БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990)

Хоёр. УЛААНБААТАР ХОТ БАЙГУУЛАГДСАНЫ ДАРААХ ҮЕД ХОЛБОГДОХ ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛУУД

2.3. БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990)-ийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд

Улаанбаатар хотын хөгжлийн түүхийн нэгэн шинэ үе нь БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе бөгөөд хугацааны хувьд 1924-1990 оныг хамарна. 1924 онд хотын захиргааг анх байгуулж, хотын даргатай болсноор Улаанбаатар хотын түүхийн шинэ хуудас эхэлсэн юм. 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Улсын Анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолоор Нийслэл Хүрээний нэрийг Улаанбаатар хот хэмээн өөрчилж, БНМАУ-ын нийслэлээр тунхаглажээ. 1921 оны Ардын хувьсгалчдын шинэ нийгэм байгуулах хүсэл, зорилгоос эхлэлтэй нийгмийн шинэчлэл, бүтээн байгуулалтын үр дүнд Улаанбаатар хот орчин үеийн хот болж хөгжсөн юм. Энэхүү нийгмийн шинэчлэл, бүтээн байгуулалтын тусгалыг өнөөдөр тухайн цагийн үед бүтээгдсэн үл хөдлөх дурсгалуудаас харж болно.

Социализмын үеийн Улаанбаатар хотын дурсгалуудаас 1 дурсгалт газар, 35 байшин, барилга, 41 хөшөө баримал, нийт 77 дурсгалыг танилцуулж байна. Энд танилцуулж буй дурсгалын жагсаалтыг 2015 оны түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогод үндэслэсэн ба тус жагсаалтад түүхэн дурсгалт хэмээн үзсэн 10 гаруй барилга, байшинг шинээр нэмж оруулсан. Гэвч энэ жагсаалт бүрэн биш бөгөөд цаашид уг жагсаалт энэ үеийн олон дурсгалаар баяжигдах нь гарцаагүй юм.

Их Хүрээ, Нийслэл Хүрээний үеийн дурсгалууд тухайн цаг үеийнхээ дээд давхаргынханд зориулагдсан бол социализмын үеийн дурсгалууд ихэнхдээ олон нийтэд зориулан бүтээгдсэн гэдгээрээ онцлог. Тухайлбал: Их Хүрээ, Нийслэл Хүрээний үеийн дурсгалуудад сүм хийд, ноёд, баячуудын хувийн сууц зэрэг нь давамгай, олон нийтэд зориулсан барилга, байшин, хөшөө маш цөөн байгаа бол социализмын үеийн дурсгалд олон нийтэд зориулсан барилга, байшин, хот чимэглэлийн хөшөө дурсгалууд дийлэнх байна. Улаанбаатар хотод 1920-иод оны сүүлчээс нийтийн зориулалттай анхны орон сууц баригдаж, 1930 оноос нийтийн талбайд хөшөө, баримлуудыг босгож эхэлжээ.

Социализмын үеийн дурсгалууд нь тухайн цаг үеийнхээ социалист үзэл санаагаар хэлбэржсэн төдийгүй энэ үеийн хот төлөвлөлтийн тодорхой үе шат бүхэнд түүний тусгал архитектур, орон зай, барилга байгууламжид шингэж, өнөөдөр бидэнд хадгалагдан үлдсэн тухайн цагийн үеийн дурсгалуудыг бүтээсэн юм. Тодруулбал: Социалист системийн төв ЗХУ-аар хөгжлийн чиг баримжаагаа хийж байсан манай улс нь тухайн системд эсвэл ЗХУ-д өрнөж буй шинэчлэл, өөрчлөлтийг дагадаг байсан ба түүний тусгал хот төлөвлөлтөд шингэдэг байв. Харин бид энэхүү тусгалыг өөртөө шингээхдээ зарим тохиолдолд үндэсний бас уламжлалт хэв шинжийг хамт агуулж, өөрийн болгодог байв. Тухайлбал: Залуучуудын ордон буюу одоогийн Улсын драмын эрдмийн театрын барилгын нүүрэн талын ханын дээд хэсгийг морины толгойтой болгосон нь сонгодог хэлбэрийн барилгад үндэсний хэв загвараа тусгасан жишээ юм. Мөн Байгалийн түүхийн музей, хуучин Монголын үндэсний төв архив байрлаж байсан барилга, Улаанбаатар зочид буудлын барилга зэрэгт монголын үндэсний хэлбэр, маяг, чимэглэл туссан байдаг.

