Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Богдын хүрэн ордны цогцолбороос үлдсэн барилгууд |
---|---|
Хаяг байршил: | Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Удирдлагын академийн урд хэсэг, Богд Жавзундамбын гудамжинд |
Солбицол: | Цагаан хоолны газар байсан байшин: N47 53 40.8, E106 54 50.4 |
Богдын гал тогоо: N47 53 39.9, E106 54 54.1 | |
Богдын номын сан байсан байшин: N47 53 38.6, E106 54 56.6 | |
Хайстай лаврин: N47 53 39.4, E106 54 49.7 | |
Давхрын тоо: | 1-2 давхар |
Дурсгалын төрөл: | Түүхэн дурсгалт байшин |
Түүхэн үе: | Манжийн үеийн Их Хүрээ (1706-1911) |
Баригдсан он: | XIX зууны сүүлч XX зууны эхэн |
Анхны зориулалт: | Богдын зуны ордон |
Хийц загвар: | Сонгодог архитектурын Орос загвар |
Тоо ширхэг: | 4 |
Материал: | Чулуу, тоосго |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмч, Нийслэлийн өмчид |
ХХ зууны эхэнд Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагт дөрвөн ордонтой байсан бөгөөд түүний нэг нь Хүрэн ордон байв. Тус зуны ордныг VIII Богд Жавзандамбад зориулан XIX зууны сүүлч, ХХ зууны эхэнд барьсан бөгөөд өдгөө ордны цогцолбороос дөрвөн барилга үлдсэн. Энэхүү дөрвөн барилгыг тус бүрт нь товч тайлбарлая.
Нэг. Хайстай лаврин
Хайстай лаврин хэмээн нэрлэдэг энэ барилгыг хэзээ барьсан нь тодорхойгүй. 1910-аад оны үед Марзан Шаравын зурсан гэх Хайстай лаврин зурагт энэ барилга байхгүй ба үүнээс үндэслэн 1910-аад оны сүүлч, эсвэл 1920-иод оны эхэн үед барьсан хэмээн таамагладаг. Хайстай лаврин зургийг одоогийн барилгын байршилтай давхцуулан үзэхэд тус барилга хашааны гадна талд, баруун хэсэгт байгаа нь сонирхол татаж байгаа юм. Энэ нь Хайстай лаврин хэмээн нэрлэдэг тус хоёр давхар модон барилгыг яагаад хашааны гадна барих болов? Бас энэ барилга үнэхээр Хайстай лаврин мөн үү? гэсэн асуултыг үлдээж буй юм. Мэдээж энэ асуултад харуулахад цаашдын судалгаа чухал үүрэгтэй.
Түүхэн дурсгалт тус барилгыг БСШУ-ны захиалгаар 2015-2016 онд Энэрэлт их эрдэнэ ХХК сэргээн засварласан байна.
Хоёр. Богдын гал тогоо байсан байшин
Хайстай лаврины зүүн талд байгаа энэ байшинд Богдын гал тогоо байсан гэдэг. Богд хаан нас барсны дараа 1925 онд тус байшин Ардын Намын Төв хорооны мэдэлд шилжиж, 1954 он хүртэл Шинэ хүчний дээд сургуулийн хичээлийн болон оюутны байр болгож байжээ. 1954-1970 он хүртэл Намын дээд сургуулийн багш, ажилчдын цэцэрлэг, ясли үйл ажиллагаа явуулж байв. 1970-иод оны сүүлчээр Хан-Уул дүүргийн 13 дугаар цэцэрлэг, ясли байх үед Ээрмэлийн үйлдвэрийн хөрөнгөөр тус байшингийн зүүн талд залгаж конторын байр барьжээ.
Нийслэлийн Засаг даргын 1995 оны А/206 дугаар захирамжаар тус байшинд Хүүхдийн хаяг тогтоох тасаг байгуулж, байшинг нийслэлийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Одоо тус байшинд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нарыг хамгаалах “Түр хамгаалах байр” байрладаг.
Гурав. Богдын номын сан байсан байшин
Богдын гал тогоо байсан байшингийн зүүн урд талд энэхүү нэг давхар модон байшин байдаг. Богд хааны ордон музейн өмчлөлд байдаг тус байшингийн дээврээс Богдын номын сан байсныг гэрчлэх баримт олдсон юм. Энэ байшинд одоо ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй байна.
Дөрөв. Богдын цагаан хоолны газар байсан байшин
Богдын номын сан байсан байшингийн зүүн урд талд энэхүү нэг давхар гоёмсог байшин байдаг. Энд Богдын цагаан хоолны газар байсан гэдэг. Хэдийгээр энэ байшин Богдын хааны ордон музейн өмчлөлд байдаг ч өнөөг хүртэл Удирдлагын академийн ахмад настан, тэдний үр хүүхдүүд амьдарч байна. Түүхэн дурсгалт энэхүү байшингийн чанх урд талд 2017 оноос эхлэн өндөр барилга барьж, сүүдэрт оруулаад байна.
Өлзий Ж., Монголын дурсгалт уран барилгуудын түүхээс, УБ., 1992
Сэржмядаг Д., Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн Түр хамгаалах байрны товч түүх (хэвлэгдээгүй материал), УБ., 2015