Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Богд хааны ногоон ордон |
---|---|
Адил утгатай нэр: | Шаравпэлжээлин сүм, Билгийг хөгжүүлэн бадруулагч сүм |
Хаяг байршил: | Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Богд Жавзандамбын гудамж, Зайсангийн гудамжны уулзварын баруун хойд талд |
Солбицол: | N47 53 13.8, E106 54 55.5 |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Богд хааны ордон музей |
Дурсгалын төрөл: | Сүм хийд |
Түүхэн үе: | Манжийн үеийн Их Хүрээ (1706-1911) |
Баригдсан он: | 1893-1903 |
Хийц, загвар: | Хятад загвар зонхилсон |
Анхны зориулалт: | VIII Богд Жавзандамбын зуны ордон |
Бүрдэл хэсэг: | 20 |
Материал: | Мод, чулуу |
Хамгаалалтын зэрэглэл: | Улсын хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоол |
Хамгаалалтын бүс тогтоосон он, шийдвэр: | Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоол |
Хамгаалалтын бүсийн хэмжээ: | 5,7 га |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Шаравпэлжээлин (төвөд: shes rab 'phel rgyas gling),Монголоор "Билгийг хөгжүүлэн бадруулагч хийд", нийтийн дунд нэршсэнээр бол "Ногоон ордон". Өгүүлэн буй Ногоон ордон бол Богд хааны дөрвөн ордноос харьцангуй бүтнээрээ үлдэж хоцорсон цорын ганц дурсгал бөгөөд өдгөө Богд Хааны Ордон музей нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсын ууган музейн нэг юм.
Ордон анх байгуулагдсан нь
VIII Богд Жавзандамба хутагт Туул голын хөвөөн дээр “Шаравпэлжээлин гэдэг ногоон сүм ордонг харагчин могой жил (1893)-ээс эхлэн барьж 1906 онд дуусгасан байна. 1892 онд Дэчингалавын хэрмэн дэх Богдын ордон шатсан тул Туул голын хөвөөнд дахин бариулахаар болсон хэмээн Ж.Өлзий гуайн бичсэн нь үнэнд илүү нийцтэй юм. Ногоон ордны урд талын гурван асарт үүдэн дээрх Манжийн хаанаас олгосон “илэрхийлэх бичиг” хэмээх баясгалант есөн луугаар тойруулан чимсэн, хөх модон самбар дээр баруун талд нь Бадаргуулт төрийн гучин гуравдугаар он(1907)-ы гурван сард, зүүн талд нь “Наймдугаар үеийн Жавзандамба хутагт”, гол дээд талд нь “Зарлигаар шагнасан” гэсэн Монгол бичиг бүхий мөн түүний доохно томоор “Сайныг цэнгэлдэн хүртээхүйеэ дуртай” гэсэн монгол, манж, төвөд, хятад дөрвөн үсгийн алтан бичээстэй байна. Энэ хугацаанд тус ордны Махранзын сүм, Эрдэм итгэмжит сүм, Бурхадын сангийн сүм, Номын сангийн сүм, Лаврин сүм, Алаг бойвын (зарим сурвалжид Ловон чинбын) зэрэг сүмүүдийг барьсан байна. Уул сүмийн барилгуудад хэрэглэх модон материалуудыг Дархан Чин Ван Пунцагцэрэнгийн хошуу нутаг Зүүнбаянгаас бэлтгэх ба хэрэглэх шохойг мөн хошууны Цагаанбулаг хэмээх газраас бэлтгэхээр шийдвэрлэжээ. Шаравпэлжээлинг барихад түмэн шар тэрэг мод орсон. Модыг хаалгач лам Жанчив, Зайсан лам Жанцан нар хариуцаж бэлтгэсэн. Сүмийн барилгыг Тэжаан зайсангийн пүүс голлон, туйпуу будгийн ажлыг Амгалангийн Хан овогтын пүүс хариуцан барьжээ. Мөн 1903 оноос 1905 онд Өвлийн ордон буюу европ маягийн хоёр давхар цагаан байшинг Оросын II Николай хааны бэлэглэсэн зураг төслийн дагуу Их хүрээн дэх Оросын консулын газраас эрхлэн Цэцэн хан аймгийн буриад барилгачдаар бариулсан байна.
