Манжийн эрхшээл дэх Их Хүрээний үе (1706-1911)

Хоёр. УЛААНБААТАР ХОТ БАЙГУУЛАГДСАНЫ ДАРААХ ҮЕД ХОЛБОГДОХ ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛУУД

2.1. Манжийн эрхшээл дэх Их Хүрээний үе (1706-1911)-ийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд

Улаанбаатар хотын түүхийн 1706-1911 онд хамаарах хугацааг Их Хүрээний үе гэдэг. Энэ үе нь бүхэлдээ Манжийн эрхшээлийн үед хамаарагдана. Их Хүрээ гэдгээс гадна Богдын Хүрээ, Жавзандамбын Хүрээ, Өргөө, Даа Хүрээ зэргээр нэрлэдэг байв.

Манжийн үед Их Хүрээ нь Ар Монголын шашин, худалдаа, үзэл санааны төв, хамгийн том суурин газар болж өргөжсөн бөгөөд зүүн хоёр аймгийн улс төрийн төв байв.

Өдгөө Их Хүрээний түүхэнд холбогдох 25 дурсгал үлдсэнээс 12 дурсгалт газар, 6 сүм хийд, 4 байшин, 3 хөшөө дурсгал байна.

Энэ үед холбогдох хамгийн эртний дурсгал нь 1761-1765 онд баригдсан Дамбадаржаа хийд, харин энэ үеийн төгсгөлд баригдсан дурсгал нь Чойжин ламын сүм (Өршөөлийг хөгжүүлэн бадруулагч сүм) юм. Түүх, архитектурын дурсгалт тус сүмийг 1904-1908 онд монгол урчууд барьсан юм.

Их Хүрээнээс үлдсэн дурсгалуудын ихэнх нь тухайн цаг үеийн монголын нийгмийн дээд давхарга буюу хутагт, ноёд, сайд, баячууд, шашны байгууллагад зориулагдсан гэдгээрээ онцлог. Тухайлбал: Монголын сүүлчийн хааны ордон, түүний төрсөн дүүд зориулсан сүм, хоёрдугаар Богдод зориулан барьсан Дамбадаржаа хийд, V Богдод зориулсан Гандантэгчинлэн, Оросын консул сайдад зориулан барьсан хоёр давхар барилга, Богдын шар ордны шөргөн үүдэнд байсан хоёр чулуун арслан, Монголор алтны нийгэмлэгийн хоёр давхар барилга зэргийг дурдаж болно.

Энэ үеийн дурсгалууд нь Монголын шашин төвт нийгмийн үед хамаарагдах учраас Буддын шашны урлагийн нөлөө сүм хийдийн архитектурт тусгалаа олсон байдаг. Сүм хийдүүдэд төвөд, хятад, монгол, холимог гэсэн дөрвөн төрлийн загвар зонхилдог. Тодруулбал: Их Хүрээний үеэс үлдсэн 6 сүм хийдээс Дамбадаржаа, Богд хааны ногоон ордон, Чойжин ламын сүм, Дара эхийн сүм зэрэгт хятад загвар зонхилсон бол Гандантэгчинлэн хийд хятад, төвөд, монгол гэсэн холимог загвартай. Харин Гэр хэлбэрт модон дуганууд нь үндэсний архитектурын шинжийг хадгалсан монгол загвартай дурсгал юм. ХХ зууны эхэнд Их Хүрээнд 100 гаруй сүм, хийдүүд байснаас өдгөө 6 сүм хийд  үлдсэн.

1861 онд Их Хүрээнд сууж эхэлсэн Оросын консул сайдад зориулан 1863-1865 онд хоёр давхар барилга барьсан нь Их Хүрээний анхны европ хийцийн хоёр давхар барилга болжээ. ХХ зууны эхэн гэхэд Консулын дэнжид орос хороолол бий болсон ба энэхүү орос хорооллоос Оросын консул сайдын хоёр давхар барилга, Монголор алтны нийгэмлэгийн хоёр давхар барилга, Консулын дэнжийн нууц бүлгэмийн байшин, Рерихийн музейн байшин гэсэн дөрвөн байшин хадгалагдан үлджээ.

Энэ үеийн дурсгалуудаас хамгийн алдартай нь Богд хааны ногоон ордон бөгөөд Монголын сүүлчийн хааны амьдарч байсан ордон гэдгээрээ түүхэн дурсгалт, сүм хийдийн цогцолбор гэдгээрээ архитектурын дурсгалт барилга юм.

Улаанбаатар хотын түүхэн дэх Их Хүрээний үеийн дурсгалууд хадгалалт, хамгаалалтын маш эмзэг орчинд байна. Яагаад гэвэл, 2004 оноос хойш Улаанбаатарт хотжилт эрчимтэй өрнөж, тэр хэрээр хуучны дурсгалт барилга, байшин, сүм хийдүүдийн газрыг булаан авах, эргэн тойронд нь өндөр байшин зэрэгцүүлэн барьж сүр барааг хаах зэргээр орон зай, эх төрх байдлыг алдагдуулах үйл явц үргэлжилж байна. Энэ нь хот төлөвлөлтийн ухаалаг бодлого дутагдсаны илрэл юм. Үүнээс гадна түүх, соёлын дурсгалуудыг хадгалж хамгаалахад төрөөс олгож буй санхүүжилт маш бага байгаа нь хотын түүхийн ой санамжууд болсон дурсгалуудыг хойч үедээ уламжлуулах замыг улам бүдгэрүүлж буй юм.