Дурсгалын нэр: | Хэлмэгсдэд зориулсан дурсгалын хөшөө |
---|---|
Хаяг байршил: | Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Д.Сүхбаатарын гудамж, Жуулчны гудамжны уулзварын баруун хойд хэсэг, Монголын үндэсний музейн зүүн урд талд |
Солбицол: | N47 55 13.5, E106 54 56.2 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үе (1990 оноос хойш) |
Баригдсан он: | 1997 |
Зохиогч: | Л.Болд |
Хийсэн арга, техник: | Зэс хөөмөл |
Хийц загвар: | Модернист |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 4,66 м, Өргөн: 4,7 м, Өндөр: 4,56 м |
Материал: | Хар гантиг, Зэс |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
1991 онд Хэлмэгдэгсдэд зориулсан дурсгалын хөшөө босгох шийдвэр гарч, 1997 онд Л.Болдын эх загвараар хөшөөг бүтээжээ. 5 метр урт, 5 метр өргөн, 6.5 метр өндөр, 7-8 тонн жинтэй уг хөшөөг гантиг чулуу, төмөр, зэсээр бүтээжээ. Хөшөөний гол зохиомж нь хүний эрх чөлөөг хааж, нэгэн хэв загварт хорьж, хаагдмал байдлыг илэрхийлсэн хар дөрвөлжин шоо, түүний дунд хавчигдаж, эмгэнэсэн хүнийг гэрэл рүү тэмүүлсэн хөдөлгөөнтэй дүрсэлсэн. Харин хөшөөний дөрвөлжин, хүн хоёрын хоорондох зай нь хэлмэгдэлт бүрэн сөнөж түүхийн тавцангаас арилаагүй гэсэн санааг илэрхийлдэг. Хөшөөний гантиг суурийн нүүрэнд:
Халуун итгэл алдарч
Хатан зүрх шархирсан
Хар дарсан жилүүдийг
Хамаг монголчууд бүү март! хэмээн бичсэн байдаг.
Тус хөшөө нь 1990 оноос хойш Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр боссон анхны модернист чиглэлийн хөшөө гэдгээрээ онцлог. Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг манай улсад “Хэлмэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон тэмдэглэдэг.
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн хамгаалалтад авсан.
Ганхуяг О., Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгал, УБ., 2010
Жон Ён Дун., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, УБ., 2004
Очбаяр Г., Цацралт С., Чингэлтэй хайрханы өвөрт, гэрэл зургаар өгүүлсэн түүх, УБ., 2015
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017