Манж Чин гүрний эзэн хаан буруу номтны байшин бариуллаа гэж зэм хүртээж байсан учраас байшингийн дээвэрт алтан ганжир байрлуулж, хананд нь бадамлянхуа цэцгэн хээ зуруулж нэмэлт засвар хийлгэж тэрхүү хэл амыг дарж байсан гэдэг. Энэ байшиндаа VIII Богд Жавзандамба хатан Дондогдуламын хамт 20 орчим жил өвлийн улиралд амьдарч байжээ. Энэ ордон бол баригдсан цагаас эхлэн Дондогдулам хатны хамт амьдарсан ордон тул өмнөх Богдуудын ордны байдлаас илт өөр жинхэнэ айл гэрийн ёсоор тохижуулсан өвөрмөц сайхан ордон байлаа. Ногоон ордны цогцолбор нь хэд хэдэн удаа өргөтгөл хийгдэж шинэ барилга байгууламжууд нэмэгдэн баригдаж байсан юм. Манжийн эрхшээл ноёрхлыг эсэргүүцсэн монголчуудын эрх чөлөөний тэмцэл 1911 оны сүүлээр ялалтаар төгсөж VIII Богд Жавзандамбыг Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээлшгүй эрхт эзэн хаанаар өргөмжилсөн юм. Энэхүү түүхэн үйл явдалд зориулж 1912-1919 онд Амгалан-Энхийн хаалгыг бариулжээ. Хаалгын зураг төслийг уран барилгач “зоригт” цолтой Баажав тэргүүтэй Санжид, Тэжаан нар зохиожээ. Хаалга бариулсан даамал түшмэлүүд уг хаалгыг бариулсаны дараа ихээхэн шан харамж хишиг хүртээх зорилгоор томоохон найр хийх төлөвлөгөөтэй байсан боловч Богд хаан үүнийг зориуд үл анхаарч, ердөө заан маллагч гэлэнгээр равнай өргүүлээд өнгөрсөн гэх мэдээ бий. 1913 онд өвлийн ордонтой залгуулан хувцасны сангийн барилгыг, мөн Богдын бор зааны өвлийн байшинг хашааны баруун хэсэгт тус тус бариулсан байна. Энд бас мухар тэрэгний граж байсан тухай мэдээ бас байдаг. Туул голын хойд талд Дунд голын өмнүүрх өндгөн сүргийн бэлчээрт Богд хааны гурван ордон байсан ба зүүн талд нь Гунгаадэжидлин (Цагаан ордон), баруун талд нь Хайстай лаврин (хүрэн ордон) тус тус байсан ба дунд нь Шаравпэлжээлин байрлаж байжээ. Иймээс Шаравпэлжээлин ордонг хүмүүс голын сүм, зарим бүтээлд дээд сүм гэхчилэн тэмдэглэсэн байхаас гадна уг ордны дээвэр нийлэнхүйдээ ногоон вааран дээвэртэй байсан учраас ард олны дунд “Богдын Ногоон ордон” гэж нэрлэгдэж заншжээ.
Ногоон ордны зуны мөргөлийн сүмүүдэд Богд хаан зуны улиралд зөвхөн шашин номын мөргөл бясалгал үйлдэх зорилгоор ашиглаж байсан. Тухайлбал, Эрдэм итгэмжит сүмд Шаддүвлин хийдээс 16 эрдэм чадал бүхий лам нарыг авчруулж “Найдан чог” хэмээх номыг хуруулдаг байсан гэх ба үүнээс улбаалан уг сүмийг Найдан сүм гэж нэрийдэх бий. Эрдэм итгэмжит сүмийн баруун, зүүн өмнө буй Жүдхэн (Энгийн хийцтэй сүм, байшинг хэлнэ. Үндэс дамжлагын байшин ч гэх нь бий) сүмд Богд хааны бараа бологчид байрладаг байсан бололтой. Харин бурхадын сангийн сүмд орон нутгаас ирсэн төлөөлөгчдийг хүлээн авдаг байсан гэх ба энэ нь улс төрийн бус шашны төлөөлөгчид байх магадлалтай. Номын сангийн сүмд хэдэн мянган ном судар (зарим сурвалж, аман мэдээнд 8000 орчим ном судар байсан гэдэг) хадгалдаг байсан ба VIII Богд энд судар номоо уншдаг байжээ. Энд хадгалагдаж байсан судар номыг хожим судар бичгийн хүрээлэнд шилжүүлсэн ба улмаар Судар бичгийн хүрээлэнгээс Улсын төв номын санд шилжүүлсэн байдаг. Мөн номын сангийн сүмд тухайн үеийн ордны дотоод ажлын тайлан, эд агуурсын бүртгэл, тооцоо зэрэг гар бичмэлүүд хадгалагддаг байжээ. Лаврин (Хутагт хувилгаадыг орд, ордныг хэлнэ.) сүмд Богд хаан мөргөл бясалгалаа үйлддэг байсан бөгөөд сүмийн дээд оройн гуравдугаар давхар нь алтадмал зэсэн дээвэртэй байсан ба Богд хааны гол шүтээн Очирдара бурханыг залдаг байсан байна.
