Төрийн шагналт, МУСГЗ, “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч агсан Ц.Намсрай, Хөдөлмөрийн баатар, МУАЖ Л.Цогзолмаа нарын том охин Төрийн шагналт, МУАЖ Н.Сувд... Нэг гэр бүлийн гуравхан хүний нэрийг жагсаахад л нэр төрөөс нь сүрдмээр. Н.Сувд ажил, амьдралынхаа бүхий л цаг мөчийг их театртайгаа холбосоор ирсэн юм. Сувдын хийж бүтээсэн бүхэн түмний нүдэнд илхэн учир бид энэ удаад түүний бага насны дурсамжаас хуваалцахаар шийдлээ.
Түм түжигнэсэн айл
Би МУИС-ын арын Төв хорооны 23 айлын орон сууцанд амьдардаг байсан. Тэнд миний бага нас өнгөрсөн. Дуурийн театр, Элдэв-Очир кино театр, МУИС болон тэр хавийн байруудыг японы олзлогдсон цэргүүд барьсан гэж ярьдаг. Тэр байруудыг нураахад хүртэл их хүч ордог, маш чанартай баригдсан гэдэг юм. Одоо хажуугаар нь явахад нутгаа эргэсэн юм шиг л сайхан байдаг шүү. Манайд аав, ээжийн ажлын газрын хүмүүс их ирдэг, түм түжигнэж, бум бужигнасан айл байлаа. Л.Мөрдорж, С.Гэндэн, Л.Ванган, Ч.Лодойдамба, Г.Долгорсүрэн гээд том том уран бүтээлчид манайхаар зочилдог байсан ч би хүүхэд байсан болохоор нэг их тоодоггүй байж. Биднийг өсгөсөн буурайг тэд “Шар ээж” гэж авгайлна. Буурай маань тэр олон хүнд хоол хийгээд үйлчилдэг байсан даа. Сонин нь, манайд амьдарч, манайхаар дамжин гарсан хүмүүс, айл их олон байдаг шүү. “Тэр чинь манай хамаатан байсан юм уу” гэж асуухаар аав ээж “үгүй” гэдэг байлаа.
Ихийг сургасан 10 жил
Багадаа явдаг байсан цэцэрлэг маань СТӨ-ний буурин дээр, УДБЭТ-ын арын хашаанд дан шавар байшин байсан юм. Дуурийн театрын хашаанд налуулж тавьсан цэцэрлэгийн гулгуур дээр гараад л ээжийгээ театраас гарч ирэхийг харуулддаг байлаа. Дараа нь Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн II сургуулийг дүүргэсэн. Манай сургууль одоогийн ХУИС-ийн байранд байсан юм. Сүүлд “Төрийн ордны ойр орчимд хүүхэд бужигнаад байна” гээд 11 дүгээр хороолол руу нүүлгэсэн гэж сонссон. Одоо Засгийн газрын ордны ард нээгдэж байгаа цэцэрлэг бол манай сургуулийн сурагчдын хичээлээ давтдаг, тоглодог талбай байлаа. Намайг нэгдүгээр ангид байхад Пионерийн ордон буюу одоогийн Хүүхдийн урлан бүтээх төв ашиглалтад орж тэнд бүжиг, нэхмэл, уран гимнастикийн гэх мэт дугуйлан хичээллэж эхэлсэн. Сүүлд тэр барилгыг намагтай газар барьсан, нурах гэж байна гээд шинээр барилга барьсан нь одоогийн Монголын хүүхдийн ордон. Бид тэр дугуйлангуудад хичээллэхийн сацуу гэр ахуйн хичээл дээр юм оёх, хоол хийх гээд төрөл бүрийн зүйл сурсан. Найм, есдүгээр ангийн хүүхдүүдээр хэвлэх үйлдвэрт Д.Сүхбаатар жанжны үсэг өрдөг байсан тугалган машин дээр үсэг өрүүлдэг байсан шүү. Бас Урт цагааны оёдлын үйлдвэрт оёдолчноор ажиллуулна. Энэ бүхний эцэст, өргөн өмд моодонд орлоо гэхэд өөрөө эсгээд оёчих, цамцаа өөрөө нэхээд өмсчих хэмжээний мэдлэг чадварыг олж авсан даа. Тухайн үед хичээлийн хөтөлбөр хөдөлмөрлөх үйлтэй их холбоотой байсан. Бүр слесарь, мужаан, цэрэгжилтийн хичээл хүртэл орно. Сурагчид Сөгнөгөрийн дэргэд байдаг САА-д хавар ногоо тарих үеэр, намар ногоо хураах үеэр очиж ажиллана. Тэр үед урлаг, уран сайхны хичээлүүдэд Л.Жавзан, С.Жавзмаа, Д.Нанжид, Ж.Нэргүй гээд мэргэжлийн мундаг уран бүтээлчид их туслалцаа үзүүлдэг байж дээ. Жишээ нь, Пионерийн байгууллагын 40 жилийн ойн үеэр нэрт найруулагч Л.Ванган 1000 хүүхдийн тоглолтыг найруулан тавьж байлаа. Тийм өндөр ур чадвартай хүмүүс сургуулийн үйл ажиллагаанд тусалж байсны ачаар олон зүйлийн суурь тавигдсан юм.
