Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үе (1990 оноос хойш)

Хоёр. УЛААНБААТАР ХОТ БАЙГУУЛАГДСАНЫ ДАРААХ ҮЕД ХОЛБОГДОХ ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛУУД

2.4. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үе (1990 оноос хойш)-ийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд

Улаанбаатар хотын түүхийн нэгэн үе 1990 оноос эхэлдэг. Ардчилсан хувьсгалын үр дүнд Монгол Улс хуучнаар ЗХУ-ын нөлөөнөөс гарч, өөрийгөө бүрэн мэдэх, хараат бус улс болсон юм. Энэ нь хотын нийтийн талбай дахь хөшөө дурсгал, хот чимэглэлийн бүтээлүүдэд чухал нөлөө үзүүлсэн. Түүнээс өмнө, ихэнхдээ социализмын үзэл санаагаар хэлбэржсэн бүтээлүүд хотын нийтийн талбайг чимж, бас тухайн бүтээлүүдийг үзэл санаагаа сурталчлах хэрэгсэл болгон ашиглаж байв. Гэхдээ тухайн цаг үед үндэсний агуулгатай чимэглэлийн урлаг хөгжиж байсан гэдгийг мартаж болохгүй. 1990 оноос хойш ч үндэсний агуулга, хэлбэртэй хотын орон зайн бүтээлүүд хийгдсээр байна. Социализмын үед барууны урлагийн урсгалуудыг “хөрөнгөтний” хэмээн цоллож, нийтийн урлагийн бүтээлд үзэл санааг тусгахыг хориглодог байв.

Ардчилсан хувьсгалын дараа хотын нийтийн талбай, орой зайд боссон хөшөө, баримлуудад социалист хэв маяг хадгалагдсаар байна. Үүний зэрэгцээ 1990 оноос хойш хотын хөшөө, чимэглэлүүд шинэ урсгалуудаар баяжигдаж ирсэний эхлэлийг Б.Хийморь, Л.Болд нарын бүтээлүүдээс харж болно. 1991 онд барималч Б.Хийморийн эх загвараар Болзооны цэцэрлэгт хүрээлэнд “Учрал” хэмээх бүтээлийг хийж байршуулсан нь Ардчиллын үеийн Улаанбаатар хотын анхны хот чимэглэлийн баримлын нэг болсон байна. 1997 онд Хэлмэгдэгсдэд зориулсан дурсгалын хөшөөг зураач Л.Болдын эх загвараар хийсэн нь энэ үеийн модерн бүтээлүүдийн анхдагчийн нэг болжээ. Улаанбаатар хотод 1990 оноос хойш бүтээгдсэн 29 хөшөө, баримлыг соёлын өвд бүртгэн авсан байна.

Холбоотой дурсгалууд