Дэлхийн II дайны дараа Монгол дахь бүтээн байгуулалтын ажил дахин эрчимжиж эхэлсэн юм. Үүнийг "Энх цагийн бүтээн байгуулалт" гэж нэрлэдэг.
Сайд нарын зөвлөлийн 47 дугаар хурлаар 1946 онд Улаанбаатар хотын төвийн хэсгийг шинэчлэн байгуулах урьдчилсан ерөнхий төлөвлөгөө батлагджээ. Уг төлөвлөгөөнд хотын төв ба хөл хөдөлгөөн ихтэй гол гудамжуудыг 24-30 метр өргөн, ердийн гудамжуудыг 15-22 метр өргөн байхаар бодож, хотын төв хэсэгт барих барилгыг хоёроос дээш давхар байхаар төлөвлөн, барилгуудыг төвийн хэсэгт нягтруулан барих, хотыг ногооруулах, цэцэрлэгжүүлэх ажлыг баруун тийш Холбооны яам /одоогийн Төв шуудан/ хүртэл үргэлжлүүлэх, Их сургуулийн гудамж ба бусад гудамжинд мод тарих ажлыг хийж гүйцэтгэхийг заажээ.
Ийнхүү 1945-1950-иад онд Д.Сүхбаатарын талбайн зүүн хойно МУИС-ийн барилга, түүний баруун талд 72 айлын сууц /анхны уурын халаалт, дэлгүүр, цэцэрлэг, холбоо, үйлчилгээтэй орон сууц/, талбайн зүүн хэсэгт Улсын төв театрын барилга, түүнээс урагш Гадаад яамны байшин, Төв поликлиник, арай зүүн талд нь Нэгдүгээр амаржих газар, төв талбайн баруун өмнө хэсэгт Улсын нийтийн номын сан, Х.Чойбалсангийн өвлийн ордон /одоогийн Маршал харш/, талбайн баруун талд Элдэв-Очирын нэрэмжит кино театр /одоогийн Хөрөнгийн бирж/, Алтай зочид буудал /одоогийн Нийслэлийн Засаг даргын тамгын газар/, хоймор талд нь Засгийн газрын ордны барилгыг барьсан юм. Эдгээр барилгыг барьж байгуулахад олзлогдсон япон цэргүүдийн хүчийг ашигласан байдаг.
1946-1951 онд Улаанбаатар хотод Энх цагийн бүтээн байгуулалтаар баригдсан эдгээр барилга дараах онцлогтой байв.
Ингээд Энх цагийн бүтээн байгуулалтаар Улаанбаатар хотын төвийн хэсэгт баригдсан барилгуудтай танилцъя.
Х.ЧОЙБАЛСАНГИЙН ӨВЛИЙН ОРДОН
Уг барилгыг улс төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин, ХХ зууны Монголын удирдагчдын нэг Х.Чойбалсанд зориулан, архитектор Н.М.Шепетильниковын 1943 онд зохиосон зураг төслөөр 1947 онд барьж ашиглалтад оруулсан юм. Х.Чойбалсангийн өвлийн ордон, 30 дугаар байр, Маршалын өргөө хэмээн нэрлэгддэг тус байшинд тэрбээр 1952 он хүртэл амьдраад насан өөд болжээ.
МУИС-ИЙН ХИЧЭЭЛИЙН ТӨВ БАЙР
МУИС-ийн барилгыг ЗХУ-ын архитектор Н.М.Шепетильниковын зураг төсөл, инженер Гуреевичийн удирдлагаар 1943 оноос эхлэн барьж, зүүн хэсгийг нь 1947 оны гуравдугаар сард, баруун хэсгийг нь дөрөвдүгээр сард, гол хэсгийг нь долдугаар сарын 1-нд хүлээн авч ашиглалтад оруулжээ. Энэ барилга нь дөрвөн давхар, дээрээ цамхагтай, дугуй хэлбэртэй гол хэсэг нь 36 метр, гаднаа олон баганатай, хойд болон зүүн захын барилгууд нь гурван давхар болой. Их сургуулийн төв барилгыг барихад 1945-1947 онд японы 700 олзлогдсон цэргийг дайчлан оролцуулжээ.