Өвлийн ордон нь хоёр давхар модон шалтай, уурын халаалттай, цахилгаан гэрэлтүүлэгтэй байсан ба европ, хятад, монголын төрөл бүрийн уран сайхны болоод үнэт эдлэлүүдээр дүүрэн байсан аж. Хуучны зарим сурвалжаас үзэхэд шалан дээрээ эсгий дэвсээд эсгийний дээр сайн чанарын хивс дэвссэн, ханаараа туурган торготой байсан бололтой байдаг.
Барилга байгууламжын хийцийн хувьд зуны ордон нь дорно дахины хэв маяг зонхилдог бол, Өвлийн ордон нь Орос загварын барилга болно.
Өгүүлэн буй Ногоон ордон бол Монголын түүхэн дэх хамгийн чухал үйл явдлын гэрч болон үлдсэн юм. Энэ ордон нь Манж Чин гүрнээс тусгаарлан салах Халхын ноёдын санаачилгыг эхнээс нь дэмжиж, “Монгол овогтон” бүгдээр нийлж нэгэн улс болон тогтнох тухай лүндэн буулгаж, анхлан халхын алтан ургийн хан ноёдоор, дараа нь Барон Унгернаар, сүүлд ардын засгийн газраар нийт гурвантаа Монгол Улсын хаанд өргөмжлөгдөсөн зэрэг олон түүхэн үйл явдлын гэрч болжээ. Хаан өргөмжлөх ёслолд Богд хааныг эл ордноос нь залж төрийн ордонд ёсолж байсан юм. 1923 онд Улсын Эх дагина Дондогдулам, 1924 онд Богд хаан тус тус таалал төгссөнөөр Ардын засгийн газрын шийдвэрээр Богд хааны хөрөнгийг тоолж битүүмжилжээ.
Ардын хувьсгалаас хойшхи хааны ордон
1921 онд Үндэсний ардчилсан хувьсгал ялснаар Монгол оронд нийгмийн үзэл санаа болон соёлын хувьд шинэ үе эхэлсэн юм. Уг хувьсгалын дараахан буюу 1921 оны 11 дүгээр сарын 19-нд Монгол Улсын Засгийн газар Судар бичгийн хүрээлэнг байгуулсан бөгөөд шинэ тулгар байгуулагдсан энэхүү судар бичгийн хүрээлэнгийн олон талт үйл ажиллагааны дотор музей байгуулах асуудал чухал байр эзэлж байжээ. Энэ тухай Засгийн газрын 1921 оны 11-р сарын 22-ны өдрийн хуралдаанаар баталсан судар бичгийн хүрээлэнгийн анхны дүрмийн нэгдүгээр зүйлд “...хүрээлэнгийн газраа музей хэмээх зүйл бүрийн сонин зүйлийг хураан олон хүн үзэж танихуйд тус болгоно” гэж зааснаас тодорхой байна . Энэ нь Монголын музейн тухай өгүүлсэн анхны түүхэн баримт бичиг юм.
Улмаар 1924 оны эцсээр Монголын шинэ цагийн анхны музей үүдээ нээсэн бөгөөд тэр үед Улсын анхдугаар их хурлын төлөөлөгчид сонирхон үзсэн байна. Шинэ тулгар байгуулагдсан музейн сан хөмрөг өдөр ирэх тусам өргөжиж байр сав нь хүрэлцэхээ больсон тул 1926 онд Ардын Намын Төв Хороо, Засгийн газар улсын музейг үүсгэн тохижуулах товчоог байгуулсан бөгөөд уг товчооны 1926 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолоор “VIII Богд Жавзандамбын эзэмшилд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейд шилжүүлэн улмаар Богдын өвлийн ордонд музейг өргөтгөн байгуулах шийдвэр гаргасан байна. Мөн оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор, Улсын музейг Богд хааны өвлийн ордонд байгуулах шийдвэр гарчээ.
Тийнхүү уг шийдвэрийн дагуу 1924 онд анх байгуулагдсан Улсын музей одоогийн Монгол Улсын Боловсролын их сургуулийн орчим байрлаж байсан таглагар дээвэртэй, төвөд дуганы загвартай жижиг дүнзэн байшингаас Богд хааны өвлийн ордон руу нүүжээ. Богд хааны өвлийн ордны барилгын өнгө будаг, өрөө тасалгааг музейн зохион байгуулалтад тохируулан засч янзалсны үндсэн дээр үзмэрээ төрөлжүүлэн ангилах журмаар дэлгэн тавьсан байна. Музейг байгуулах, үзмэр цуглуулах дэглэх том хэмжээний ажилд Н.Дэндэв, зөвлөлтийн эрдэмтэд П.К.Козлов, В.И.Лисовский, Б.Я.Владимирцов зэрэг мэргэжилтнүүд оролцож байжээ. Үзмэрийн анхны дэглэлтийг 1926 онд хийж музейн үзмэр үзүүллэгийн тасаг болгон үзүүлжээ. 1927 оноос музейд албан ёсоор орон тооны ажилчидтай болсон байна. Музейн үзмэрийн бүртгэлийг анх хөтөлж монгол, орос хэл дээр бичсэн баримтуудыг цэгцэлсэн.
