Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Гандантэгчинлэн хийд |
---|---|
Адил утгатай нэр: | Төгс баясгалант их хөлгөн хийд |
Хаяг байршил: | Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Өндөр гэгээн Занабазарын гудамжны хойд талын төгсгөлд, Гандангийн дэнжид |
Солбицол: | N47 55 23.0, E106 53 41.9 |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Гандантэгчинлэн хийд |
Дурсгалын төрөл: | Сүм хийд |
Түүхэн үе: | Манжийн үеийн Их Хүрээ (1706-1911) |
Баригдсан он: | 1838 |
Хийц, загвар: | Монгол, Хятад, Хятад-төвд |
Анхны зориулалт: | Хийд |
Тоо ширхэг: | 9 |
Материал: | Мод, чулуу |
Хамгаалалтын зэрэглэл: | Улсын хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Засгийн Газрын 2008 оны 175 дугаар тогтоол |
Хамгаалалтын бүс тогтоосон он, шийдвэр: | Засгийн Газрын 2001 оны 96 дугаар тогтоол |
Хамгаалалтын бүсийн хэмжээ: | 58 га |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Улаанбаатар хотын баруун хойд өндөрлөг дэнж дээрх Гандантэгчинлэн хийд бол Монголын архитектурын томоохон дурсгалын нэг юм.
Гандантэгчинлэн хийд /Төгс баясгалант их хүлгэн хийд/-ийн анхны сүмийг 1809 онд Талхын дэнж дээр Шар сүм нэртэйгээр байгуулж, дараа нь энэ сүмийг Чойрын дацан болгожээ. 1824 онд Ламрим дуган, 1838 онд тавдугаар Богд Жавзандамба хутагтад зориулж Гандантэгчинлэн буюу “Их хот мандлын сүм”, Дашчойнхор, Ядгайчойлин зэргийг байгуулжээ. Цаашид хийдийг улам өргөжүүлж 1839 онд Цогчин дуган, 1844 онд Бадмаёга, 1848 онд Жүдийн сүм, 1909 онд Гунгаачойлин, 1913 онд наймдугаар Богд Жавзандамба хутагтад зориулж Мэгжид Жанрайсэгийн сүмийг байгуулжээ. Мөн 1841 онд тавдугаар Богдын шарилын сүм, 1869 онд долдугаар Богдын шарилын сүм, 1925 онд наймдугаар Богдын шарилын сүмийг барьсан. Хийдийн хойд талд 20 суварга байв. Талхын дэнж дээр Гандантэгчинлэн хийдийг байгуулсан цагаас хойш тус дэнжийг Гандангийн дэнж хэмээн нэрлэх болжээ.
Гандантэгчэнлин хийдийн уран барилгууд нь монгол, хятад, хятад-төвд хэлбэр маягтай бөгөөд барилгын үндсэн хийц нь мод, чулуу, тоосго, төрөл бүрийн паалан эдлэлээс бүрддэг.
Гандан хийд нь 1930-иад оны хэлмэгдүүлэлтэд хамгийн түрүүнд өртсөн бөгөөд 20 суварга, 10 гаруй сүм дацангаас 6 сүм, дуган хадгалагдан үлджээ. 1944 оноос эхлэн хийдийн хурал номын үйл ажиллагааг хатуу хяналтан дор дахин сэргээсэн байна.
Хийдийн сүм дугануудыг 1981-1995 он хүртэл ээлж дараагаар сэргээн засварлаж 1992 онд Дүйнхор дацан, 1995 онд Дашчойнбол дацанг шинээр барьсан байна. Түүх соёлын дурсгалын сэргээн засварлах газар хийдийн үлдсэн сүм дуганы гадуур гол асар хаалга, хоёр жижиг асар хаалга бүхий хэрэм хашааг шинээр 1981-1982 онд барьсан юм. Сүм дуганы үндсэн гоёл нь алтадсан ганжир, жанцан, чойхорол, бодь гөрөөс, хонх зэрэг юм.
