Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Төв талбайн дундах Д.Сүхбаатарын морьтой хөшөө |
---|---|
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Д.Сүхбаатарын гудамжинд |
Солбицол: | N47 55 06.8, E106 55 03.7 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990 он) |
Баригдсан он: | 1946 |
Зохиогч: | Барималч С.Чоймбол |
Хийсэн арга, техник: | Хүрэл цутгамал |
Тоо ширхэг: | 1 |
Бүрдэл хэсэг: | 14 чулуун арслан |
Хэмжээ: | Морьтой хөшөөний өндөр-4 м, урт-4.1 м, өргөн-1.85 м |
Хөшөөний хадны өндөр-4.65 м, урт-7.22м, өргөн-3.45 м | |
Хөшөөний суурийн өндөр-1.97 м, урт-9.25 м, өргөн-5.55 м | |
Материал: | Хүрэл, боржин чулуу |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг Даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Д.Сүхбаатарын морьтой хөшөө бол монгол хүний бүтээсэн орчин цагийн анхны хөшөөнүүдийн нэг юм.
Төр, цэргийн зүтгэлтэн, 1921 оны ардын хувьсгалыг удирдан зохион байгуулагчдын нэг Д.Сүхбаатарын алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор Ардын хувьсгалын 25 жилийн ойд зориулан дурсгалын энэхүү хөшөөг МАХН-ынТөв хороо, Сайд нарын Зөвлөлийн 1946 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 13/3 дугаар тогтоолоор төв талбайд байгуулах шийдвэр гарч, мөн оны долдугаар сарын 8-нд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор хөшөөний нээлтийг хийжээ. Хөшөөний эх загварыг уран барималч С.Чоймбол гаргаж, зураач Л.Намхайцэрэн, Д.Чойдог, барималч Н.Жамбаа, Д.Дамдиймаа, А.Даваацэрэн, Данзан, Нацаг, Лхамсүрэн нарын уран бүтээлчид хамтран бүтээжээ. Хөшөө нь нийт 12 метр өндөр бөгөөд үүнээс байц хадыг дүрсэлсэн суурь хэсэг нь 8 метр, морь унасан жанжны баримал 4 метр өндөртэй. Сүхбаатарыг дөрөөн дээрээ өндийн зогсоод баруун гараа өргөж, ард түмнээ шинэ ялалт амжилтад уриалан дуудаж байгаагаар дүрсэлжээ. Хөшөөг байц хэлбэрийн өндөр чулуун суурин дээр байрлуулж, нүүрэн талд нь Д.Сүхбаатарын хэлсэн “Бидний улс эв саналаа нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөөс, үл хүрэх газар үгүй бөгөөд мэдэхгүй, чадахгүй хэмээх явдал огт үгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц сэтгэлийн чин зориг мэднэ” гэсэн үгийг уйгаржин монгол бичгээр товойлгон сийлсэн байдаг. Хөшөөний суурийн хойд хананд Ардын хувьсгалчид Индэрийн талбай дээрээс ард иргэдэд хувьсгалын үйл хэргийг ухуулан сурталчилж байгааг, урд хананд Ардын журамт цэрэг эх нутгаа гамин цэргүүдээс чөлөөлж байгааг харуулсан зэс ингэмэлтэй. Хөшөөг тойрсон 14 чулуун арсланг ардын уламжлалт ур маягийн дагуу хийж, төмөр гинжээр холбосон байдаг. Арслангуудыг холбосон ширмэн гинжийг тухайн үеийн Төмөрийн заводын дарга Г.Батсүх удирдан хийлгүүлжээ.
Д.Сүхбаатарын шавар хөшөөний материалыг сайжруулж хүрэлдэх ажлыг 2010-2011 онд хийж гүйцэтгэсэн ба хүрэл хөшөөг нээх ёслол 2011 оны гуравдугаарын 01-нд болсон юм.
Болдбаатар Ч., Дуламрагчаа Ю., Нансалмаа Э., Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг, УБ., 2014
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотынтүүх,соёлын дурсгалаас, УБ., 1976
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017
Ч. Дашдаваа, Т. Гантөмөр, Ч. Болд, Сүхбаатарын хөшөөний үнэн түүх, УБ., 2011