Богд Хаант Монгол Улсын Нийслэл Хүрээний үе (1911-1924)

Хоёр. УЛААНБААТАР ХОТ БАЙГУУЛАГДСАНЫ ДАРААХ ҮЕД ХОЛБОГДОХ ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛУУД

2.2. Богд Хаант Монгол Улсын Нийслэл Хүрээний үе (1911-1924)-ийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд

Улаанбаатар хотын хөгжлийн түүхийн нэгэн үе нь Богд Хаант Монгол Улсын Нийслэл Хүрээний үе юм. Хугацааны хувьд 1912-1924 оныг хамааруулан авч үздэг.

1911 оны 12 дугаар сарын 29-нд Их Хүрээний төв дундах Богдын Шар ордонд VIII Богд Жавзандамба хутагтыг хаанд өргөмжилж, Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол Улсыг зарлан тунхаглажээ. Энэ үйл явдлаас хойш хоёр сарын дараа, 1912 оны 2 дугаар сарын 7-нд Богд хааны зарлигаар Их Хүрээний нэрийг өөрчлөн Нийслэл Хүрээ хэмээн өргөмжилсөн юм. Нийслэл Хүрээ нь Монгол Улсын улс төр, шашин, худалдаа, соёлын амьдралын төв төдийгүй нийслэл хот нь байв.

Нийслэл Хүрээнээс 19 дурсгал хадгалагдан үлдсэнээс 3 дурсгалт газар, 2 сүм, дуган, 14 байшин, барилга байна. Эдгээр дурсгалууд нь зөвхөн хотын түүхийн дурсгалууд төдийгүй, Монгол Улсын тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн үйл явдлуудтай салшгүй холбоотой.

Нийслэл Хүрээний үе нь Улаанбаатар хотын түүхийн үеүдээс хамгийн бага хугацааг хамардаг бөгөөд энэ үеийн хамгийн эртний дурсгал нь тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны дурсгалд болон Богдын харааг сайжруулах зорилгоор 1911-1913 онд барьсан Мэгжид Жанрайсэгийн дуган юм. Харин энэ үеийн төгсгөлд холбогдох дурсгал нь 1923 онд Дондогдулам хатныг оршуулсан дурсгалын газар болой. Тус үеийн дурсгалуудаас хамгийн олон тоотой хадгалагдан үлдсэн нь байшин, барилга бөгөөд нийт дурсгалын 73 хувийг эзэлж байна. Харин хамгийн бага тоотой нь сүм хийд ба энэ үед холбогдох хөшөө дурсгал байхгүй.

1911 онд Монголын төр дахин сэргэсний дараа монголын ноёдууд өөрсдөдөө зориулан хувийн тансаг сууц бариулах явдал элбэгшсэн бөгөөд Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэн, Гадаад яамны сайд Чин ван Ханддорж нарын сууц өдгөө хадгалагдан үлджээ. Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн хувийн сууцийг өдгөө Гоожингийн өндөр, Чин ван Ханддоржийн сууцыг Дайчин вангийн өндөр, Ханддоржийн өргөө хэмээн нэрлэж байна. Мөн Богд хааны зуны Хүрэн ордны цогцолбороос үлдсэн барилгууд энэ үед хамаарагдана. Буриад худалдаачин Цогтбадамжавын 1918-1919 онд бариулсан хувийн сууц тухайн цаг үедээ Нийслэл Хүрээний чамин тансаг байшингуудын нэгд тооцогддог байв. Өдгөө тус байшинд Улаанбаатар хотын музей байрлаж байна.

Нийслэл Хүрээнд худалдаа, үйлчилгээний олон газрууд шинээр нэвтэрч, тэдгээр газрууд байрлаж байсан байшингуудаас цөөн хэд нь хадгалагдан үлджээ. Тухайлбал: 1913-1914 онд баригдаж, 1915-1919 онд Монголын Үндэсний банк байрлаж байсан байшинд өдгөө Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, 1913 онд баригдаж, 1914 оноос монголын анхны холбоо буюу төмөр утасны хороо байрлаж байсан байшинд эдүгээ Ванхүү Трейд ХХК, 1910-иад оны сүүлчээр баригдаж дуугүй кино гарч, 1921 онд Харилцан туслалцах хоршооны төв дэлгүүр буюу анхны их дэлгүүр байрлаж байсан байшинд одоо Хожмын үеийн Гэгээнтний сүм тус тус байрлаж байна.

Энэ үеийн хамгийн алдартай дурсгал бол төвөд, хятад загвартай Мэгжид Жанрайсэгийн дуган бөгөөд түүнийг тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг хэмээн үздэг.

1921-1924 оны зурвас хугацааг нэгэн үе болгон авч үзэж болох ч Нийслэл Хүрээнд хамааруулан авч үздэг. 1921 онд Ардын хувьсгалыг тунхагласан үйл явдал нь Улаанбаатар хотод тод ул мөрөө үлдээсэн бөгөөд Ардын хувьсгалыг тунхагласан Индэрийн талбай нь Улаанбаатар хотын төв талбай болсон юм.

Нийслэл Хүрээний үеийн дурсгалуудын хадгалалт хамгаалалтын орчин Их Хүрээний дурсгалуудтай нэгэн адил бөгөөд ихэнх дурсгалуудын хажууд сүр барааг халхалсан өндөр барилгууд баригдсан. Энэ үеийн дурсгалуудаас хамгийн харамсалтай жишээ нь Жигжиджавын байшин бөгөөд тус байшинг 2015 онд нийслэлийн Засаг даргын А/529 дүгээр захирамжаар соёлын өвд бүртгэн авсан ч 2017 онд дээврийг нурааж, дээр нь хоёр давхар өргөтгөлийг барилга барьсан. Энэ бол соёлын өвийн орон зай, архитектурт халдсан маш бүдүүлэг үйлдэл бөгөөд өргөтгөлийн барилга барих зөвшөөрөл олгосон нь мэргэжлийн бус шийдвэр байв. Нийслэл Хүрээний үеийн ихэнх барилгууд 100 жилээс дээш насжилттай ба өнөөдөр энэ үеийн ихэнх дурсгалууд сэргээн засварлагдах шаардлагатай бүрэн сэргээн засварлаагүй байна.