аягүй бол сүүлд хэрэгт орно, өрөнд орно. Авахгүй хүү минь, наадахыг чинь” гэсэн гэдэг /инээв. Ж.Б/. Тэгээд мэдээж өгсөн л дөө. Тэр үеийн ахмад дайчид хаана ч очсон дараалалгүй үйлчлүүлдэг, хаашаа ч явсан замын зардлыг нь улсаас хөнгөлж өгдөг, их сайхан байсан.
Шуугаарын хөх өвгөд
Манай гурван авга ах лам байсан юм. Өвөөгийн маань дүү нар л даа, Гомбожав аграмба, Чүлтэм гавж, Маамаа гавж гээд. Тэд хэлмэгдүүлэлтийн үед баривчлагдаад явсан ч бүгд эргэж ирсэн. Гомбожав аграмбын толгойн ар дээр дахиад нэг хүний толгой шиг том ур гарчихсан, өндийж сууж ч чадахгүй байхад нь түүнийг баривчлаад тэмээн дээр тэгнээд явсан гэдэг. Тэгээд Завхан руу өдөржин шөнөжин явчихсан чинь мань хүн өтгөн шингэндээ холилдоод бүр хэцүүдэж. Тэгтэл баривчилж ирсэн хүнийг дарга нар нь “Ийм юм авчирч байхдаа яадаг юм, наадахаа чи өөрөө зайлуул” гэж загнасан байгаа юм. Нөгөөх нь лам ахын гарт тэмээнийх нь бурантгийг атгуулаад, тэмээг нь сул тавиад баруун зүг рүү шөнөөр явуулчихсан байдаг. Ах маань ухаантай ухаангүй л явж байсан юм байгаа биз, нэг ухаан ортол хоёр хүн ярьж байна гэнэ, “Энэ хүн чинь амьд байна шүү дээ” гээд. Тэд ах ламд ус уулгасан чинь хамаг хөлс нь асгараад ирсэн гэдэг. Тэд бол хошууных нь бөх Гүнбүн, Завхан аймгийн арслан Гэндэнсүрэн нар байв. Их сайн хүмүүс тааралдаж ах ламыг айлд авчирч өгөөд, нөгөө айл нь сайхан асарч тойлж тэнхрүүлсэн учир намар нь гэртээ буцаад ирсэн.
Чүлтэм гавж баривчлагдаж яваад Гадаад явдлын яам, ХААДС, I арван жилийн сургуулийг япончуудтай цуг барьж байгаад 1944 онд цагаатгагдаад эргэж ирсэн.
Маамаа гавж Жаргалантын тал булагт морин завод дээр яг 10 жил ажиллаад, тэндээсээ суллагдаад ирсэн.
Би тав зургаан настайгаасаа л ах лам нартайгаа, ялангуяа Чүлтэм гавжтай нэг гэрт амьдарч эхэлсэн. Тэр хөгшчүүлийнхээ тухай би сүүлд “Шуугаарын хөх өвгөд” гэдэг ном бичиж хэвлүүлсэн. Тэд бол хуучин монгол бичигтэй, шинэ үсэгтэй /кирил бичиг/, латинтай, төвөд бичигтэй, манж хэлтэй мундаг хүмүүс байсан. Нэг үе эмийн жорыг латинаар бичдэг байсан учраас Чүлтэм гавжийг эмнэлэгт хэдэн жил ажиллуулсан байдаг. Тэр хэдийн маань сүүлийнх нь намайг дөрөвдүгээр ангид байхад 1960 онд өөд болсон доо. Тэгээд би хоёр муу илүү гэрээ ачаалаад аав ээжийндээ нүүж ирсэн, тэгэхэд их хэцүү байсан шүү /хоолой нь зангирч, хэсэг зуур чимээгүй болов. Ж.Б/.
