Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Д.Сүхбаатар жанжны анхны хөшөө |
---|---|
Хаяг байршил: | Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний хойд талд, Батлан хамгаалах яамны хашаанд, баруун урд хэсэгт |
Солбицол: | N47 54 59.7, E106 58 12.7 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1930 |
Зохиогч: | К.И.Померанцев |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 2,35 м, Өргөн: 2 м, Өндөр: 6 м |
Материал: | Бетон |
Хамгаалалтийн зэрэглэл: | Нийслэлийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоол |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Улаанбаатар хот дахь Монголын орчин цагийн анхны хөшөө бол Д.Сүхбаатарын анхны хөшөө юм.
Монголын үндэсний баатар Д.Сүхбаатар 1923 оны хоёрдугаар сард нас барсан бөгөөд Засгийн газраас түүний үйл хэргийг мөнхжүүлэн ном хэвлэн гаргах, гэрэлт хөшөөг нь босгох ажил зохион байгуулж байв. 1923 онд Засгийн газар, МАН-ын Төв хорооноос Д.Сүхбаатар агсаны гавъяа зүтгэлийг илэрхийлсэн гэрэлт хөшөө чулуу сийлүүлэн байгуулж олны хуралдах Индэрийн орчим газар босгохоор тогтоосны дагуу 1930 онд Эрхүү хотын нэрт зураач К.И.Померанцевийн зураг төслөөр чоддин хэлбэрт хөшөөг Ардын цэнгэлдэх Бөмбөгөр ногоон театрын барилгын өмнө босгожээ. Хөшөөний дөрвөн талд зүмбэрлэн хийсэн зураг, нүүрэн талд Д.Сүхбаатарын морьтой дүрс байдаг. Хөшөө нь суурь, гол, оройн хэсгээс бүрдсэн бөгөөд хөшөөний дунд хэсгийн дөрвөн талд тус улсын 10 жилийн хөгжлийг тусгасан зураг ба бичээс, дээд хэсгийн нүүрэнд жанжин Д.Сүхбаатарын морьтой дүрс, дээд талд нь таван хошуу малыг тус тус зүмбэрдэн үзүүлж, дээр нь “Гавъяат нөхөр жанжин Сүхбаатар болвоос олон үгээгүй ардын эрх чөлөөний тул гадаад, дотоодын харгис лугаа халширалгүй баатарлан байлдаж удирдан...” гэсэн үгийг хойд талд нь Монгол орны газрын зургийг дүрслээд дээр нь өмнө дурдсан үгийг үргэлжлүүлэн “...байгуулалцсан манай Ардын хувьсгалт нам эвлэл ба засаг төр, улаан цэргийн гүн зорилтыг бүтээсэн гайхамшигт үр дүн нь...” гэсэн үгийг, зүүн талд нь нүүдэл дүрслээд “...арван жилийн хөгжилтөөс гэрчлэгдмой. Эл марташгүй дурсгал тоолшгүй оныг мөнхөд үргэлжлүүлэхийг илэрхийлэн дурьдаж хөшөө босгов” хэмээн бичжээ. Энэ хөшөө нь агуулгаараа жанжин Д.Сүхбаатарын үйл хэрэг мөнх ялан мандсаар байна гэсэн санааг илэрхийлжээ.1946 онд төв талбайг цардаж, Д.Сүхбаатарын морьтой хөшөөг босгоход уг хөшөөг Цэргийн ерөнхий сургууль буюу одоогийн Батлан хамгаалах яамны хашаанд шилжүүлэн байрлуулжээ.
Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1936 оны 49 дүгээр хурлаас гавъяат нөхөр жанжин асан Д.Сүхбаатарын бунхны дэргэдэх дурсгалын хөшөө чулууны үг үсэг ба хайс зэрэг нь эвдрэн хэмхэрч хуучирч муудсан тул мөнхүү хөшөөг эрхбиш дахин сэргээн шинэтгэж, сэлбэн засуулах ажлыг Сайд нарын Зөвлөлөөр эрхлэн гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрийг үндэслэн Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдаас 1936 оны аравдугаар сарын 3-ны өдөр гаргасан 194 тоот тушаалд : “Гавъяат түүхт хүндэт нөхөр Д.Сүхбаатарын дурсгалын хөшөөг бат бэх бөгөөд маш гоёмсог үзэсгэлэнтэйгээр дахин шинэтгэн сэргээх нь туйлын зүйтэй болох тул одоо эл хөшөөг чухам хэрхэн ямар янзтайгаар засаж сайжруулах хийгээд хичнээн зардал сүйтгэл орох зэрэг явдлыг сайнаар боловсруулан хянаж жич тооцвоос зохино” гэж заагаад тусгай комисс байгуулж, комиссын даргад Цэргийн яамны сайд, Хотын захиргааны дарга Гомбожав, Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргаДэндэв нарыг томилж, нэг сарын дотор энэ тухай сайнаар боловсруулан хянаж, саналыг гарган ирүүлэхийг уг комисст даалгажээ. Үүний хамт “Улсын төв театрын хашааны дотор байгуулсан гавъяат нөхөр Д.Сүхбаатарын дурсгалын хөшөө нь нэгэн адил хуучирч муудсан эсэхийг хамтаар хянан мэдэж, хэрэв дээрхийн адил шинэтгэх, засах зүйлүүд байх ахул уг төлөвлөгөө саналыг хамтатган хянаж ирүүлбээс зохихыг тус комисст хамт даалган тушаав” гэжээ.
Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Нийслэлийн хамгаалалтад авсан.
Болдбаатар Ч., Дуламрагчаа Ю., Нансалмаа Э., Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг, УБ., 2014
Ганбаатар Л., Нарангэрэл Г., Цахиур С.,Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт, чиг хандлага, УБ., 2016
Ганхуяг О., Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгал, УБ., 2010
ГунгаажавП.,Дүрзээ Ч., Улаанбаатар хотын түүх соёлын дурсгалаас, УБ., 1976
Дашдаваа Ч., Сүхбаатарын хөшөөний үнэн түүх, УБ., 2010
Цэрэнчулуун А.,Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017