Нэг. УЛААНБААТАР ХОТ БАЙГУУЛАГДАХААС ӨМНӨХ ҮЕД ХОЛБОГДОХ ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛУУД
1.1. Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх археологийн дурсгалууд
Улаанбаатар хот байрлаж буй Алтан тэвшийн хөндийд 1778 онд Их Хүрээ, одоогийн Улаанбаатар хот ирж суурьшсанаас өмнөх үед холбогдох археологийн олон дурсгалууд бий. Тэдгээрээс одоогоор мэдэгдэж байгаа хамгийн эртний дурсгал нь 300 мянган жилийн өмнөх үед холбогдох чулуун зэвсэг, бууц суурингууд бөгөөд чулуун зэвсгийн үеийн уг дурсгалууд Залаатын ам, Зайсан толгой, Маахуур толгой, Буянт-Ухаа, Шар хад, Сонгинохайрхан уул зэрэг газруудаас олджээ.
Монгол оронд археологийн судалгааны ажлыг эхлүүлсэн хэмээн үздэг Хаант Оросын эрдэмтэн Н.М.Ядринцев 1889 онд Их хүрээгээр дайран өнгөрөхдөө Амбан ханы хороонд байсан хүн чулуун хөшөөний талаар тэмдэглэн үлдээсэн байдаг. Түүнээс хойш гаднын судлаачид Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх дурсгалуудыг судлан шинжилж бүртгэсэн нь цөөнгүй байна. Тухайлбал: 1924-1925 онд П.К.Козловын удирдсан Монгол-Төвдийн судалгааны анги Улаанбаатар хот орчимд буюу Туул голын сав дахь археологийн зарим дурсгалыг бүртгэн шинжилж, материал цуглуулжээ. 1948-1949 онд С.В.Киселевийн удирдсан археологийн экспедицид оролцсон А.П.Окладников, Н.Сэр-Оджав нарын анги Зайсан толгой, Маахуур толгой зэргээс хуучин чулуун зэвсгийн үеийн бууц олсон байдаг. 1949 онд археологич Х.Пэрлээ Сонгинохайрхан уулын өвөр дэх Туулын Хар Түнийн Ван ханы ордны туурийн анхны тандалт судалгааг хийжээ. Түүнээс хойш тус ордны туурийг 1966 онд археологич Д.Навааны оролцсон судалгаа шинжилгээний анги, 2003 онд Япон, Солонгосын эрдэмтэд, 2006 онд археологич Д.Навааны удирдсан эрдэм шинжилгээний баг тандалт, малтан судалгааг хийжээ. 1960-1966 онд А.П.Окладников, Н.Сэр-Оджав, Д.Дорж нарын зэрэг монгол зөвлөлтийн археологич эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй Монголын чулуун зэвсгийг судлах анги Монгол Улсын бараг бүх аймгийн нутгийг хамарсан хайгуул судалгаа явуулж, Улаанбаатар хотын ойролцоох Богдхан, Сонгинохйархан, Буянт-Ухаагийн дэнж, Шар хадны дэнж зэрэг газраас палеолитын үеийн дурсгалыг илрүүлэн олжээ. 1960-аад оны эхэн үеэс Монгол-Унгарын хамтарсан археологийн шинжилгээний анги ажиллаж 1961 онд Н.Сэр-Оджав Т.Хороват нар Улаанбаатар хотын ойролцоох Сэлбийн голын хөндийд буй хүннүгийн үеийн 11 булшнаас хоёрыг малтан шинжилсэн байна. 1970-аад онд Монгол, Зөвлөлтийн археологийн хамтарсан шинжилгээний ангийнхан Хүрхрээгийн Баруун Богинын ам дахь зургаан булшийг илрүүлж, хоёрыг нь малтан шинжилсэн байна. 1981 онд археологич Д.Наваан, Т.Санжмятав нар Сонгинохайрхны Дадарт уулнаас монголын үеийн булш малтан алтан бүстэй эрийг олсон байна. Харин хамгийн сүүлд 2013-2015 онд ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн ухааны сургууль, Хүмүүнлэгийн салбарын археологийн экспедици Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 23 дугаар гудамж дахь Хүннүгийн жирийн иргэдийн оршуулгын 29 дурсгалыг олж илрүүлэн, археологийн авран хамгаалах малтлага судалгаа хийсэн.
2015 оны түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын үзлэг, тооллогоор Улаанбаатар хот орчмын Гачуурт, Улиастай, Тэрэлж, Богдхан, Сонгинохайрхан, Ар Гүнт, Шижир, Зүүн салаа, Тариан булаг, Байдлигийн гол зэрэг газруудаас 63 дэсийн 301 ширхэг археологийн дурсгал буюу хиргисүүр, дөрвөлжин булш, тахилга тайлгын байгууламж, хадны зураг, хүн чулуу, хүннү, монгол, түрэг булш, эртний хотын туурь зэргийг бүртгэн авч, соёлын өвийн мэдээллийн санд оруулсан. Энэ нь археологийн дурсгалуудыг бүртгэн авсан бүрэн тоо биш бөгөөд цаашид хот орчмын газруудад бүрэн хэмжээний хайгуул судалгаа хийвэл энэ тоо нэмэгдэх нь зайлшгүй юм.
Эдгээр бүртгэн авсан археологийн дурсгалууд нь Улаанбаатар хотын нийт түүх, соёлын үл хөдлөх дурсгалын 65 хувийг эзэлж байгаа бөгөөд археологийн дурсгалууд дотроос 95 хувь нь хүрэл ба төмрийн түрүү үед холбогдох булш, оршуулгын дурсгал юм. Багахангай, Баянгол, Чингэлтэй дүүргээс бусад бүх дүүргийн нутаг дэвсгэрт археологийн дурсгалууд хадгалагдаж байна. Тэдгээрээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хамгийн их археологийн дурсгал байдаг бөгөөд нийт археологийн дурсгалын талаас илүү хувь нь байна.
Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс хаяагаа тэлэх тусам хот орчмын археологийн дурсгалуудад төдий хэмжээгээр аюул занал, эрсдэл учирч буй юм. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэгт: “Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, газар тариалан эрхлэх, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохоос өмнө палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулна” гэж заасан ч шинэ төлөвлөлтийн бүсүүдэд археологи, палеонтлогийн авран хамгаалах хайгуул, судалгааны ажил хийгдэхгүй байгаа юм. Энэ нь ойрын жилүүдэд Улаанбаатар хот орчмын археологийн дурсгалуудын хадгалалт, хамгаалалт, цаашлаад тэдгээрийг устгахад хүрч болзошгүй учирч болох хамгийн том эрсдэл юм.
Хот орчмын бүсэд буй археологийн дурсгалуудаас хамгийн анхаарал татсан дурсгал нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Туулын Хар Түнийн ордны туурь юм. Тус ордныг судлаачид Монголын нууц товчоонд гардаг Ван хан Тоорилын ордон мөн гэж үздэг бөгөөд түүнийг нас барсны дараа Чингис хаан өөрийн дөрвөн ордны нэг болгосон гэдэг.