Түүхэн ач холбогдол, хүндэт оршин суугчдаараа алдартай барилгууд манай нийслэлд цөөнгүй. Хажуугаар нь өнгөрөхөд сүр жавхаа, донж, хэв маягаараа хараа булааж, өөрийн эрхгүй сонирхол татдаг байшингуудын нэг гэвэл Засгийн газрын ордны арын Арктай шар байшин юм. Энэ байшинд нийслэлийн анхны сэхээтнүүд амьдарч байсныг бид мэднэ. Арктай шар байшинд олон жил аж төрсөн айлуудын нэг гэвэл зураач Н.Санчирынх билээ. Тэрбээр УДБЭТ-ын анхны дарга, МУТШ, Ардын зураач Л.Намхайцэрэнгийн хүү гэдгээрээ олонд танигдсан. Тэднийх шиг нийслэлд 4-5 үеэрээ амьдарч буй гэр бүл ховор. Бид түүнтэй нийслэлийнхээ дөнгөж баригдаж байх үеийн дүр төрх, дэггүй хүүхэд нас, мөн анх хэрхэн Арктай шар байшинд гал голомтоо бадраасан тухай нь хуучиллаа.
Хятад хорооллоос 40 мянгат руу нүүсэн нь
Миний аавын талынхан Богд хаадын ойрын шадар хүмүүс байжээ. Өвөөг маань зоогой зам хийдэг байсан гэлцдэг. Ихэс дээдсийн хоол унданд нууцаар хор хийх явдал түүхийн бүхий л үед байсан шүү дээ. Тиймээс хаад ноёд хамгийн ойрын хүмүүсээрээ зоогой зам хийлгэдэг байжээ. Өөрөөр хэлбэл, зоогой зам гэдэг нь Богд хааны бүх хоол, ундыг хариуцаж, хаантанг зоог барихын өмнө хоолыг нь түрүүлж амсдаг хүнийг хэлдэг аж.
Аав маань Нийслэл хүрээнд Сэлбэ голын ойролцоо богд хааны албаны хүмүүс суудаг хороололд төрж өсчээ. Харин би аавыг хуучин Лениний музейн ойролцоо Сангийн хороонд хятад хороололд амьдарч байхад нь төрсөн юм. Тухайн үед хятад хорооллуудад маш цөөхөн монголчууд аж төрдөг байв. Тэнд орой болохоор гудамжны дааман хаалгыг хаачихдаг учир дээрэм томуул гэж үгүй, зах замбараатай, эмх цэгцтэй байсан юм. Манайх хятад тогоочтой байсныг би тод санадаг. Үзэл суртлын улмаас хятадуудыг хөөж гаргаагүй байсан үе л дээ.
Би бусдын л адил гудамжинд тоглож, хотоор тэнүүчилж, үе тэнгийнхээ хөвгүүдтэй ноцолдож, нөхөрлөж өссөн. Тухайм үед монголчууд өвөлдөө хотод алба хашаад, зунд нь малаа маллаад хөдөө гарчихдаг байсан юм. Байшинг чийгтэй гэж голдог болохоор хот дотроо ч гэрээ бариад амьдарчихдаг байв. Н.Чүлтэм гуайм "Учиртай гурван толгой" дуурийн тайзны зураг дээр шаттай өндөр тавцантай, хоёр манаач арслантай ноёны гэр харагддаг даа. Монголчууд тиймэрхүү маягаар хүрээ гэрт амьдардаг байсан юм. Харин Нийслэл хүрээ маань Улаанбаатар хот болж хувирахад оросууд бидэнд маш их түсалсан. Тэд газрын гүний шинжилгээний бүхэл бүтэн институт томилж, 1990-ээд он хүртэл энд ажиллуулсан байдаг. Улаанбаатарын хөрс эрс тэс өөр болохыг оросууд л оношилж илрүүлсэн. Хотын ерөнхий төлөвлөгөө гарч байхад 40-50 мянгатыг бариад л бүх хүн орон сууцтай болчихно гэж тооцоолж байсан гэдэг. Бод л доо, хот тийм цөөхөн хүнтэй байж...
"Бага байхдаа би наиз нартайгаа хамт баригдаж байгаа байшингуудаар тэнүүчлэх дуртай байв. Манаач нарт буудуулах шахам хөөгдөж туугдан гүйнэ. Энэ хот бидий нүдэн дээр л боссон доо."
