Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Үндэсний номын сангийн барилга |
---|---|
Адил утгатай нэр: | Улсын нийтийн төв номын сан |
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөөний зүүн талд |
Солбицол: | N47 54 51.9, E106 54 56.9 |
Давхрын тоо: | 3 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Монголын үндэсний номын сан |
Дурсгалын төрөл: | Архитектурын дурсгалт барилга |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1946-1951 |
Зураг төслийг зохиогч: | Н.М.Щепетельников |
Анхны зориулалт: | Нийтийн төв номын сан |
Хийц загвар: | Неоклассизм |
Хэмжээ: | Урт: 85,4 м, Өргөн: 30,3 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго |
Хамгаалалтын зэрэглэл: | Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн. |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/529 дүгээр захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Үндэсний номын сангийн барилга бол Улаанбаатар хотын төвийн хэсгийг шинэчлэн байгуулах төлөвлөгөөний дагуу буюу дайны дараах энх цагийн бүтээн байгуулалтаар барьж байгуулсан архитектурын дурсгалт барилгуудын нэг юм. Тус барилга нь Монгол Улсын үндэсний хэмжээний номын сангийн зориулалтаар баригдсан анхны барилга бөгөөд ЗХУ-ын архитектор Н.М.Щепетельниковын зураг төслөөр 1946-1951 онд барьжээ.
1946 оны аравдугаар сарын дунд үеэс барилгын газар шорооны ажлыг эхлүүлсэн ба тэр үед 200 орчим олзлогдогсод уг барилга дээр ажиллаж байжээ. Барилгын ажлын явцыг шалгаж 1947 оны гуравдугаар сарын 25-нд гаргасан дүгнэлтэд: Номын сангийн барилгын суурийг өрөх цемент байгаа боловч бусад материалыг татаж авч чадаагүй байна гэж тэмдэглэжээ. ОЦХЭЕГ-ын Зураг-төслийн конторын дарга, инженер Мотоо бичихдээ: Японы олзлогдогсдыг нутаг буцах үед Улсын номын сангийн шавардлага, будаг нь дутуу байсан гэжээ. Улсын төв номын сангийн барилгыг барьж дуусгах ажил ихээхэн удааширч, япончуудыг явсаны дараа монгол барилгачид гүйцээн барьж дуусгажээ.
Анхдугаар таван жилийн эхний жилд Улсын төв номын сангийн гурван давхар барилгад 4560 сая төгрөгийн төсвийг баталж, дараа дараагийн жилд төсөвт тусгагдсанаар 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойн баяраар ашиглалтад оруулжээ.
1921 онд “Улсын номын сан” нэртэйгээр байгуулагдсан тус номын санг 1987 онд “Улсын төв номын сан”, хамгийн сүүлд 2004 онд “Үндэсний номын сан" хэмээн нэрлэжээ. Мөн уг барилгад БНМАУ-ын ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар байрлаж байв.
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1949 оны арван хоёрдугаар сарын 20-ны 34 дүгээр зарлигаар тус номын санг И.В.Сталины нэрэмжит болгожээ. 1951 онд тус барилгын нүүрэн талд И.Сталиний дөрвөн метр хүрэл хөшөөг ЗХУ-аас авчиран гурван метр өндөр төмөр бетон суурин дээр баруун зүг харуулан байрлуулжээ. Сталины хөшөөг 1990 оны хоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө буулгаж, түүний суурийн дээр 2005 онд Бямбын Ринчений хөшөөг босгожээ.
Болдбаатар Ч., Дуламрагчаа Ю., Нансалмаа Э., Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг, УБ., 2014
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотынтүүх,соёлын дурсгалаас, УБ., 1976
Дашдаваа Ч., Японы олзлогдогсод Монголд, УБ., 2013