Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Анхны их дэлгүүр, кино театрын байшин |
---|---|
Адил утгатай нэр: | Харилцан туслалцах хоршооны төв дэлгүүр, Хуучин “Ард” кино театр, “Хүүхдийн ба баримтат” кино театр |
Хаяг байршил: | Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жуулчны гудамжны урд хэсэгт, Барилгачдын талбайн урд хэсэгт |
Солбицол: | N47 55 11.3, E106 54 32.9 |
Давхрын тоо: | 1 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Исүс Христийн хожмын үеийн Гэгээнтнүүдийн сүм |
Дурсгалын төрөл: | Түүхэн дурсгалт байшин |
Түүхэн үе: | Богд Хаант Монгол Улсын Нийслэл Хүрээний үе (1912-1924) |
Баригдсан он: | 1910-аад оны сүүлч |
Анхны зориулалт: | Кино театр |
Хийц загвар: | Модерн |
Хэмжээ: | Урт: 29,8 м, Өргөн:22,6 м, Өндөр: 9,7 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго |
Хамгаалалтын зэрэглэл: | Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн. |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/529 дүгээр захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Хувийн өмчид |
Дайчин бэйсийн хорооны Сономын пүүсийн гудамжны эхэнд автономитын үед баригдсан хөх тоосгон байшинд дуугүй кино гарч орой бүр чийдэн гэрэлтдэг байжээ. 1921 онд Монголын Харилцан туслалцах хоршоо байгуулагдахад тус хоршооны төв дэлгүүр (одоогийн их дэлгүүр)-ийг энэ байшинд анх нээжээ. Тэр үед уг байшин баруун, зүүнээсээ гарч ордог модон шаттай, хойноосоо хаалгатай, хаалганыхаа хоёр талд хоёр хос цонхтой байшин байжээ. Дэлгүүр нь идэш ууш, бүс бараа, бэлэн хувцасны зэрэг гурван тасагтай, ёотон, орос гурил гэх мэт идэш уушнаас гадна бухаар гутал, орос хувцас зэргийг худалдаалдаг байжээ. 1930-аад оны үеэс Төв хоршооны дэлгүүр нь хожим “Өндөр хоршоо” хэмээн алдаршсан 2 давхар барилга (одоогийн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей байрлаж буй барилга)-д шилжин байрлажээ. Төв хоршооны дэлгүүр буюу Монголын анхны их дэлгүүр байрлаж байсан байшинд 1934-1935 онд “Ард” кино театр байгуулагдаж, 1966 онд тус кино театр шинэ барилгад шилжин байрласнаас хойш Хүүхдийн ба баримтат киноны театр 1990-ээд он хүртэл ажиллаж байжээ. Өдгөө тус байшинд Христийн сүм байрлаж байна.
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалаас, УБ., 1976
Нацагдорж Н., Улаанбаатар хотын барилгажилтын түүх, гэрэл зургын цомог, УБ., 2014
Очбаяр Г., Цацралт С., Чингэлтэй хайрханы өвөрт, гэрэл зургаар өгүүлсэн түүх, УБ., 2015
Пүрэв О., Монгол төрийн голомт, УБ., 2004