Манай гэр бүлийнхэн Дөчин мянгатын анхны оршин суугчид. Аав тэр үед театрын даргаар ажиллаж, харин би дөнгөж 12 нас хүрч байлаа. Хашаан дотроо зураг зурж, тоглож, эрх дураараа гүйж харайдаг байсан хөвгүүн байшингийн гуравдугаар давхарт нүүж орсноос хойш гадагш гарах бүртээ зөвшөөрөл авах хэрэггэй болж, эрх чөлөөгөө их л үгүйлж байж билээ.
Бага байхдаа би найз нартайгаа хамт баригдаж байгаа байшингуудаар тэнүүчлэх дуртай байв. Манаач нарт буудуулах шахан хөөгдөж туугдан гүйнэ. Энэ хот бидний нүдэн дээр л боссон доо.
Дөч, Тавин мянгат дөнгөж баригдаж байх үед засмал замгүй байсан. Бид гадаа гарахдаа хүзүүний ороолтоор амаа ороож, нүдээ нисэгчийн шилээр хамгаалахгүй бол салхи шуурахаар элс шороо босч, юу ч харагддаггүй байж билээ. Сүхбаатарын талбай, Нэгдүгээр сургуулийн урдуур гарсан замыг Сталины гудамж гэж нэрлэдэг байв. Тэнд л анхны асфальтан зам тавигдсан даа.
Дөч, Тавин мянгатынхан бие биеэ сайн мэддэг байлаа. Тэнд бидэнтэй хамт Явуухулан, Гайтав, Цэдэв, Ядамсүрэм, Аюурзана, Дүгэрсүрэн, Даваацэрэн гээд олон сайхан хүмүүс оршим суудаг байсан. Намайг тэр хавьтай юу холбож байсан бэ гэвэл мэдээж хөршүүд маань. Одоо тэндхийн хуучцуулаас маш цөөхөн хүн л үлдэж дээ. Хааяа Их дэлгүүрээр хэсч явахдаа ач, гучаа дагуулсан ганц нэг хүнтэй л тааралддаг.
Бага байхад Дуурийн театр шиг гайхалтай байшин байгаагүй. Аав тэнд ажилладаг болохоор ах бид хоёр театр дотор л өсч торнисон. Театрын өрөө, хонгил бүхэн биднийг ямар нэгэн адал явдал руу хөтөлдөг байлаа. Нэг өдөр бид гүйлдэж яваад жижиг хэрэглэлийн өрөөнд ортол дайны дараа үлдсэн зэр зэвсгийн агуулах болгочихсон байв. Тэнд бяцхан хөвгзздийн зүүдэнд нь ч орохооргүй зэвсгүүд байсан. Сэлэм, хутгаас эхлээд гар буу, пулемет хүртэл тэнд байсан. Хамгийн аймшигтай нь, буунууд сумгүй хэдий ч эвдэрч хэмхрээгүй, сайн ажиллаж байсан юм. Тоглож байгаад яаж бие биеэ хөнөөчихөөгүй юм...
Марк, пянз цуглуулах хообий
Аавыг Германд сурч, боловсрол эзэишсэн болохоор Дотоод яам насаар нь хараа хяналтандаа байлгасан. Эсэргүү, тагнуул гэхчлэн элдвээр хэлүүлж, хардагдаж сэрдэгдэж явсан даа, аав минь. Гэвч энэ бүхэн биднийг марк цуглуулж, барууны хөгжим сонсож, хориотой уран зохиол уншихыг зогсоож чадаагүй юм. Аав 1958 онд Социализмын режимтэй байсан европын орнуудаар нэгэн том үзэсгэлэнг ганцаараа бүтэн жил авч яваад ирэхдээ "Филателия" гэх чехийн сэтгүүлийг авчирч байлаа. Сэтгүүл дээр олон улс орны марк цуглуулагчдын тухай бүхий л мэдээлэл, хаяг нь хүртэл байсан болохоор бид удаан бодолгүй тэдэн рүү захидал илгээж, марк солилцож эхэллээ. Марк цуглуулагчдын хувьд монгол марк шиг ховор нандин зүйл гэж үгүй. Тиймдээ ч ертөнцийн өнцөг булан бүрээс бидэн рүү захидал илгээдэг байсан. Гэхдээ тэдгээр захидлын хэд нь бидний гарт ирж байсныг мэдэхгүй. Дотоод яамныхан тэр болгоныг шалгаж, шүүдэг л байсан байлгүй. Удалгүй тэд аавыг маань дуудаж, маркийн солилцоогоо зогсоохыг тулгасан. Аав энэ бүх хэргийг эхлүүлсэн ах бид хоёрыг "Та хоёроос боллоо" гэж зэмлэж, цуглуулгыг маань тараалгуулсан түүхтэй.
