Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Д.Сүхбаатарын талбай |
---|---|
Адил утгатай нэр: | Төв талбай, Индэрийн талбай |
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Төрийн ордны урд хэсэгт |
Солбицол: | N47 55 07.8, E106 55 03.6 |
Дурсгалын төрөл: | Дурсгалт газар |
Түүхэн үе: | Богд Хаант Монгол Улсын Нийслэл Хүрээний үе (1912-1924) |
Талбайн хэмжээ: | Урт: 211 м, Өргөн: 1965 м |
Түүхэн үйл явдлууд: | 1921 оны 7 дугаар сарын 11-нд Нийслэл Хүрээний гол чөлөөний зүүн өмнө этгээдэд (одоогийн Дуурь бүжгийн эрдмийн театрын өмнө) модон индэр байгуулж, эндээс Ардын хувьсгалын ялалтыг зарлан тунхаглажээ. |
Улаанбаатар хотын төв талбай бол 1921 онд Индрийн талбай нэртэйгээр үүссэн шинэ талбай юм. Тус газар нь 1921 оноос өмнө Богдын залрах зам дайран өнгөрдөг, олон хороодын дундах гол чөлөө байжээ. Тийм ч учраас эргэн тойронд нь байгаа хорооныхон хогоо асгадаг газрын нэг байв. 1921 оны хоёрдугаар сард Барон Унгерн фон Штернберг Нийслэл Хүрээг Хятадын гамин цэргүүдээс чөлөөлж, бууж өгсөн гамин цэргүүдээр 150 гаруй жил урхагшсан Хүрээний хогийг цэвэрлүүлжээ.
1921 оны долдугаар сарын 11-нд Нийслэл Хүрээний гол чөлөөний зүүн өмнө этгээд, одоогийн Дуурь бүжгийн эрдмийн театрын өмнөхөн улаан хүрэн өнгөтэй модон индэр байгуулж, эндээс Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улс ба Ардын хувьсгалын ялалтыг зарлан тунхаглажээ. Ийнхүү Ардын хувьсгалын нөлөөгөөр Нийслэл Хүрээнд шинэ төв талбай үүсч, Хүрээнийхэн энэхүү гол чөлөөг Индрийн талбай хэмээн нэрлэх болжээ.
1927 оны долдугаар сарын 11-нд Д.Сүхбаатарын талбайн зүүн хойд хэсэгт Ардын цэнгэлдэх буюу “Бөмбөгөр оройт” театрын үйл ажиллагааны нээлт болсны дээр 1930 онд Ардын хувьсгалын есөн жилийн ойгоор К.И.Померанцовын зураг төслөөр Бөмбөгөр ногоон театрын өмнө Д.Сүхбаатарын анхны хөшөөг байгуулжээ. Мөн 1929-1930 онд Хэвлэх үйлдвэр, В.И.Лениний нэрэмжит клуб, Засгийн газрын хоёр давхар барилга (одоогийн Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн хичээлийн төв байр), 1934 онд Радио, Холбоо, 1936 онд МАХН-ын Төв хороо зэрэг томоохон барилгыг талбай тойруулан барьжээ. 1930-аад оны сүүлчээр хотын төвийг шинэчлэн байгуулах анхны зураг төлөвлөгөөгөөр талбайг тойрсон хуучин сүм дуган, хашаа байшингийн заримыг буулгах буюу сул чөлөөтэй талбарт тохилог шинэ барилгууд барихаар төлөвлөж талбайн урдуур анхны цардмал замыг тавьсны дээр 1940 оны намраас эхлэн хотын төв цэцэрлэгийг үүсгэн байгуулсан байна.
1945 онд Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны 31/27 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотын төв хэсгийн зохион байгуулалтын тухай төлөвлөгөө” батлагдав. Уг төлөвлөгөөний дагуу Сүхбаатарын талбайг шинэчлэн байгуулах ажлыг нийслэлийн иргэдийн өргөн субботникоор эхэлжээ. 1946 оны зургаадугаар сарын 15-ны өдөр явагдсан тэр өргөн субботникт Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал тэргүүтэй нам засгийн удирдагчид, зөвлөлтийн мэргэжилтэн, хотын олон мянган иргэд оролцож Төв театрын барилгын сууриас Д.Сүхбаатарын талбайд 3 цагийн дотор 6000 м3 шороо зөөн тэгшилжээ. Тийнхүү төв талбайг цардаж түүний дунд жанжин Д.Сүхбаатарын хөшөөг барьж босгожээ.
Д.Сүхбаатарын талбайг тохижуулах ажлыг маршал Х.Чойбалсан гардан удирдаж, эргэн тойрных нь хэмжээг өөрөө зааж өгсний дээр энэ талбайн хойморт төрийнхөө шинэ ордныг бариулж 1951 оноос үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын төрийн Шар ордон Нийслэл Хүрээний гол хэсэгт, Зүүн хүрээний төв дунд Богдхан уул, хатан Туул гол руу харуулсан байрлалтай байсан түүхэн уламжлалыг үндэслэн төрийнхөө шинэ ордныг одоогийн Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн “А” байрнаас Д.Сүхбаатарын талбайн хойморт шилжүүлсэн байна.
Түүхт энэ талбай нийслэл Улаанбаатар хотын шинэчлэн байгуулалтын бэлгэ тэмдэг болж түүнийг тойрсон Засгийн газрын ордон (1946-1951 он), Улсын дуурь бүжгийн театр (1946-1949), Алтай зочид буудал (1946-1948 он, одоогийн Улаанбаатар хотын захиргааны байр), Элдэв-Очирын нэрэмжит кино театр (1946-1948 он, одоогийн Хөрөнгийн бирж), Улсын нийтийн номын сан(1946-1951 он), Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн ордон (1954-1955 он) зэрэг томоохон барилгууд сүндэрлэн босжээ.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор буюу 2006 онд их эзэн Чингис хааны хөшөө цогцолборыг Төрийн ордны урд, төв талбайн хойморт байгуулсан юм. 2013 оны долдугаар сард Д.Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилж их эзэн Чингис хааны нэрэмжит талбай болгосон ч 2016 оны есдүгээр сард талбайн нэрийг дахин Д.Сүхбаатарын талбай хэмээн нэрлэсэн.
Төв талбайд 1921 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй цэргийн жагсаал хийж, 1946 оноос Д.Сүхбаатарын хөшөө, 2006 оноос Чингис хааны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж байна.
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалаас, УБ., 1976
Дашдаваа Ч., Сүхбаатарын хөшөөний үнэн түүх, УБ., 2010
Пүрэв О., Монгол төрийн голомт, УБ., 2004
Пүрэв О., Сүхбаатар О., Нийслэлийн өв соёл, УБ., 2006