Миний хүүхэд нас
Тэр үед одоогийнх шиг тоглоомын төв гэж байгаагүй ч чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх ажлыг зохион байгуулалттайгаар хийдэг байсан. Байрны гадаа мөсөн каток тэр бүр байхгүй учир Энхтайвны гүүрний доор Дунд голын мөсөн дээр, Зайсанд очиж цанаар гулгадаг байлаа. Тухайн үед их л хол юм шиг санагдаж, идэж уух зүйлээ бэлдээд явдаг байсан ч одоо бодоход хотын төвд байжээ. Тэр үед одоогийнх шиг зүлэг тарих бэлэн үр байгаагүй ч юм уу, бид ерхөг, согооврын үр түүж гялгар уутанд хийгээд тушаана. Хотыг зүлэгжүүлэхэд тэрийг ашигладаг байсан юм. Энэ төрлийн ажлыг багш маань зохион байгуулж Хүүхдийн паркийн модыг ч тарьж байлаа. Сурагчдаас эхлээд бүх хүн бямба гараг бүр субботникт хамрагдаж, зүлэг, мод тарина. Мөн хотын дүрэм баримтлах ажилд сурагчдыг дайчилдаг байсан. Бид улаан галстукаа зүүж эргүүлд гараад, явган хүний гарцаар гараагүй хүний өмнө пионерийн ёсолгоогоор тэвхийтэл ёслоод шаардлага тавина. Энэ мэт сайн дурын эргүүлүүд их гардаг байсных ч юм уу, орой үдэш явахдаа айж эмээдэггүй, тайван амгалан байж дээ.
Номын хорхойтон
Тэр үед цөөн ном орчуулагддаг байсан ч “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч байсан аав маань шинээр орчуулагдсан номыг хамгийн түрүүнд авч ирдэг байлаа. Тэр номыг нь шөнө унтахгүй сууж уншдаг, “унт” гээд загнахаар нь хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрч байгаад л уншдаг байсан. Биднийг өсгөсөн буурай маань бичиг үсэггүй хүн байсан ч “Алив уншъя, юу гээд зогслоо?” гэнэ. Бид хэдийгээр түрүүлээд уншсан ч буурайдаа ээлжилж чангаар дуудан уншиж өгдөг байлаа. Ном ховор байснаас ч болсон уу, номд дурлах хүслийг сургуулийн орчин, гэр бүл өгсөн ч юм уу, бид ном унших их л дуртай байсан даа. Оюутан болсон хойноо ч ховор номыг нэг нэгэндээ дамжуулан уншдаг байлаа.