Нэгдүгээр ангид 13-тайдаа орж байлаа
Лам ах нар маань намайг сургуульд суух шаардлагагүй гэж үзээд “Нас нь хэтэрсэн, 1940 оных” гээд гурван нас нэмээд хэлчихсэн юм. Тиймээс би 1956 оны хүн амын тооллогоор 16-тай гэж бүртгэгдсэн юм, одоо ч тэр хэвээр. 1955 онд Түдэв багш долдугаар анги төгссөн хүүхдүүдийг аймгийн сургуульд дэвшүүлэн суралцуулах зорилготойгоор манай суманд төлөөлөгчөөр ирсэн юм. Тэгээд намайг хойтон жил сургуульд оруул гэж “зарлигдсан” учир би 1956 онд 13 настайдаа нэгдүгээр ангид орж байлаа. Тэр үед би тамхи татдаг, архи уудаг, гэзэг тавьчихсан, бозлог агнаад л явж байдаг нэг нүцгэн нөхөр байсан. Гэхдээ л би тэгэхэд “Хүмүүжил жигшил” сонинг уншдаг байлаа, тэр нь хожмын “Матар” сэтгүүл л дээ. Учир нь, лам ах нар маань надад бичиг үсэг заасан байсан юм. Нэгдүгээр ангид орохдоо би ганцаараа савхин гутал өмсдөг байсан, би ганцаараа цүнхтэй байсан, би ганцаараа ард талыг нь цойлдоод уллачихсан эсгий гуталтай байсан, аминдаа л тэр хэдэн хөгшчүүл минь намайг бөөцийлж байсан нь тэр. Бусад хүүхдүүд бүгд монгол гуталтай, эрэгтэйчүүд нь хөх, эмэгтэйчүүд нь ногоон дээлтэй байсан юм.
Анхны шүлгийн үнэлгээ 12 төгрөг 82 мөнгө
Би дунд сургуульд байхаасаа л “Алтайн хөгжил”, “Пионерийн үнэн” сонинд мэдээ материал бичдэг байсан. Зургадугаар ангид байхад ХАА-н сонин дээр “Малын эмч” гэдэг шүлэг маань анх хэвлэгдсэн юм. “Хүүгийн тань бичлэгийн шагнал” гээд аавд Намын үүрийн дарга 12 төгрөг 82 мөнгө өгсөн гэдэг. Аав их баярлаж байж билээ.
Манай дээд удамд Мэгмид бичээч гэж байсан. Мэгмид бичээчийн “Гучин гурван говь” гэж шүлэг бий. Тэрийг нь бид манж хэлээс хуучин бичиг рүү, хуучин бичгээс кирил үсэг рүү хүнээр орчуулуулсан юм. Тэгтэл Мишигийн Цэдэндорж биднийг “Яг эх хувилбараар нь байлгахгүй, орчин үеийн болгочихсон байна” гэж зэмлэж билээ. Хэдэн дамжлага дамжчихаар хачин л юм болсон байх даа.
Нүүрс хөөтэй хутгалдахгүй гээд нутгаадаа зугтав
Сумынхаа долоон жилийн сургуулийг төгссөн чинь намайг Улаанбаатар хот руу урлагийн сургуульд хуваариллаа. Хотод иртэл Ванган, Рэнцэнноров, Гэндэн гуай гурав шалгалт авч байна. “За мэддэг хамгийн урт шүлгээ унш” гэхээр нь Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалыг уншлаа. “Наадах чинь хэрэггүй, наадахыг чинь хүн бүхэн мэддэг” гэхээр нь Сэнгээгийн “Намын жолоодлого”-ыг уншив. Тэгтэл Ванган гуай “Вот так, энэ 40 минут уншлаа шүү, ой санамж тун сайтай хүүхэд байна. Үүнийг Кино үйлдвэрт авна аа” гэлээ. Би ч баярласан гэж жигтэйхэн. Тэгтэл “Гэхдээ Кино үйлдвэрт очиж байгаа хүүхдүүд нэг жил кочегар /галч/ хийдэг юм шүү” гэв. Орос нэр хэлэхээр нь жигтэйхэн гоё ажил байх гэж бодоод “тэгье” л гэлээ. Ингээд ажилдаа яваад очсон чинь хүн орохын арга байхгүй нүүрс хөөтэйгөө хутгалдсан газар угтав аа. Тэгээд л нутаг руугаа буцаад зугтчихсан. Би чинь хөгшчүүдийнхээ хажууд өссөн болохоор их сэжигч хүүхэд байлаа, одоо ч хэвээр.