АЛТАЙ ЗОЧИД БУУДЛЫН БАРИЛГА
ЗХУ-ын архитектор Н.М.Шепетильниковын зураг төслөөр 1946-1948 онд баригдсан уг барилгад 1964 он хүртэл Монголын орчин үеийн анхны зочид буудал “Алтай”, 1964 оноос өнөөг хүртэл Улаанбаатар хотын захиргаа байрлаж байна.
ЭЛДЭВ-ОЧИРЫН НЭРЭМЖИТ ХҮҮХДИЙН КИНО ТЕАТР
Уг барилгыг монголын анхны орчин үеийн кино театрын зориулалтаар 1946-1948 онд ЗХУ-ын архитектор М.С.Яшвины зураг төслөөр барьжээ. Сонирхуулахад, уг зураг төслөөр 1958 онд ЗХУ-ын Уфа хотын Ялалт кино театрыг барьсан байдаг. 1948-1990 он хүртэл Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кино театр байсан дээрх барилгад 1990 оноос хойш Монголын хөрөнгийн бирж үйл ажиллагаа явуулж байна.
ГАДААД ХЭРГИЙН ЯАМ
Гадаад харилцааны яамны барилгыг ЗХУ-ын архитектор Н.М.Шепетильников, В.Шульгин нарын зураг төслөөр 1946-1948 онд барьжээ.
УЛСЫН ТӨВ ТЕАТР БУЮУ ДУУРИЙН ТЕАТР
1940 онд Улсын төв театрыг барьж байгуулах тухай Сайд нарын зөвлөлийн тогтоол гарч, хөрөнгө нь төсөвлөгдсөн боловч эх орны дайны улмаас хойшлогдсон байна. Ингээд 1946 оны зургадугаар сарын 28-нд суурийн чулууг нь тавихад Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар оролцсон түүхтэй. Улсын төв театр буюу одоогийн ДБЭТ-ын барилгын зураг төслийг ЗХУ-д амьдарч байсан фашизмыг эсэргүүцэгч, герман архитектор Герхард Козель 1945 онд зохиосон бөгөөд 1946-1949 онд Улсын барилга трестийн барилгачид, японы олзлогдсон цэргүүд барьж ашиглалтад оруулжээ.
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДОН
1946-1951 онд барьсан уг барилгад ЗХУ-ын Ворошиловск хотын Зөвлөлүүдийн ордны барилгын зураг төслийг ашигласан боловч барилгын хэмжээ, хийц, даацын конструкци зэргийг монголын нөхцөлд тохируулан ихээхэн өөрчилсөн байна. Засгийн газрын ордны анхны өргөтгөлийг 1958-1961 онд, хоёр дахь өргөтгөлийг 1981 онд хийжээ. 1954 онд ордны урд хэсэгт Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын шарилын Бунхант индэрийг барьсан бөгөөд түүнийг 2005 онд буулгаж, оронд нь 2006 онд Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор, Чингис хааны хөшөөг барьж байгуулсан юм.
ТӨВ НОМЫН САН
Тус барилга нь Монгол улсын үндэсний хэмжээний номын сангийн зориулалтаар барьсан анхны барилга юм. ЗХУ-ын архитектор Н.М.Шепетельниковын зураг төслөөр 1946-1951 онд барьж, ашиглалтад оруулжээ.
1946-1947 онд барилгын ажилд 200 орчим олзлогдсон япон цэргийг дайчлан оролцуулсан юм.
Нийтлэлийг Г.Очбаяр (Улаанбаатар хотын музей)
Нийслэл Guide сэтгүүл №74 / Улаанбаатар хотын ой санамж