1945 оны дайны дараах энх цагийн бүтээн байгуулалтаар Улаанбаатар хотын төвийн хэсэг өнөөгийн дүр төрхөө олсон бөгөөд энэ үед баригдсан төв талбайн эргэн тойрон дахь ихэнх барилгууд неоклассизмын үеийн загвартай. Тухайлбал: Монголын орчин цагийн кино театрын зориулалтаар баригдсан Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кино театр буюу одоогийн Хөрөнгийн бирж, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Хотын захиргаа, Гадаад хэргийн яам, МУИС-ийн хичээлийн төв байр, Үндэсний номын сангийн барилгууд үүнд хамаарагдана.

Улаанбаатар хотод Монгол Улсын орчин анхны хөшөө 1930 онд боссон бөгөөд Д.Сүхбаатарын анхны хөшөө хэмээн нэрлэдэг тус хөшөөг Эрхүүгийн алдарт зураач К.И.Померенцов урласан юм. Харин монгол хүний бүтээсэн орчин цагийн анхны хөшөө нь төв талбайн дундах Д.Сүхбаатарын морьтой хөшөө бөгөөд түүнийг Монголд орчин цагийн баримлын урлагийн эхлэлийг тавьсан С.Чоймбол 1946 онд бүтээжээ. Тэрээр мөн ондоо Х.Чойбалсангийн хөшөөг бас хийжээ. 1946 онд Д.Чойдог, Н.Н.Бельский нарын зохиосон зургаар Яармагийн дэнжид “25 жилийн ойн өндөрлөг”-ийг бүтээсэн нь Улаанбаатар хот дахь түүхэн үйл явдалд зориулсан орчин цагийн анхны хөшөө болсон байна. 1946-1947 онд барималч Н.Жамбаа, А.Даваацэрэн нар Х.Чойбалсангийн өвлийн ордны хашаанд “Сур харваач”, 1948 онд барималч Н.Жамбаа хотын нийтийн талбайд “Эмнэг сургагч” баримлыг бүтээсэн нь Улаанбаатар хотын орчин цагийн анхны хот чимэглэлийн баримлууд болсон төдийгүй Монголын хот чимэглэлийн урлагийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн юм. Монгол урчууд хотын нийтийн талбайд орчин цагийн хөшөө, баримлыг 1946 оноос эхлэн барьж эхэлсэн бөгөөд тэдгээрийг С.Чоймбол, Н.Жамбаа, А.Даваацэрэн, Доржготов, уран Данзан, Лхамсүрэн, Дамдимаа, Д.Чойдог тэргүүтэй зураач, барималчид бүтээсэн юм.

1954 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх анхны ерөнхий төлөвлөгөө батлагдсанаар тус төлөвлөгөөний дагуу 1958-1961 онд анхны орон сууцны хороолол “40 мянгат” баригдсан байна.

1969-1971 онд Зайсан толгойд “Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөө цогцолбор”-ыг байгуулсан нь сүрлэг урлалын хөшөө, баримлын эхлэл байв.

1989 онд уран барималч Б.Хийморь Монголын анхны аж үйлдвэрийн комбинат байгуулагдсан Хан-Уул дүүргийн нутагт социализмын бэлгэ тэмдэг болсон ажилчин ангид зориулан “Ажилчны алдар” хөшөө байгуулсан нь Улаанбаатар хотын орчин цагийн анхны авангард загварын хөшөө болсон юм.

Социализмын үеэс үлдсэн дурсгалуудын хадгалалт хамгаалалтад нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл нь өнөөгийн хот төлөвлөлтийн бодлого юм. Улаанбаатар хотын төвийн хэсэгт социализмын үеийн дурсгалууд хамгийн өндөр нягтралтай байдаг бөгөөд тэдгээрийн орон зайд өндөр шилэн барилгууд баригдаж, бас хуучин барилгуудыг буулгаж, суурин дээр шинэ барилгууд барьж байгаа харамсалтай үйл явц маш хурдацтай өрнөж байна.

 

Холбоотой дурсгалууд