Соёлын довтолгоонд “өртсөн нь”
Соёлын довтолгоон гэдэг том ажил орон даяар өрнөж байсныг би сайн санаж байна. Сургуульд л гэхэд анги бүр ариун цэврийн даргатай, комисстой. Дүрэмт хувцасны цагаан зах, ханцуйны цагаан даавуу, гутлын алчуур зэргийг байнга шалгаж, хэрэв багахан л өлөн хир суучихсан байвал тэр хүүхэд ариун цэврийн тал дээр муу үнэлгээ авдаг байлаа. Хүүхдүүдэд энэчлэн олон шаардлага тавьдаг байсан бол айл өрхүүдэд 2-3 ээлжийн орны цагаан хэрэглэлтэй байх шаардлага тавьж, түүнийг нь тусгай комисс шалгадаг байсан юм. Соёлын довтолгооны комисс ирж үзнэ гээд орны даавуугаа байнга угаахаас залхуураад орон дээр унтахгүй, орныхоо урд газар унтдаг байсан гэдэг онигоо хүртэл бий. Хэчнээн кино, жүжиг үзэж байна, хэчнээн ном уншиж байна, долоо хоног бүр халуун усанд орж байна уу үгүй юу гэдгийг хүртэл шалгадаг байлаа. Гэхдээ энэ ажил маш их үр дүнгээ өгсөн. Хүмүүсийг соёлжуулан боловсруулах тал дээр асар их ажлыг зохион байгуулалттайгаар, бодлоготойгоор хэрэгжүүлж байжээ. Жишээ нь, ажил эхлэх болон тарах үед шугамын автобус цагтаа ирэхгүй, ирсэнд нь олуулаа чихэж, зарим нь зүүгдэж гацуур мод шиг болсон тухай зураг авч “Матар” /сүүлд “Тоншуул” нэртэй болсон/ сэтгүүлд Автобус баазыг шүүмжлээд тавьчихна. Тэр үед хэвлэлд гарсан ямар ч дутагдлыг хариуцах газрууд нь авч хэлэлцэж, дутагдлаа засах төлөвлөгөө гарган ажиллаж, дутагдлаа зассан тухай мэдээгээ заавал нийтлүүлдэг байлаа.
Буурайн дэг
Манай буурай хачин их дэг журамтай хүн байсан. Бид хичээл тарснаас хойш 20 минутын дотор гэртээ ирээд хувцсаа сольчихсон байх ёстой. Хэрэв багахан л хэтэрчихвэл манай буурай гараад гудамжны үзүүрт зогсож байна. Тэгээд “Яагаад хоцров?” гээд л асууна. Бүр хөгжмийн багш н.Цээсэр намайг концертод оруулахын тулд манайд ирж, буурайгаас зөвшөөрөл аваад дагуулж явдаг байлаа. Буурай маань зарим үед зөвшөөрөөд явуулна, заримдаа “Би хүүхдээ бүжигчин болгох гэж танай сургуульд өгөөгүй” гээд багшийг явуулчихна. Буурай маань бидэнд амьдралын хар ухааныг дээд зэргээр эзэмшүүлсэн гэж боддог. Биднийг дэргэдээ суулгаж байгаад “Амьдрал дандаа ийм бэлэн зэлэн, одооных шиг байна гэж битгий бод. Амьдралд янз бүрийн даваа туулна. Ядарсан үедээ гэдэс арилгаад идчихдэг бай” гээд гэдэс арилгах, мах эвдэх, толгой шийр хуйхлахыг зааж өгдөг байсан. Гэрийн энэ хүмүүжил, дунд сургуульд сургасан бүхэн дараа нь амьдралд хөлөө олох, ажил хийж сурахад их нөлөө үзүүлсэн дээ.
