Нийслэлийн маань зүрхэн хэсэг болсон Чингис хааны талбайг тойроод зөвхөн бизнес арилжааны гэлтгүй төрийн, соёл урлагийн, банк санхүүгийн байгууллагууд нэгэн дор төвлөрснөөрөө онцлог. Төв талбайг 1921 онд анх бүтээн байгуулахдаа орчин тойронд нь монгол хүний зан заншил, соёлын тусгал шингэсэн байхаар тооцоолжээ. Ерөөс нийслэлийн төв хэсгийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын түүхийг гурван үед хуваан үзэх нь зүйтэй болов уу.
БОГДЫН ХҮРЭЭНИЙ ТӨВ
1921 оноос өмнө Нийслэл хүрээний төв хэсгийн нүүр царай нь Богдын шар ордон байв. Ордны өмнөх том талбайг Богдын өргөн чөлөө, их чөлөө гэж нэрлэдэг байжээ. Тухайн үед хүрээний төвд Даншиг наадам, цам бүжиг, Богд хааны өглөг зэрэг шашинтай холбоотой томоохон баяр ёслол, зан үйл, арга хэмжээнүүд зохиогддог байв. Богдын шар ордны өмнөх их чөлөө тухайн үеийнхээ төв талбай нь байжээ. Богдын шар ордон, түүний өмнөх их чөлөөний дүр төрхийг хааны ордны зураач Жүгдэрийн "Нийслэл хүрээ" зургаас тодхон харж болно. Богд хаан Шар ордондоо амьдардаггүй ч төрийн зарим үйл хэргээ энд явуулдаг байжээ. Уг төв хэсэг одоогийнхоор Их сургуулийн гудамж, Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн урд хэсэг юм.
АРДЫН ХУВЬСГАЛЫН ТӨВ
1921 оны хувьсгалчид тухайн үеийн хүрээний төв байсан Богдын шар ордны өмнөх өргөн чөлөөнд ард нийтийн цуглааныг хийсэнгүй. Харин түүний урдах гол чөлөөнд улаан хүрэн өнгийн модон индэр засч, Ардын засаг тунхагласныг уг индэр дээрээс нийтэд зарлажээ. Ингэж тэд шинэ төв талбайг байгуулсан бөгөөд тэр нь хуучнаар Д.Сүхбаатарын, одоогийнхоор Чингис хааны талбай юм. Ийнхүү Богдын өргөн чөлөө ач холбогдлоо алдаж, хотын төв талбайн байршил ч засаглалаа дагаад өөрчлөгдөв. Шинэ төв талбайг байгуулахаас өмнө тус газарт буюу гол чөлөөнд Түшээт хан, Манж амбаны хорооныхон хогоо асгадаг байсан бөгөөд 1921 оны хоёрдугаар сард Барон Унгерн Нийслэл хүрээнийхний олон жилийн хур хогийг цэвэрлүүлж, амьсгалахад илүү дээр болгосон тухай бид сэтгүүлээрээ мэдээлж байсан. 1927 онд унгерийн иргэн Иосеф Гелетагийн зураг төслөөр баригдсан анхны үндэсний театр "Бөмбөгөр ногоон" буюу Ардын цэнгэлдэх хүрээлэн хотын шинэ төвийг хуучин төвөөс зааглаж сүндэрлэн босчээ. Ардын засгийн газрын захиалгаар бүтээгдсэн, Орос, Хятадын нөлөөллөөс бүрэн чөлөөлөгдөж өөрийн гэсэн өнгө төрхтэй болсон улс орноо магтан дуулсан агуулга бүхий монгол жүжгүүдийг тус театрт тавьж, үзэл суртлаа түгээж байв. Үндэсний театрт УИХ ч хуралдаж, ерөөс улс төрийн олон чухал ажлын эхлэл энд тавигдсан байдаг.