Музейн үзмэрийн анхны тооллогыг 1936 онд хийжээ. Музейн сан хөмрөг үзмэрийг баяжуулах ажил хийж албан байгууллага, хувь хүнд хандсан албан бичиг тоот явуулах ажил хийсэн. Феодалын хөрөнгө хураалтаар музейн сан хөмрөгийн бурхан тахил, урлаг, угсаатны зүйн бүтээлээр баяжуулсан. Музейн үзмэр дэглэлтийг өргөтгөж байгаль, газарзүйн олдвороор баяжуулж “Орон нутаг судлах музей” нэртэй болсон. 1940-өөд оноос орон тоо, боловсон хүчний хувьд нэлээд бэхжижээ.
Улмаар 1954 онд МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 464/46 дугаар тогтоолоор Улсын төв музей байгуулах шийдвэр гарч тус музейд байрлаж байсан Улсын төв музейг нүүлгэж, хааны ордонд Богд хааны ордон музей байгуулах болж үзмэр дэглэлтийг өөрчлөх шаардлага гарч Өвлийн ордонг анхан төрхөнд нь оруулах засварын ажил эхэлсэн. Энэ үеэс Улсын төв музейн харьяа болж үйл ажиллагаагаа явуулах болсон.
1961 онд Богд хааны ордон музей хэмээгдэх болж үзмэр дэглэлтийг шинээр хийсэн. 1961 онд зуны мөргөлийн сүмүүдийг сэргээн засварлах ажил явагдсан. Тус музей нь Соёлын яамны Музейн удирдах газрын харьяа болж үйл ажиллагаагаа явуулж байсан. 1969, 1980 онд улсын тооллого зохион байгуулж сан хөмрөгийг тоолж байжээ.
Өнөө үеийн Богд хааны ордон музей
1990 онд Музейн удирдах газар татан буугдсанаар музейн харьяалал өөрчлөгдөж тэр үеийн Соёл урлагийн хороонд харьяалагдах болжээ. 1992 онд музейн нэрийг өөрчилж Шашны түүхийн музей нэртэй болж, нийгмийн өөрчлөлтийн дагуу нэг намын үзэл сурталаас татгалзаж урьд өмнө баримталж байсан музейн тайлбар сурталчилгааг түүхэн бодит үнэн дээр тулгуурлан явуулах болсон. Музейг үзэх гадаадын жуулчдын тоо эрс ихсэн АНУ, Японы жуулчид тэргүүлэх байр эзэлж байв. 1992-1996 онуудад Монгол Улсаас гадаадын улсуудад гаргах үзэсгэлэнгүүдэд тус музей шилдэг үзмэрүүдээ оролцуулсан. Тухайлбал 1993 онд Францад, 1995-1996 онд АНУ-ын Сан Франциско, Вашингтон, Денвер хотуудад, 1996 онд БНСУ-ын Сөүл хотод гарсан үзэсгэнгүүдэд тус музейн үзмэрүүдийг оролцуулсан байна.
1997-1998 онд музейн үзмэрийн улсын ээлжит тооллого явагдсан. 1998 онд Японд, 1999 онд Нидерланд, 1999-2000 онд Австралид гарсан үзэсгэлэнгүүдэд оролцов. 2000 онд Шашны түүхийн музей татан буугдсан тул Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей тус тусдаа үйл ажиллагаа явуулах болсон. 2002 онд Дэлхийн хөшөө дурсгалын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Номын сангийн сүмийг сэргээн засварлаж, мөн онд Английн Төвөдийн сангийн төсөлд хамрагдсан. 2005 оноос эхэлж Хосгүй үнэт үзмэрийн зэрэглэл тогтоох ажил эхэлсэн. 2005-2007 онд “Чингис хаан ба түүний залгамжлагчид” нэртэй ХБНГУ, Австри, Турк, Унгар улсад гарсан үзэсгэлэнд тус музейгээс шилдэг хосгүй үнэт үзмэрүүд оролцуулах болсноор гадаад ажиллагаа шинэ шатанд гарав.
