Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Консулын дэнжийн нууц бүлгэмийн байшин |
---|---|
Адил утгатай нэр: | Данчиновын байшин |
Хаяг байршил: | Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөөний урд талд, Орос эмнэлгийн хашаанд |
Солбицол: | N47 55 02.4, E106 56 57.6 |
Давхрын тоо: | 1 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Баянзүрх дүүргийн музей |
Дурсгалын төрөл: | Түүхэн дурсгалт байшин |
Түүхэн үе: | Богд Хаант Монгол Улсын Нийслэл Хүрээний үе (1912-1924) |
Баригдсан он: | 1912 |
Анхны зориулалт: | Хувийн сууц |
Хийц загвар: | Сонгодог архитектурын Орос загвар |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Мод |
Хамгаалалтын зэрэглэл: | Нийслэлийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоол |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
1912 оны үед Оросын консулын дэргэдэх бэлтгэл сургуулийн багш Данчинов өөрийн сууцанд зориулан бариулсан байшинд 1919 оны эцсээр Консулын дэнжийн нууц бүлгэм байгуулагджээ. Нийслэл Хүрээний консулын дэнжид байрлаж байсан учраас “Консулын дэнжийн нууц бүлгэм” гэж түүхэнд тэмдэглэгджээ.
Энэ бүлгэмд “Нийслэл хүрээний сонин бичиг”-ийн сурвалжлагч, консулын Орос сургуулийн монгол хэл, бичгийн багш, лам Д.Бодоо тэргүүтэй 1914-1917 оны хооронд Эрхүүд суралцаж байхад нь Оросын хувьсгалын нөлөөнөөс суралцаж магад хэмээн болгоомжилж Богд гэгээний Засгийн газраас гэдрэг дуудан ирүүлсэн монгол сурагчдын нэг Х.Чойбалсан, 1908-1910 онд Хятадын зүүн муж Шанхай, Бээжин хот болон Орос Улсын Ленинград, Москва зэрэг хотуудаар аялж байсан автономит төрийн үед цэргийн лам явсан Чойжин лам Д.Лосол, Орос, Европ орноор явж үзсэн хувийн худалдаа арилжаа эрхэлж байсан хөрөнгөлөг баян лам Чагдаржав, автономит засгийн жижиг албан хаагч Жигмиддорж, Алтангэрэл, Бавуу, болон Намсрай, Базарбаа (Базаров), Баяр тайж, Маслов (Маслаков) нарын хүмүүс байжээ. Мөн Консулын дэнжийн нууц бүлгэмийн үйл ажиллагаанд орос хэвлэлийн хорооны үсэг өрөгч М.И.Кучеренко, Я.В.Гембержевский нарын хувьсгалчид идэвхтэй оролцож байжээ.
1920 оны эхээр Хүрээний бүлгэмтэй нийлсний дараа Д.Бодоо, С.Данзан нарын удирдлагаар Монголын Хувьсгалт нууц бүлгэмийнхэн Данчиновын байшингийн зооринд хурал цуглаанаа хийж байжээ. Консулын дэнжийн нууц бүлгэм ажлаа төвлөн явуулж байсан консулын дэнж дэх бяцхан байшинг 1951 онд Х.Чойбалсан Орос сургуулийн багш Н.Г.Данчиновын байшин гэж зааж дурсгалын самбар хадуулжээ.
Хувьсгалын дараах жилүүдэд тус байшинг орон сууцанд ашиглаж байгаад дараа нь эмийн сангийн байр болгосон бөгөөд 1971 онд уг байшинд их засвар хийж “Нууц бүлгэмийн байр-музей” болгон үзмэр зохион байгуулсан ба өдгөө уг байшинд Баянзүрх дүүргийн музей байрлаж байна.
Тус түүхэн дурсгалт байшинг анх БНМАУ-ын СнЗ-ын 1969 оны 420 дугаар тогтоолоор Улсын хоёрдугаар зэргийн хамгаалалтад авч байсан бол хамгийн сүүлд нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар дүүргийн хамгаалалтад авсан.
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалаас, УБ., 1976
Пүрэв О., Монгол төрийн голомт, УБ., 2004
Пүрэв О., Сүхбаатар О., Нийслэлийн өв соёл, УБ., 2006
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017