1992 онд Монголын бурханы шашинтны анх дугаар чуулганаар Гандантэгчинлэн хийдийг Монголын Бурханы Шашинтны Төв гэдгийг баталгаажуулжээ.
Гандантэгчинлэн хийдийн хуучны 6 сүм, дуганыг түүх, соёлын дурсгал хэмээн үзэж, хамгаалалтад авсан байдаг бөгөөд тэдгээрийг тус бүрт нь товч танилцуулъя.
Нэг. Гандан дуган
Тус хийдийн Гандан хэмээх анхны дуганыг V Богд Жавзандамба өөрийн шийдвэрээр Монголын уран авьяаслаг урчуудыг цуглуулан шавар модоор голлон хийлгэхдээ монгол үндэсний хэв маяг оруулж, алт шармал орой ба ганжир бүхийгээр бүтээжээ. Дуган дотор Өндөр гэгээн Занабазар эхийнхээ хүсэлтээр бүтээсэн өвгөн хутагтын хүрэл цутгамал дүр, XIX зууны үед монголын лам нараас хар цаасан дээр алтаар бичсэн Буддын зохиол Ганжуур 108 боть, 1956 онд Буддагийн 2500 жилийн ойг тохиолдуулан тус хийдийн Дамбадаржаа, Данзан нарын зэрэг лам нарын урлан бүтээсэн хөрөг, Энэтхэгийн ерөнхийлөгч агсан Джавахарлал Неругээс 1957 онд дурсгал болгон өгсөн 2000 гаруй жилийн өмнө бүтээсэн Буддын цутгамал дүр, ХХ зууны эхээр монголын захиалгаар Польшийн Варшав, Өвөрмонголын Долоон нуур хотод хийсэн Аюуш бурханы дүрүүд зэрэг олон бүтээлүүд бий.
Хоёр. Очир дарын сүм
1840-1841 оны үед чулуу, туйпуугаар барьсан, алтан шармал ганжиртай, вааран дээвэртэй дуган. Гандан дуганы баруун талд байрлалтай энэ дуганд 1683 онд Занабазарын алт, мөнгөөр бүтээсэн Очирдарын баримал, 1000 жилийн өмнө Балбад хүрэн зандангаар бүтээсэн Локешвари бурхан, ертөнцийн дөрвөн зүгийн сахиус Махранз, тус хийдийн лам Самбалхүндэв 1858 онд монгол зургийн аргаар бүтээсэн эв зохицлыг бэлгэдсэн зураг хадгалагддаг.
Гурав. Зуугийн сүм
Очир дарын дуганы баруун талд залгаж барьсан дуганыг Зуугийн дуган гэдэг. Тус дуганы шүтээн нь Зуу бурхан. Тус дуганы барилгыг 1869 онд VII Богд Жавзандамба хутагтын шарилыг оршуулахад зориулан барьсан.
Зуу, Очир дарын сүмийн ур хийц адил бөгөөд алтадмал ганжиртай, паалантай дээвэртэй, чулуу, тоосго, мод оролцуулан барьжээ. Тус хоёр сүмийн хоорондох хүзүүвчийг 1945-1946 онд барьж их хурлын тахил, балинг бэлтгэх байр болгожээ.
Дөрөв. Дэдон поврон
Гандан дуганы урд талд буй вааран дээвэртэй, алтан шармал ганжиртай хоёр давхар тус барилгыг V Богдын ном үзэх (номын сан) байр болгон барьжээ. Энэ дуганд 1904 онд XIII Далай лам сууж байсан түүхтэй.
Тав. Номын сан
Зуугийн сүмийн урд талд буй чулуун суурьтай, дөрвөлжин хэлбэртэй тус барилга нь хэлбэр хийц, загварын хувьд Зуу болон Очир дарын дугантай адил. 1925 онд чулуу, туйпуугаар барьсан энэ сүмд Гандантэгчинлэн хийдийн номын сан байрладаг бөгөөд 108 боть Ганжуур, түүний тайлбар 225 боть Данжуур, тэрчлэн Богд Зонхов, Банчин Богд, Далай лам болон төвөдийн бусад зохиолчдын сүмбүм, Агваанбалдан, Агваанхайдав, Агваандандар, Сүмбэ хамба Ишбалжир зэрэг монголын 70 гаруй эрдэмтэн мэргэдийн сүмбүм байдаг.