Аливаа хотын төв талбай дурсгалт хөшөөтэй байдаг. Тэгвэл 1930 онд жанжин Д.Сүхбаатарт зориулж төв хэсгийн хамгийн анхны хөшөөг Эрхүүгийн алдарт зураач К.И.Померанцевийн зураг төслөөр "Бөмбөгөр ногоон" театрын хашаанд босгожээ. Хожим нь энэ суварга хэлбэртэй хөшөөний загвараар монголын зарим аймагт цөөнгүй хөшөө баригдсан нь өдгөө ч бий. Тухайн үед манай төр захиргааны байгууллагууд одоогийн МУБИС-ийн А байранд байрлаж байв. 1931 онд Ардын хувьсгалын 10 жилийн ойг тохиолдуулан Засгийн газрын ордон, Намын төв хороо уг байранд зэрэгцэн орж үйл ажиллагаа явуулах болов. Харин дэлхийн II дайны дараах Энх цагийн бүтээн байгуулалтын үр дүнд төв талбайг тойрсон ерөнхий дүр зураг гарсан байна. Төрийн ордон, Төв номын сан, УДЭТ, Хөрөнгийн бирж буюу тухайн үеийн Элдэв-Очирын нэрэмжит хүүхдийн кино театр, Нийслэлийн Засаг даргын тамгын газар байрлаж буй барилга буюу "Алтай" зочид буудал, Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн барилга, МУИС, ГХЯ зэрэг 20 гаруй обьектийг олзны япон цэргүүдээр бариулсан байна. Мөн энэ үед буюу 1946 онд төв талбайн дунд Д.Сүхбаатарын хөшөөг босгож, төв талбайг Д.Сүхбаатарын нэрэмжит болгожээ. Д.Сүхбаатарын морьтой хөшөө нь монгол урчуудын хийсэн орчин цагийн анхны томоохон хөшөөнүүдийн нэг юм. Учир нь, уг бүтээлийн зураг төсөл Х.Чойбалсангийн захиалгаар, тухайн үед хэлмэгдэж шоронд сууж байгаад гарч ирсэн лам С.Чоймболын мутраар бүтээгджээ. 1946 онд Сүхбаатарын хөшөөний нээлтийн үеэр Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд төв талбайг Сүхбаатарын нэрэмжит талбай болгож буйг олон нийтэд зарлажээ. Харин 1947 онд одоогийн Төрийн ордны барилгын суурийг олзны япон цэргүүд тавьж, монгол барилгачид барьж дуусгажээ. Төрийн ордонг 1951 онд ашиглалтанд оруулсан бөгөөд барилгын зураг, баримал, чимэглэлийг уран барималч С.Чоймбол гүйцэтгэж, хожим нь Төрийн шагнал хүртжээ. 1954 онд Төрийн ордны цогцолборын нэг хэсэг - бунхант индэр баригдсан байна. Энэ бунханд жанжин Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсан нарын занданшуулсан шарилыг байрлуулсан бөгөөд хөдөлмөрчид, зочид төлөөлөгчид амралт, баяр ёслолын үеэр бунхан руу орж хүндэтгэл үзүүлдэг байжээ. Бунханд байх Сүхбаатарын шарилыг жинхэнэ Сүхбаатар мөн эсэх талаар эргэлзээ, цуу яриа хотын иргэдийн дунд нэлээд байсан. Мөн Москвагийн Улаан талбайгаар зочилсон хүмүүсийн яриагаар бол Лениний бунхантай загвараараа төсөөтэй ч өнгө нь өөр байсан бололтой.
Төв талбай руу орох үүдэн хэсэгт Дуурийн театр, Элдэв-Очирын хүүхдийн кино театр гэх соёл урлагийн байгууллагуудаа төвхнүүлсэн нь тухайн үеийн эрх баригчдын бүтээлч хандлагыг харуулдаг болов уу. Гадаадын иргэд соёл урлагаар нь дамжуулан Монголтой танилцаж, хойморт суугаа Төрийн ордонтой "золгох" ёс заншлыг тэд ийн бүрдүүлжээ. Харин нийслэлийн төв хэсэг хэмээгдэх одоогийн Бага тойруу, Их тойруугийн дүр зураг 1954 оны ерөнхий төлөвлөгөөгөөр хийгдсэн байна. Эдгээрийн бүтэц, зохион байгуулалтад хуучин Нийслэл хүрээний хэлбэрийг ашигласан байдаг. 1959 онд Бага тойруу, Их тойрууг ид бүтээн байгуулж байх үед хуучны заншлаар Төрийн ордны өмнөх хэсэгт цэцэрлэгт хүрээлэн, мөн стадионыг барьжээ. Нийслэлчүүд Богдын шар ордноос урагш сунасан өргөн чөлөөн дээр Даншиг наадмаа хийдэг байсан бол социализмын үеэс эхлэн төв талбайгаас сунасан парк дахь стадионд эрийн гурван наадмаа хийж баясан цэнгэх болсон байна.