Богд хааны ордон музей нь 1926 оноос хойш 92 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Монгол Улсын ууган музейн нэг юм. Тус музей нь ёслол хүндэтгэлийн талбай, 7 сүмээс бүрдэх зуны ордны цогцолбор, өвлийн ордон гэсэн хэсгүүдээс бүрддэг.
БАЙГУУЛАМЖУУД:
ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ТАЛБАЙ
Зуны ордны үүдний хэсгийг ёслол хүндэтгэлийн талбай нэмээн нэрийддэг. Уг хэсэгт хаант төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд зориулсан цогц дурсгал байрладаг. Үүнд халхавч хаалга, асарт гурван хаалга, чаган, Амгалан-Энхийн хаалга зэрэг багтана. Уг талбайд төрийн чухал ёслол арга хэмжээний үеэр Богд хаан болон Улсын эх дагиныг угтах, үдэх зэрэг ёслолыг зохион байгуулдаг байжээ.
ЯМПАЙ БУЮУ ХАЛХАВЧ ХААЛГА
Ямпай буюу халхавч хаалгыг манжийн хаанаас зарлигаар зөвшөөрсөн сүмд барьж байгуулдаг байсан байна. Уг халхавчийг Шаравпэлжээлин буюу Билгийг хөгжүүлэн бадруулагч хийдийн өмнө талд хөх тоосгоор босгож хээ чимэглэлийг ингэмэл баримлаар урлажээ. Дээр нь хос лууны дүрсийг оруулан дүрсэлж уул ус амьтадын дүрслэлийг ингэмэл баримлын урлагаар чимэглэсэн байна. Ямпай нь дөрвөн цагийн ордонлуу халдах зэтгэр, өвчин тахал, дажин самууны аюулаас хамгаалах утга учир бэлгэдэлтэй юм. Түүний хоёр талд бичээст хөшөө босгож дээр нь “олон ван, засаг тайж түшмэд, нараас доош иргэд морьноос буу” гэж бичсэн байдаг.
АСАРТ ГУРВАН ХААЛГА
Голын хаалгаар VIII Богд Жавзандамба шадар бараа бологсдын хамт орж ирдэг. Мөн хорвоогийн сайн сайхан, зол жаргал бүхэн энэхүү хаалгаар орж ирэхийн бэлгэдэлтэй учир хаалт хавтасгүй байдаг. Гол хаалганы дээд талыг баясгалант есөн луу тойруулан чимсэн хөх модон самбар дээр баруун талд нь “VIII Богд Жавзандамба хутагт” гол дунд нь “Сайныг цэнгэлдэн хүртэхүйеэ дуртай”, зүүн талд нь “1907 оны гурвадугаар сар” гэсэн бичгийг төвөд, монгол, хятад, манж хэлээр алтаар бичсэн байна. Асарт гурван хаалганы зүүн талд байх бичээст чулуун хөшөөний нүүрэн талд “Цаглашгүй ганганасан хумхын ертөнцийн буян шүтээн олон түмэн галавтаа энх амгалан мөнх бататгахын өлзий хутаг оршвой” хэмээн монгол бичгээр ар талд нь төвөд үсгээр бичжээ.
Баруун талын чулуун хөшөөний нүүрэн талд Бурхан багшийн дүрийг хоёр шавийн хамт зурааслан дүрсэлсэн дурсгал байна. Ар талд нь хоёр лууны дүрсийг ороох байдлаар зохиомжлон урлажээ.
ЧАГАН БАГАНА
Чаган Амгалан-Энхийн хаалганы урд, баруун, зүүн талд нь босгосон хоёр баганыг чаган гэдэг. Богд хаант Монгол Улс тунхаглахаас өмнө уг хоёр чаган дээр шашны жанцан намируулдаг байсан байна. Харин хаант улс тунхагласны дараагаар баруун талын багананд Богд хаант Монгол Улсын төрийн туг, зүүн талын багананд шажныг мандуулагч жанцан тэмдэгт шар тугийг хийсгэж байжээ.
АМГАЛАН ЭНХИЙН ХААЛГА
Манжийн эрхшээл ноёрхлыг эсэргүүцсэн Монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ялалтаар төгсөж VIII Богд гэгээнийг Монгол Улсын шашин төрийг хослон баригч хэмжээлшгүй эрхт эзэн хаанаар өргөмжилсөн явдалд зориулж 1912-1919 онд уг хаалгыг бариулжээ. Хаалгын зураг төслийг уран барилгач “зоригт” цолтой Баажав тэргүүтэй Санжид, Тэжаан нар зохиожээ.