Аймагтаа эргээд очтол 10 жилийн ганц сургууль нь тэр жил наймдугаар ангийн найман бүлэгтэй болчихсон байсан. Тэгээд сүүлийн хоёр бүлгийг нь оройн анги болгоод, ажил дээр гаргасан юм. Би оройгоор сурахын хажуугаар “Алтайн хөгжил” сонинд ажилласан. Тэнд үсэг өрөгчөөс эхлээд хийхгүй юм байгаагүй дээ. Тэр хооронд Улаан-Үдэд хэвлэлийн курст нэг жил зургаан сар явсан. Ингээд 1966 онд аравдугаар ангиа төгсөн хотод орж ирснээс хойш дандаа нам, эвлэлийн томилолтоор явсаар байгаад дууслаа даа.
12000 туулайтай аж ахуйн ажилтан
1966 оноос “Ажилчин” сонинд хянагч, сурвалжлагчаар ажиллаж байгаад 1972 онд Арьс ширний нэгдлийн Гутлын үйлдвэрт мастераар томилогдов. Бид тэр үед намын даалгавраар хаана оч гэнэ, тэнд нь л очиж ажилладаг байлаа. Манай Гутлын үйлдвэр маш том байсан. Зөвхөн хадаас л гэхэд 50 гаруй төрөл, тэгээд 12 төрлийн цавуу гэхчлэн хамгийн нарийн материалууд орно. Ихэвчлэн Чехээс бараагаа татна. Би тэнд хангамж хариуцаж, тэр бүх материалыг нь бэлдэж өгдөг байсан юм. Дараа нь, 1986 оноос Хөнгөн хүнсний үйлдвэрийн нэгдсэн аж ахуйд ажиллалаа. Бас л том аж ахуй байсан даа. Зөвхөн туулай нь л гэхэд 12000, тэгээд үхэр мал гэж тоймгүй. Манай аж ахуй бүх үйлдвэрийг махаар хангадаг байсан юм. Туулай маш хурдан өсдөг, арьсыг нь Унгар руу явуулна, эргээд Унгараас хүүхдийн шуба гэх мэт янз бүрийн хувцас болоод ирнэ.
Тэр үед биднийг огт зүгээр суулгадаггүй байсан юм. Ажлын хажуугаар байнга оройн сургуульд явуулна. Би л гэхэд Марксизм Ленинизмийн оройн ангийг төгссөн, Намын дээд сургуульд хоёр жил, МУИС-ийн эдийн засгийн курст хоёр жил оройгоор сурч төгссөн. Тэр үед хүн бүхэн ажилтай байсан. Хороо хориноос байнга ажилчин хайж явна, ажилгүй хүн гэж байлгахгүй.
Миний хань
Миний эхнэр насаараа цэцэрлэгийн багш, цэцэрлэгийн эрхлэгч хийсэн ч Тунгалаг гэж хүн бий. Манай сумтай хил залгаа оршдог Шарга сумын хүн. Би чинь Хүйсийн говийн, манай хүн Шаргын говийн хүүхэд. Бид хотод орж ирсэн хойноо гэрлэсэн. Хуучны танилууд, нэг нутгийн хүүхдүүд болохоор хамт бөмбөг тоглосоор байгаад л суусан даа. 1968 онд гэрлэснээс хойш яг 50 жил болж байна. Бид зун нутаг явахаараа эхнэрийнхээ төрсөн газар болох Булгийн эхэнд очиж хонодог юм. Тэндээс хойшоо 5 км хүрэхгүй газар яваад манай сумын нутаг эхэлнэ. Манайх гурван хүү, хоёр охинтой. Бага охиноос бусад нь бүгд тусдаа гарчихсан.
Хуучин циркийн хашаанд...
Хотод орж ирээд манайх анх хуучин циркийн ажилчдын хашаанд, одоогийн Дашчойлон хийдийн хажууд амьдарч байлаа. Эхнэрийн маань хамаатных тэнд байсан юм. Тэр үед тэр хавь нэл шургааган хашаа л байсан. Циркийн зүүн талд нэг хятад гуанз байсан. Хонины чанасан толгой нь нэг төгрөгийн үнэтэй. Бид мөн ч их авч иддэгсэн. Үнэхээр гоё чанадаг, одоо ч амт нь санагдаж байна.
Циркийн хашаанд байдаг гээд бид дураараа ороод тоглолт үзнэ гэж байхгүй. Сургуультай амьтад, мал хариуцсан Лувсандорж гэж хүн байсан юм, түүнтэй хамт малыг нь харалцаж байгаа хүн болж л хааяа нэг дагаж орно. Тэгээд ч тэнд арслан, бар байдаг гэж биднийг айлгадаг байсан юм.