Манай гэрт сонгодог хөгжим байнга эгшиглэнэ. Аавын маань пянзны цуглуулганд Моцарт, Бетховен, Брамсын симфони гээд олон сайхан хөгжим байлаа. Дотроо радиотой, Philips брэндийн шкаф шиг том хар пянз тоглуулагч манайд байсан юм. Тэр үедээ л ховор нандин эд. Тэгэхэд бусад айлд патефон л харагддаг байлаа. Би одоо ч гэсэн гэртээ Youtube-ээр дэлхийн радиогийн сонгодог хөгжмийг сонсох дуртай. Дуугаралтын чанар нь маш өндөр, зааланд суугаад сонсож байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг болохоор нь тэр. Гэхдээ МИНИЙ сэтгэл зүрхийг энэтхэг хөгжим үүрд эзэмдсэн.
Гадаадад суралцсан нь
1960-аад онд улаанбаатарчууд боловсон жорлонтой болчихсон байхад Прагад тийм зүйл нэвтрээгүй байсан юм шүү. Би Чехословак улсын урлаг үйлдвэрлэлийн дээд сургуульд сурч байхдаа зургадугаар давхар хүртэл нүүрс, усаа зөөдөг байсан. Орон сууцны бүх айл нүүрсээр байшингаа халаахад амьсгалахад их бэрх болно. Одоогийн гэр хорооллын утаа униараас ч долоон дор. 1968 онд сүргуулиа төгсөөд нутаг буцах дөхөж байтал Чехийн хувьсгал дэгдсэн. Тэрэнд оролцоод, хувьсгалын тухай ойлголттой болж, оросуудтай зөрөөд л гэрийнхээ зүг явсан даа. Тэгээд нийслэлдээ хөл тавилаа. Ямар дүр зураг намайг угтсан бэ гэвэл, Дөч, Тавин мянгат баригдаад дуусчихсан, хятадуудыг хөөчихсөн, зөвхөн оросуудтай найзлаад эхэлчихсэн, хүмүүсийн бие биеэ хардаж сэрддэг явдал улам хүчээ авчихсан, УИД-т хүн авдаггүй бөс даавуу, дотоодын үйлдвэрлэлийн гутал үлдчихсэн, бусад бараа таваар нь дуусчихсан байсандаг. Би Прагад сурч байхдаа тэндхийн Дүрслэх урлагийн академид шалгалт өгөөд тэнцчихсэн байсан боловч суралцаж чадаагүй. Намайг нутгаас минь дуудсан учир буцсан юм. Тэнд олон архитектор, зураач, урлаг судлаач найзтай болсон доо. Хэрэв би зураач болоогүй бол архитектор л болох байсан гэж боддог. Гурван жилийн дараа Орост И.Е.Релиний нэрэмжит Дүрслэх урлагийн академид монументалист мэргэжлээр суралцсан. Төгсчихөөд нийслэлийн бүтээн байгуулалтын төсөл ажлыг санаачилж, санал болгож үзсэн. Гэвч тухайн үед би барилгын гоёл чимэглэлийн ажил л хийдэг байлаа.
Гал голомтоо бадраасан минь
Би эхнэртэйгээ 1978 онд гэрлээд, ахынхаа байранд байж байгаад төр засгаас өгсөн Лениний нузейн хойд талын угсармал байранд хэдэн жил амьдарсан. Дараа нь Арктай шар байшин руу нүүгээд, тэр хавиасаа ахиж холдоогүй. Би үргэлж энд л амьдрахыг хүсдэг байсан юм. Энд маш сайн хүмүүс амьдардаг байлаа. Жишээ нь, манай орцонд Дамдинсүрэн гуайнх байсан юм. Тэдний бага хүү Мишка бид хоёр нэг ангид сурч байлаа. Би багадаа арктай байрны автобусны буудлаас сургууль руугаа явж, хичээлээ тараад мөн л тэндээ буугаад, үеийнхээ хөвгүүдтэй ноцолдож тоглож байгаад орой болсон хойно харьдаг байсан. Бүтэн хувцастай гэртээ орж ирнэ гэж үгүй. Гутал, хувцас, цүнх бүгд урагдчихна. Мэдээж ээждээ загнуулна. Гэхдээ ингэж өссөндөө би их баярладаг юм. Одооны хүүхдүүдийг төгсөх анги хүртэл гараас нь хөтөлж таксинд суулгах юм байна шүү дээ.
"Арктай шар байшин маш их түүхтэй барилга. Шуудангийн марк дээр дүрслэгдсэн анхны барилга юм шүү дээ."