Хаалга барих ажилд халх дөрвөн аймаг, шавь таван газраас таван хүнийг томилжээ. Үүнд: Их шавийн Донир Баажав, Түшээт хан аймгаас Сандаг, Сайн ноён хан аймгаас Адъяа, Засагт хан аймгаас Далхжав, Сэцэн хан аймгаас нэг хүн тус тус томилсон байна. Мөн мэргэжлийн мужаан, төмөрчин болон барималчид, зураачдыг урин залж авч ирж ажиллуулж байсны дотор Дайчин Чин Вангийн хошууны Буянтогтох, Баяраа, Чин Ван Наянтын Юндэндорж Цэдэн Гүн Намсрайжавын хошууны Рэнцэнзоригт нарын аймаг хошуундаа алдартай урчууд оролцжээ. Уг хаалгыг бариулахад ард түмнээс 280 мянган лан /1 лан 37гр/ мөнгө /175 кг/-тэй тэнцэх мөнгөн хураамжийг өргөл барьц, угсрах арга ухаан оруулан нэг ч хадаас оруулалгүй бүтээн босгосон нь нүүдэлчин удамт Монголчуудын уран барилга, урлагийн онцлогийг харуулсан хосгүй дурсгал мөн. Хаалга нь найман үндсэн тулгуур багана долоон үетэй дээвэр хэсгээс бүрдэж хээ угалз, сийлбэр, амьтдын дүрсээр чимэглэсэн Буддын шашинт дорно дахины улс орнуудад дэлгэрсэн үлгэр домог, Гэсэр, Тансан ламын туужуудаас харуулсан уран зургууд, дөрвөн махранз, эвт ба хүчит дөрвөн амьтан, урт наст зургаа, төрийн 7 эрдэнэ, өлзийт 8 тахил зэргийг өнгө будаг тохируулан зурж урласан нь Богд хаант Монголын дүрслэх урлагийн өвөрмөц онцлогийг тусган харуулжээ.
ЗУНЫ ОРДОН
Анх 1893 оноос баригдсан VIII Богд Жавзандамба хутагтын зуны мөргөлийн ордон. Одоо тус ордны бүрэлдэхүүнд Махранзын, Зээгт наамлын, Шүтээн зургийн, Эрдэм итгэмжит, олон бурхдын, Номын сангийн, Лавиран гэсэн 7 сүм багтдаг.
МАХРАНЗЫН СҮМ
Тус сүмийн хаалганы дээд талд баясгалант алтан шар луугаар тойруулж чимсэн хөх модон самбарт санскрит, ланз, соёмбо, төвөд, монгол, манж, хятад алтан үсгээр “Билгийг хөгжүүлэн бадруулагч сүм” хэмээн бичиж өлгөсөн байна. Шашны домог ёсоор ертөнцийн төвөд Сүмбэр уул гэж байдаг бөгөөд түүний дөрвөн талд 4 тив оршдог. Тив болгоныг нүдэнд үзэгдэх хийгээд үзэгдэхгүй аюул, хорлолоос дөрвөн өнгийн их хаад хамгаалдаг гэсэн домогтой ажээ. Угтаа ордон сүмийн эхэнд байгуулдаг ёс нь болвоос дотогш нэвтрэх аливаа бүхний гэм нигуурыг арилган ариулах бэлгэдэлтэй. Сүмийн дотор баруун зүүн талд 4 их хаадын шүтээн дүрийг хоёр хоёроор нь эгнүүлэн байрлуулсан байх ба 4 их хааныг монгол баатар эрийн хөө хуяг агссан байдалтайгаар дүрсэлдэг онцлогтой. Эдгээр 4 их хаадын нэг болор цагаан өнгийн лагшинтай Ёлхорсүрэн нь гартаа хөгжөөн баясгах хөгжмийн зэмсэг барьж зүүн тивийг хамгаалан оршино. Шүрэн улаан өнгийн лагшинтай Жамийсан зүүн гартаа могой, баруун гартаа суврага барьж, баруун тивийг хамгаалж газар лусын хорлолоос аварна гэсэн домогтой. Номин хөх өнгийн лагшинтай Пагжийбуу гартаа сэлэм барьж дайн дажин, дайсны хорлолоос хамгаалан өмнө тивийг бэлгэдэн оршдог. Алтан шар өнгийн лагшинтай Намсрай зүүн гартаа эрдэнээр бөөлждөг эрүү цагаан хулгана барьж эд баялаг, буян хишгийг дуудан авчирах бөгөөд хойд зүгийг хамгаалан оршдог аж.
Эдгээр 4 хааны өлмий дор тэрсүүдийн 8 амьтныг номхотгосныг харуулсан баримал дүрсүүд байна.