Яг манай гэрийн буурин дээр одоо Гаалийн газар бий. МУГЖ, алиалагч Ж.Данзан гуай, Б.Содном гуай хоёр манай гэрт эзэн нь юм шиг л байдагсан. Данзан гуай их уран шүү дээ, цоож түлхүүр хийнэ. Манай гэрийн хаалганд дөрвөн түлхүүртэй цоож хийгээд нэгийг нь Балдан ахынд, нэгийг нь надад өгөөд, нөгөө хоёрыг нь тэр хоёр авч явдаг байсан. Тэд эзгүй хойгуур манайд ирээд архи дарс уусан бол гэр орныг минь янзын гоё цэвэрлээд, хоол унд үлдээгээд явсан байдаг. Их хүмүүжилтэй, үгнээс гардаггүй хүмүүс байсан даа, хөөрхий.
1966-1974 он хүртэл Циркийн хашаанд амьдраад, одоогийн 32-ын тойргийн тийш нүүсэн. Тэнд нэг их гоё ногоон зүлгэн дээр жигтэйхэн том хашаа барьсан чинь өвөл газар нь овойгоод хөлдчихсөн. Нэлэнхүйдээ намаг байсан учраас тэр. Тэгэхээр нь Хайлаастын уулан дээр бас нэг том хашаа бариад амьдарч байтал эхнэрийн маань хөдөөнөөс нүүж ирсэн 10 хүүхэдтэй ах өөд болчихлоо. Ингээд бид тэр хашаагаа тэднийд өгөөд, Аж үйлдвэрийн комбинатын Нэхмэлийн шар гэгддэг гурван давхар шар байшингуудын нэг болох 12 дугаар байрны голын орцны I давхарт айлын хажуугийн жижиг өрөөнд нүүн орж байлаа. Тэр үед хүүхдүүд төрөөгүй, эхнэр бид хоёр хоёулхнаа байсан юм. Тэнд нэг их удаагүй ээ, 1976 онд комбинатын Цагаан хаалганы ойролцоох II байранд нүүн очиж, тэнд зургаан жил амьдарсан. Гэхдээ одоо тэр байшинг маань нурааж байгаа. Тэр хавийн байшингуудыг нураагаад шинэ байрууд барьчихсан. Ингээд 1982-1992 он хүртэл 10 дугаар хорооллын 44 дүгээр байранд амьдраад, тэндээсээ Чингэлтэй рүү ирсэн юм шүү дээ.
Үндэсний бөхийн засуулаар 44 дэх жилдээ...
Би Бөхийн холбооны ажилд 1974 оноос оролцож эхэлсэн, тэнд 44 дэх жилдээ ажиллаж байна. Засуул хийнэ, цол гуншин дуудна. Одоо бол Улсын хүндэт засуул гээд хувцсаа буруу өмсдөг, буруу мэх хийдэг, буруу харилцдаг нөхдөд сануулга өгөх зэргээр ажиллаж байгаа.
Шар хагтын ногоон ам...
Бага залуугаасаа л намын янз бүрийн сонгуульт ажил хийсээр ирсэн. Одоо Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн даргаар ажилладаг. Энэ ажлыг 23 дахь жилдээ хийж байна. Манай хэдэн ахмад мод тарих ажлыг сайн дураараа эхлүүлсэн юм. Тэгтэл биднийг дүүргээс дэмжиж, гэрэл цахилгаан татаж өгч, өдөр байх байр барьж өгч, бас худаг гаргаж өгсөн. Хоёр манаачид цалин ч өгдөг болсон. Манай дүүрэг
ногоон дүүрэг болох зорилт тавьсан юм. Тиймээс бид Чингэлтэй хайрханы Шар хагтын аманд гурав дахь жилдээ шинэс, хайлаас, шар хуайс, хар мод зэргийг 8,5 га газарт тарьж байна. Бутлаг ургамал 4000 гаруй, том модод бол 400-гаад бий. Би чинь лам ах нарыгаа л хойт төрөлдөө сайн яваг гээд мод чулуу тарьж явдаг юм шүү дээ...
Нийтлэлийг: Ж.Баярхүү
Нийслэл Guide сэтгүүл №71 / Би энд амьдардаг булан