Зургаа. Мэгжид Жанрайсэгийн дуган
1911 оны 7 дугаар сарын 20-нд VIII богд Жавзандамба зарлиг гарган сэтгэл энэрлийн бэлгэдэл Мэгжид Жанрайсэг /Арьяабало/ бурханд зориулан сүм барихыг түшмэл Өлзийбат, зайсан лам Чойжамц нарт даалгажээ. Барилгын ажилд нийт 236000 лан мөнгө зарцуулснаас 100000 лан мөнгийг бурхан бүтээхэд зориулжээ. Бурханыг 80 тохой дотор багтаан босгох тэг зураг үйлдэн барилга нь шалнаас орой хүртэл 30-аад метр болж, энэхүү нүсэр байгууламжийг 1913 онд барьж дуусгажээ. Сүм нь төвд-хятад загвартай.
1930 онд Жанрайсэг бурханы сүмийг засварлаж дээд давхарын цонхны жааз ба тоосгон хананы дээд төгсгөл хашлагын мод муудсаныг бүрэн сольжээ.
1937 оны арван хоёрдугаар сарын 27-нд МАХН-ын Төв хорооны Тэргүүлэгчдийн хурлаас тогтоол гаргаж, Монголын бүх хүрээ хийдүүдийн сүүлч болох Гандантэгчинлэн хийд, Голын цагаан сүм, Дэчингалбын дацан, Очир дарын сүмийн үйл ажиллагааг бүр мөсөн хориглон зогсоож, Гандангийн барилга, эд хөрөнгийг улсын санд хурааж, зарим дуган, сүмийг ЗХУ-ын улаан цэргийн хэвлэлийн газарт үнэ өртөггүй шилжүүлэн өгсөн ажээ. Гэтэл 1937 онд энэхүү их шүтээнийг Оросын армийн цэрэг, техникийн хүчээр буулган нурааж, улмаар хойш зөөвөрлөн авч оджээ. Ингээд 1937-1996 он хүртэл Мэгжид Жанрайсэг дотор дөрвөн багана л үлдсэн бөгөөд 1950-1960 оны хооронд энэ дуганыг нураасан хүнд 10000 лан мөнгө өгнө хэмээн бичиг хадсан байсан ч азаар нураагдаагүй үлдсэн билээ.
1990 оны Ардчилсан хувьсгалын үр дүнд бурханы шашин дахин дэлгэрсэнээр Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын 1991 оны зарлигаар Мэгжид Жанрайсэг бурханыг дахин шийдвэр гарч, 1996 оны аравдугаар сарын 27-нд бүрнээр сэргээн залж, равнайлжээ.
Мэгжид Жанрайсэг дуганыг БНМАУ-ын Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 79 дүгээр тогтоолоор Улсын хамгаалалтад анх авчээ. Үүний дараа БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1961 оны 524 дүгээр тогтоолоор Улсын нэгдүгээр зэргийн хамгаалалтад, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 420 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 233 дугаар тогтоол, Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоолоор тус тус Улсын хамгаалалтад авчээ. Хамгийн сүүлд Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Мэгжид Жанрайсэг дуган, Гандантэгчинлэн хийд хоёрыг тус тусад бүртгэн хамгаалалтад авч ирснийг “Гандантэгчинлэн хийдийн цогцолбор” хэмээн хамтатган үзэж, тус нэрээр Улсын хамгаалалтад авчээ.
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалаас, УБ., 1976
Дашням Л., Очир А. нар, Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгал, УБ., 1999
Монголын Буддын шашны төв Гандантэгчинлэн хийдийн товч танилцуулга, УБ., 1970
Пүрэв О., Сүхбаатар О., Нийслэлийн өв соёл, УБ., 2006
Мэнд-Ооёо Г., Билгийн мэлмийг нээгч, УБ., 1997