Сэрүүн асар /Равса/ нь Махранзын сүмийн баруун, зүүн хойд хэсэгт байрладаг. Баруун талынх нь хонхны асар, зүүн талынх нь хэнгэрэгийн асар юм. Хонх хэнгэргийг Богд хаан, их дагина нар ордондоо бараалхах болон гадаалах жин хонхыг цохиж, хэнгэргийг дэлдэхээс гадна төрийн хэргэм зэрэгтэй сайд ноёд, өндөр хэргэм зэрэгтэй лам хуврага ирэхэд хүндэтгэл үзүүлэн баяр ёслолын байдалтай угтан авдаг байжээ. Эл ёслол нь үнэ хүндийн илэрхийлэл болдог.
Мөн жин хонхыг цохиж хурал ном хурах цаг болсны мэдээ дохио өгч лам хуврагуудыг цуглуулдаг байжээ.
ЗЭЭГТ НААМЛЫН /ТОРГОН ЗУРГИЙН/ СҮМ
Зээгт наамал хэмээн алдаршсан Монголын торгон зургийн урлаг нь XIX-XX зууны эхэн үед тэргүүлэх хандлагатай хөгжиж байжээ. Тухайн цагийн алдартай урлаачдын бүтээсэн зээгт наамлууд нь зохиомж, өнгө хослол, ур хийцээрээ урлаг, уран сайхны өндөр түвшинд бүтээгдсэн нь онцлог бөгөөд зураач хар зургаа гаргасны дараа торго, хоргойгоор өнгө тохируулан хатгаж урлах нь будгаар зурсан зургаас дутуугүй өнгөлөг, төгс болж харагддаг байна.
Зээгт наамлын бүтээлүүд бол Монгол үндэстний уран сайхны сэтгэлгээ, ур ухаан хэрхэн бурхан шүтээний урлалд шингээж байсны тод томруун жишээ мөн.
ШҮТЭЭН ЗУРГИЙН СҮМ
Энд XIX-XX зууны эхэн үеийн нэрт зураач Жүгдэр, Хасгомбо, Гэндэндамба нарын бүтээлийн зэрэгцээ “Их хүрээний сургууль”-д хамаарах нэр нь үл мэдэгдэх зураач урчуудын олон тооны бүтээл бий. Монгол шүтээн зургийн хосгүй үнэт өвд хамаарах эдгээр бүтээлүүд нь торгон дээр байгалийн эрдэс шороон будаг ашиглан бүтээсэн бүтээлүүдэд бурханы шашны зохиол, хутагт мэргэдийн намтар, дүр зэргийг дүрслэн харуулсан байдаг. Монгол шүтээн зургийн онцлог нь үндсэн өнгө давамгайлсан хурц тод өнгөтэй байхын зэрэгцээ ур хийцийн өндөр төвшинд бүтээгдсэн байдаг.
ЭРДЭМ ИТГЭМЖИТ БУЮУ НАЙДАН СҮМ
Энэ сүмд жил бүр зуны сүүлийн сард Шаддүвлин хийдээс 16 лам залж ирүүлж VIII Богд гэгээний нас буяны мөрд зориулан Найданчог ном хурдаг байжээ. Баруун тасалгаанд хурал номын зүйлийг тахилчид бэлтгэдэг, сүмийн гол тасалгаанд ном хурж, харин зүүн тасалгаанд хурал номын үед VIII Богд өөрөө суудаг байсан. Хаалганы хоёр талд байгаа барын сүүлийг VIII Богд гэгээнийг залран явах замд зам зохицуулагч нар барьж муу юмыг зайлуулж ариулан цэвэрлэх гэсэн утгаар хэрэглэдэг байжээ.
ОЛОН БУРХДЫН СҮМ
Ногоон ордон баригдсаны дараагаас VIII Богд энэ сүмд орон нутгаас ирсэн төлөөлөгчдийг хүлээн авч уулздаг байв. Богд хаант Монгол Улсын үед Бурханы сангийн сүм гэж нэрлэх болжээ. Олон бурхдын сүмд бурхны шашны урлалын олон арга ажиллагааг ашиглан бүтээсэн бурхдын шүтээн дүрийг дэглэн үзүүлдэг. Монголчууд өнгөт металл ашиглан цутгуур, хөөмөл баримал бүтээхээс гадна шавар баримтал, модон сийлбэр, цаасан шуумал аргаар бурхдын дүрийг бүтээдэг байна. Шүтээн зургийн хувьд гартан, сэртэн, мартан, нагтан гэхчилэн олон төрлөөр зурдаг билээ.