ОРЧИН ҮЕИЙН НИЙСЛЭЛИЙН ТӨВ
2002 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх V ерөнхий төлөвлөгөөг батлан гаргасан нь анх удаа хотынхоо ерөнхий төлөвлөгөөг оросуудын тусламжгүй өөрсдөө боловсруулсан явдал байлаа. 2004 оноос эхлэлтэй газрын хувьчлалаас болж социализмын үед хэрэгжсэн Улаанбаатар хотыг хөгжүүлэх I-IV ерөнхий төлөвлөгөөний үеийн хотын төв хэсгийн төлөвлөлтийн үзэл санаа алдагдаж, шинэ байшин барилгуудыг хуучин объектуудын хажуу зайнд "чихэж" барьжээ. Аливаа нийслэлийн downtown буюу бизнесийн төв хэсэг хуучин төвөөсөө зайдуу баригдаж, тэр хавийн орчноо хөгжүүлдэг бол манайхан талбайгаасаа гадагш гарч чадаагүй юм. Гэвч нэгэнт ингээд баригдчихсан архитектурыг бид одоо өөрчилж чадахгүй учир нийслэлчүүд маань эсрэг тэсрэг контрастаас сэтгэлийн таашаал авдаг болсон биз ээ. Нийслэл хүрээ, социализмын үед баригдсан объектуудын хажууханд шилэн цамхаг сүндэрлэх нь эстетикийн хувьд таарамжгүй ч сонин содон харагддаг.
Тэгвэл 1987 онд эстетикийн хувьд хамгийн тохиромжтой баригдсан барилга бол Соёлын төв өргөө юм. Гаднах үзэмжийг нь Дуурийн театртай хоршуулахын тулд баганатай барьж, цагаан буюу завсрын өнгөөр будсан байдаг. Орчин үеийн нийслэлийн төв хэсгийн түүх Их эзэн Чингис хааны мэндэлсний 840, Их Монгол улсын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд "Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө"-г байгуулах шийдвэр гарсантай холбоотой. 2005 онд уг өргөөг төрийн ордны урд талд залган байрлуулж, хуучин бунхант индрийг буулган Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын шарилыг Алтан-Өлгийд шилжүүлэн нутаглуулсан байна. "Их эзэн Чингис хааны хөшөө цогцолбор"-ын төв хэсэгт Их эзэн Чингис хааны, баруун хэсэгт Өгөөдэй хааны, зүүн хэсэгт Хубилай хааны хөшөөг тус тус байрлуулж, Монголын их хаадыг төлөөлсөн цогцолбор хөшөө болгон бүтээжээ. Хөшөө баримлын эх загварыг МУУГЗ Л.Болд зохиож, МУЭХ-ны уран бүтээлчдийн хамт урласан юм. Ингэж төв талбай дээр Чингис хааны ч, жанжин Д.Сүхбаатарын ч хөшөөг нэгэн дор байрлуулсанд олон хүн эгдүүцсэн билээ. Саяхан Сүхбаатарын хөшөөг буриадын уран бүтээлч Даши Намдаковын урласан хөшөөгөөр солино гэх яриа явагдаад өнгөрсөн. Энэ яриа намжсаныг бодоход хэрэгжихгүй болсон юм болов уу даа.
Харин ердөө ч намжихгүй байгаа яриа бол төв талбайн нэр билээ. 2013 оны долдугаар сарын 15-нд НИТХ-ын хуралдаанаар Сүхбаатарын талбайн нэрийг Чингис хааны талбай болгон өөрчилсөн. Өнгөрсөн хугацаанд МАН-ынхан төв талбайн хуучин нэрийг сэргээх гэж хөөцөлдсөн ч бүтээгүй билээ. Тиймээс жанжин Сүхбаатарын үр удмынхан гомдол гаргаж, шүүхэд хандсан юм. Анхан шатны шүүхийн шийдвэрээр Сүхбаатарын талбайн нэрийг Чингисийн талбай гэж солих нь буруу болохыг тогтоосон бол давж заалдах шатны шүүхийн шийдвэр сүүлд өгсөн нэрийн талд гарсан байна. Ийнхүү нийслэлчүүд маань төв талбайгаа хэний нэрээр нэрлэхээ өөрсдөө шийдэж чадаагүй тул шүүхийн эцсийн шийдвэрийг хүлээх л үлдлээ. Бодь цамхаг, Сэнтрал Тауэр, Блью Скай зэрэг бизнесийн, мөн хотын захиргааны шинэ оффис Хангарьд баригдаж, өнөөгийн төв хэсгийн дүр төрх бүрдсэн юм. Ингэж олон төрлийн байгууллага нэг дор байршихын давуу тал бол хамтын ажиллагааны нягтаршил байдаг. Дэлхийн том хотуудад элбэг тохиолддог "өнчин" барилгын ганцаардал манай нийслэлийн төвд лав тохиохгүй байх. Гэвч хотын төлөвлөлт гэх зүйл алдагдаж, төв хэсэг маань дэндүү шахуу болсон нь илт. Ямартаа ч дээрх бүтээн байгуулалтыг дүгнэхэд, манай томоохон объектуудын үндэс суурь нийслэлийн төв хэсгээс л үүтгэлтэй ажгуу.
Улаанбаатар хотын музейтэй хамтран бэлтгэв.