Би жүжигчин болно
Би зургадугаар ангидаа зохион бичлэгтээ яагаад ч юм “Би жүжигчин болно” гээд биччихсэн юм. Би нэг л хэлсэн бол түүнээсээ ухарч чаддаггүй зантай. Тэгж бичсэнээс хойш орчуулагч, олон улсын харилцааны мэргэжил хэчнээн сайхан санагдсан ч жүжигчин нь илүү санагддаг болсон. Аравдугаар анги төгсөхөд ангийн багш н.Очир намайг “Их сургуулийн тоо физикийн ангид ор. Чи энэ талдаа илүү” гэж хэчнээн ятгасан ч би хувийн хэргээ бариад шууд л Соёлын яаман дээр очиж шалгалт өгч тэнцээд Кино үйлдвэрийн нэр дээр ОХУ-ын Бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд явсан даа. Энэ сургууль тайз дэлгэцийн бүхий л мэргэжлээр дээд боловсрол олгодог, монголын кино дэлгэцийн болон телевизийн уран бүтээлчдийг бэлтгэхэд гавьяа байгуулсан сургууль. Зөвхөн Монгол гэлтгүй улс улсын сор болсон хүмүүс энэ сургуулийг төгссөн байдаг. Намайг оюутан болж очиход тэнд сурч байсан Д.Тунгалаг, Ц.Туяа, М.Мөрөнгуа зэрэг эмэгтэй операторууд их сайхан хүлээж авсан. Би оросын алдарт “Малый” театрын жүжигчин, найруулагч, бидэнд Чапаевын дүрээр танил болсон Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Борис Андреевич Бабочкины шавь. Би багаасаа орос хэлтэй байсан учраас яриандаа муугүй байсан ч дүрмээ мэдэхгүй учир лекц сонсоод шууд тэмдэглэл хөтлөхөд эхэндээ амаргүй байсан. Тэгээд чадах чинээгээрээ тэмдэглэж аваад шалгалтаа өгдөг байсан даа. Харин төгсөх үед миний тэмдэглэлийг манай ангийнхан, бүр орос хүүхдүүд хүртэл гуйж авдаг болсон шүү. Очингуут I курсэд хөгжмийн онолын хичээл орж, хөгжим сонсгоод шууд л нотло гэдэг юм байна. Би тэрийг нь чадахгүй шүү дээ. Тэгээд ижий аавдаа “Ийм юм хэлж өгч байхгүй яасан юм бэ. Би энд ядарч байна” гээд л захиа бичдэг байлаа. Гэхдээ хүүхдүүдээс хоцрохгүйг, улсынхаа нэрийг муугаар дурсуулахгүйг хичээдэг байсан. Би гэрээсээ хол явж үзээгүй болохоор заримдаа шантарна. Тэгээд шуудан дээр очиж гэрийнхэнтэйгээ ярихдаа уйлаад, бөөн юм болдог байлаа. Яваандаа гайгүй болсон. Тэнд заавал сурах хөтөлбөр гэж байсан юм. Тэр хөтөлбөрийн дагуу аль нэг спортоор зэрэг хамгаалсан байх ёстой. Усан спорт байхад нь “уснаас айж байна”, морин спорт байхад нь “бид моринд сайн, сурах шаардлагагүй” гээд гимнастикийг сонгож, II зэрэг хамгаалж байсан.
Авах, гээхийн ухаан
Би багын зөрүүд хүүхэд байсан. Өөрийнхөө зөв гэж бодсон үед ээж намайг буруутгаж, яаж ч шавхуурдан зодож байхад уйлдаггүй, бууж өгдөггүй байлаа. “Энэ чадахгүй, болохгүй” гэх тусам тэр нь надад хүч өгч, юу нь болохгүй байгааг ойлгоход тус болдог. Хүмүүс муу хэлүүлэх дургүй байдаг, гэхдээ түүнээс авах зүйлээ авах л хэрэгтэй. “Мандухай сэцэн хатан” кинонд тоглоход намайг хүмүүс “орос сургуультай, хөдөөний амьдрал, ёс заншил мэдэхгүй, тоглож чадахгүй” гэцгээсэн. Гэхдээ би тэндээс юун дээр илүү анхаарах хэрэгтэйгээ мэдэж авсан юм. Хоосон магтаад байсан бол надад юу дутагдаж байгааг би олж мэдэхгүй шүү дээ.