Манайх аркийн яг дээд талын цагаан тагттай орон сууцанд гал голомтоо бадраасан. Гаднаас нь харахад хоёр жижиг цонхтой өрөө бий. Харин хашаа руугаа харсан талд нь миний урлан байсан юм. Энэ орон сууцны эохион байгуулалтыг архитектор Б.Чимэд өөрийнхөө гэр бүлд зориулж хийсэн гэдэг. Манай анхны архитекторуудын нэг, оросын еврей эхнэртэй хүн байсан юм. Түүний бүтээлүүд дунд жанжин Д.Сүхбаатарын мавзолей, Улаанбаатар зочид буудлын зураг байсан гэлцдэг.
Арктай шар байшин маш их түүхтэй барилга. Шуудангийн марк дээр дүрслэгдсэн анхны барилга юм шүү дээ. Энд жирийн хүмүүс амьдарч байгаагүй учраас маш олон домог, цуу яриа бий. Гэхдээ тэр бүхнийг би хов жив шиг л хүлээж авдаг.
Хэдэн жилийн өмнө урлангийн цонхоор тусдаг нарны гэрлийг халхлаад зургаан давхар байшин барьчихсан л даа. Тэгээд шинэ байшин руу нүүхээс өөр аргагүй болсон. Хуучин байраа зарчихсан юм. Одоо миний амьдарч байгаа байрны дотоод зохион байгуулалт хоёр айлд зориулагдсан байсан юм. Би үүнийг өөрчлөөд дөрвөн өрөөтэй болгож, нэг том өрөөнд нь урлангаа байрлуулсан байгаа.
Нийслэл хүрээ. Улаанбаатар хот
Аав маань бүхий л насаараа зөвхөн зураг зурахыг л мөрөөддөг байсан. Гэвч албан ажил нь зураг зурахад садаа болдог байлаа. Аав маань өөрийнхөө дурсамжинд тулгуурлан Нийслэл хүрээ болон Улаанбаатар хотын сэдэвтэй хэд хэдэн зураг зурсан байдаг. Тэр дундаас би хэдийг нь гэртээ өлгөсөн. Мөн хоёр жилийн өмнө Улаанбаатар хотын музейд зургуудаар нь "Нийслэл хүрээ. Улаанбаатар хот" гэсэн нэртэй үзэсгэлэн гаргасан. Аавынхаа зургуүдыг харахаар яг тэр үед эргэн очсон юм шиг санагддаг.
Ер нь европ, азийн соёл, суурин иргэншлүүдийн талаар монголчууддаа ойлголт өгч, түгээн дэлгэрүүлэхийн төлөө сэхээтнүүд маань ихээхэн хүчин зүтгэл гаргасан байдаг. Европын сослыг хүлээж авахад бид урьд нь огт бэлэн байгаагүй шүү дээ. Тиймдээ ч Д.Нацагдоржийн шүлэг, бүтээлүүдэд ариун цэврийг сахих тухай үг үгүүлбэр цөөнгүй байдаг биз.
Гэр хорооллыг орон сууцжуулах талаар би өөр бодолтой байдаг. Дэлхий дээрх хамгийн сүүлчийн нүүдэлчин ард түмэнг яагаад орон сууцны зээлээр хашиж, эрх чөлөөг нь боох хэрэгтэй гэж?! Орчин үеийн техник технологийн дэвшлээр ертөнцийн хаана ч байсан илгээмж авч, хашаа байшингаа ухаалаг төхөөрөмжүүдээр тоноглож болдог болсон шүү дээ. Монголчуудын хувьд малгүйгээр амьдрал урагшилдаггүй байсан. Тийм ч байх болно.
Нийслэлийнхээ бүтээн байгуулалтыг хийхдээ бид аль болох чихцэлдэлгүй, зай талбайгаа зүй зохистой ашиглах хэрэгтэй. УДБЭТ-ын хамаг сүр жавхааг дараад Сэнтрал Тауэрыг барьсанд би их дургүй байдаг. Хотынхоо соёлыг бусдад сурталчлах цаг ирсэн гэж үзэж байгаа бол хуучин барилгуудаа засч янзлах хэрэгтэй. Урт цагаан гэх мэт түүхэн гудамжууд өнөөдөр ямар байдалтай байгааг анзаараарай. Түүхээ хүндэтгэн үздэг нийслэл бүхэн барилга байшингуудыг сэргээн засварлах мэргэжлийн газартай байдаг. Тийм л зүйл манайд дутагдаж байна. Гандангаас цааш хөдөө болчихсон цаг үед Бага тойруугаараа л сэтгэл уужуу алхах юм даа.
Ярилцлагыг: З.Ариунболор
Гэрэл зургийг: О.Төгсбилэг
Нийслэл Guide сэтгүүл №54 / Би энд амьдардаг булан