Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Дандар баатарын хөшөө |
---|---|
Хаяг байршил: | Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний хойд талд, Дандар баатарын гудамжны баруун талд, Офицеруудын ордны хашаанд, ордны өмнө талд |
Солбицол: | N47 54 59.7, E106 58 21.2 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үе (1990 оноос хойш) |
Баригдсан он: | 1999 |
Зохиогч: | Ц.Цэгмид |
Хийсэн арга, техник: | Хүрэл цутгамал |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 3,3 м, Өргөн: 1,5 м, Өндөр: 4,95 м |
Материал: | Хүрэл |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Алаг морьт хэмээн алдаршсан Лодонгийн Дандар (1914-1986)-т зориулсан дурсгалын хөшөөг 1999 онд Ц.Цэгмидийн эх загвараар бүтээжээ. Л.Дандарын эх орон ард түмнийхээ өмнө байгуулсан дайчин гавъяа, баатарлаг үйлсийг мөнхжүүлэх зорилгоор түүний энэхүү хөшөөг Халх голын ялалтын 50 жилийн ойгоор Офицеруудын ордны өмнөх талбайд босгожээ. “Монгол Офицер” гэх энэ хөшөөнд Л.Дандар баатрын дүрийг 1930-аад оны сүүлийн үеийн морин цэргийн даргын дүрэмт хувцастайгаар морь унуулан тулалдаанд орохын өмнө үеийн эрс шийдэмгий зориг төгс байдалтайгаар урлан бүтээсэн байна.
1939 оны тавдугаар сард Япончууд Монголын дорнод хилээр нэвтрэн орж Халхын голд хүрсэн юм. Монгол Улсын дорнод хил хязгаарт Японы цэргийн өдөөн хатгалга ихсэж, тус улсын гадаад байдал хурцдаж байсан энэ үед Монголын ард түмэн тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалж, японы түрэмгийлэгчдийг эсэргүүцсэн шударга дайнд орж, Монгол-Зөвлөлтийн цэргийн хамтарсан хүчээр Японы эсрэг гурван сар шахам тулалдан 1939 оны наймдугаар сарын сүүлээр бут цохижээ. Энэ тулалдаанаас төрөн гарсан баатруудын нэг нь Лодонгийн Дандар юм. Лодонгийн Дандар нь эрэлхэг дайчин морьт дивизийн дарга бөгөөд Монголын ард түмний дунд “Алаг морьт гарамгай баатар” хэмээн алдаршсан. Тэрээр 1939 оны Халхын голын байлдаанд, 1945 онд Чөлөөлөх дайнд морьт хороог командлан оролцож баатарлаг гавьяа байгуулж, Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, БНМАУ-ын гарамгай баатар цол хүртэж байжээ.
Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Дандар баатрын хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн хамгаалалтад авсан.
Ганхуяг О., Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгал, УБ., 2010
Жон Ён Дун., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, УБ., 2004
Цэрэнчулуун А.,Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017