Театрт ирсэн нь
Драмын театр анх Залуучуудын ордны зориулалтаар бүх ард түмний хөрөнгөөр баригдсан юм. Одоогийн УДБЭТ-т бүх театр нэг дор үйл ажиллагаа явуулж байгаад 1963 онд драмын театр энэ байранд нүүж ирсэн түүхтэй. Би Кино үйлдвэрийн нэр дээр сургуульд явсан учраас ирээд Кино үйлдвэрт жүжигчнээр орсон. Тэр үед Ш.Цэнд-Аюуш, Н.Дагийранз, н.Элбэгсайхан, н.Довчин, Д.Чимэд-Осор, Б.Дамчаа гээд орчуулгын кино групийн жүжигчид ажилладаг байлаа. Тэнд гурван жил болсны дараа МУУГЗ Р.Доржпалам найруулагч дуудаад “Хүүхдийн театрт “Болд хэрхэн хатаагдсан нь” жүжигт очиж ажилла” гэв. Би яагаад тийш явуулж байгааг ч асуулгүй, тэр жүжигт орж тоглосон юм. Тэр бол төгсөж ирээд тайзан дээр гарсан анхны жүжиг маань байлаа. Тэгээд Кино үйлдвэртээ байж байтал дахин дуудаад “За чи яв, Драмын театрт “Инжгүй хүүхэн”-д тогло” гэлээ. Тэнд тоглож байхад Э.Оюун гуай орж ирээд “Чи дуулах ёстой” гээд намайг их загнаж байсан. Одоо бодоход Оюун гуай намайг жүжигчин болгосон юм байна. Ер нь манай ахмадууд залуу үеэ чирж, чихдэж хүн болгодог байсныг одоо л ойлгож байна даа. Сүүлд Доржпалам гуай “Чамайг театрт шилжүүлнэ, чамайг Монгол болгоно” гэсэн. Би монгол болгоно гэж юу ярьж байгааг ойлгохгүй байсан ч тэр нь театрт шаардлагатай боловсон хүчин бэлтгэх тэдний бодлого байж л дээ. Тэгээд л драмын театрт ирсэн дээ. 1981 онд уран сайхны удирдагч байсан Хо.Нацагдорж гуайн бие муудаад миний ажлыг ав гэхэд нь “Үгүй ээ, би авч чадахгүй” гэхэд “Чадна, чи хийх ёстой” гэж шууд тулгасан. Би чадахгүй гэлээ. Гэтэл “Чи намайг үхнэ гэж бодоод энэ ажлыг авахгүй байна уу? Би эдгээд хүрээд ирнэ, чи ав” гэсэн. Ийм үг хэлж байхад би яаж авахгүй байх вэ, “За за би түр авъя” гэсэн. Үнэндээ тэр хүн эдгэхээргүй өвчин туссан байсан л даа, тэгээд бурхан болсон. Оюун гуай ч “Олон юм ярилгүй чи хий” гэлээ. Ингээд уран сайхны удирдагч болоод миний хамгийн анхны хийсэн уран бүтээл бол Д.Мягмар гуайн “Найрын ширээний ууц” жүжиг. Тэр үед үзэгчид дүүрэн, тасалбар олддоггүй байлаа. Хог ачдаг байгууллагаас “Таван тасалбар өгөхгүй бол хогийг чинь ачихгүй” гэнэ. Бүр коридорт явж байхад хүн “Сайн байна уу” гэхэд нь тасалбар асууж байна гэж бодоод “Байхгүй ээ, байхгүй” гэдэг байсан шүү. 1990-2000 он буюу ард түмний аж амьдрал доройтсон, шилжилтийн хүнд бэрх үед театр үзэгчээ алдсан нь бий. Гэхдээ бусад үед манайх үзэгчдээр өлсөж байгаагүй. Одоо ч танхим дүүрэн хэвээр.
Хот төлөвлөлтийн тухайд...
Дээр үед хотын ерөнхий төлөвлөгөө гэж бидэнд танилцуулдаг байлаа. Би чинь хотын депутат байсан хүн. Дээр үе, одоо үе хэдий өөр ч хотын архитектур, төлөвлөлт их алдагдсан шиг санагддаг. Дэлхийн том хотуудад “эртний хот нь энэ, орчин үеийнх нь энэ” гээд ялгаатай, үгүй юм аа гэхэд хуучин түүхийнхээ хэсгийг хамгаалаад шинэ дүүргүүдийг арай зайдуу барих жишээтэй. Гэтэл манайд одоо арай л хүний толгой дээр байшин барих нь холгүй байна. Үүнийг хот зохицуулах ёстой. Тэгэхгүй бол ямар ч төлөвлөлтгүй хот болчих гээд байна даа.
Нийтлэлийг Б.Болортуяа
Нийслэл Guide сэтгүүл №73/ Би энд амьдардаг булан