НОМЫН САНГИЙН СҮМ
Уг сүм нь Богд хааны номын сангийн барилга юм. Богд хаан номын сандаа хуучны ховор содон ном судрыг цуглууж байснаас гадна гадаад хэл дээрх олон чухаг ном судрыг монгол хэл дээр орчуулж хувилан олшруулж байснаараа өмнөх дүрийн Богдуудаас онцгойрч байлаа.
Түүний эл номын санд монгол, төвөд, санскрит, манж, хятад хэл дээр бичигдсэн 8000 гаруй боть судрууд байжээ. Одоо ихэнх судрууд Улсын төв номын санд хадгалагдаж байна. Энэ сүмд Богд хааны номын сангийн хөмрөгөөс үлдсэн зарим судар номыг дэлгэснээс гадна номын бар, барын зураг мөн сүсэгтэн олны хэрэгцээнд зориулж цутгадаг бурхдын шавар, гуулин хэвийг дэлгэн харуулсан байна.
ЛАВИРАН СҮМ
Энэ сүмд VIII Богд Жавзандамбын гол шүтээн бурхад байсан бөгөөд зуны улиралд энд өдөр болгон мөргөл, баясалгал үйлддэг байжээ. Сүмийн голд Монголын анхдугаар Богд Жавзандамбын дүр Өндөр гэгээн Занабазарын хөрөг баримал байдаг. Анхдугаар Богд Жавзандамба Өндөр гэгээн Занабазар 1635 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн хүү болон мэндэлжээ. Түүнийг 4 настай байхад нь Халхын язгууртнуудын чуулганаар Монголын шашны тэргүүн Богд гэгээн Жавзандамбын анхны дүрээр тодруулан өргөмжилжээ. Г.Занабазар бага насандаа Төвөдөд очиж шашны боловсрол олж Халхад буцаж ирэхдээ Төвөдийн Жавзандарнатын хувилгаан гэж өргөмжлөгдсөн байна. Тэрээр 1686 онд “Соёмбо” үсгийг зохиожээ. Г.Занабазар нь гүн ухаантан, улс төрч, шарын шашны томоохон төлөөлөгч байсан төдийгүй уран зураач, барималч хүн байсан юм.
Лаврин сүмд Г.Занабазарын өөрийн мутраар бүтээсэн Ногоон дарь эх тэргүүтэй хорин нэгэн дарь эх байдаг. Том хэмжээний хөрөг баримлуудыг хүрлээр хөндий цутгаж алтаар шарсан хийгээд хэвнээсээ их биетэйгээ хамт цутгагдаж эвлүүлж угсарсан духны чимэг, ээмэг, зүүлт, бугуйвч,шагайвч болон суурины иж бүрэн чимэглэлийг уран хөөмөл, гууль сийлбэрийн аргаар тодруулж ялангуяа тэдгээрийн нимгэн торгомсог хувцасны хээ угалз, материаллаг чанарыг тун нарийн төгс урлан гаргасан зэрэг нь соёлт хүн төрөлхтний түүхэнд онцгой байр эзэлдэг хосгүй үнэт бүтээлүүд болно.
ӨВЛИЙН ОРДОН
Богд хаан болон Дондогдулам хатны эдлэж хэрэглэж асан эд өлөг, хувцас өмсгөл, гоёл зүүсгэл, тэрчлэн гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийн бэлэг сэлт, амьтны чихмэлүүд, ирвэсийн арьсан гэр зэрэг Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол Улсын үеийн олон сонирхолтой үзмэр бий.
VIII Богд Жавзандамба хааны Өвлийн ордон болох 2 давхар европ маягийн цагаан байшин нь Хаант Орос улсын барилгачдын зураг төслөөр баригджээ. Манжийн хаан эзэн буруу номтны байшин бариуллаа гэж зэм хүртээж байсан учраас байшингийн дээвэрт алтан ганжир байрлуулж, хананд нь бадамлянхуа цэцгэн хээ зуруулж нэмэлт засвар хийлгэж тэрхүү хэл ам дарагдаж байжээ. Хаан хатан хоёр эл ордонд 20 гаран жил амьдарсан юм.
Бүрнээ Ө., Монголын шинэ үеийн үндэсний музей, УБ., 1994
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалаас, УБ., 1976
Дамдинсүрэн Д., Их хүрээний нэрт урчуууд, УБ., 1995
Дашням Л., Очир А. нар, Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал, УБ., 1999
Өлзий Ж., Монголын дурсгалт уран барилгуудын түүхээс, УБ., 1992
Пүрэв О., Сүхбаатар О., Нийслэлийн өв соёл, УБ., 2006
Мэндсайхан Х., Богд хааны ордон музей 1926-2016 (Баримт бичгийн эмхэтгэл), УБ., 2016