Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Өндөр хоршооны хоёр давхар байшин |
---|---|
Адил утгатай нэр: | Монголын үндэсний банк |
Хаяг байршил: | Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Жуулчны гудамжны хойд талд, Барилгачдын талбайн зүүн урд |
Солбицол: | N47 55 11.5, E106 54 33.2 |
Давхрын тоо: | 2 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей |
Дурсгалын төрөл: | Түүхэн дурсгалт байшин |
Түүхэн үе: | Богд Хаант Монгол Улсын Нийслэл Хүрээний үе (1912-1924) |
Баригдсан он: | 1913-1914 |
Анхны зориулалт: | Орос худалдааны төв |
Хийц загвар: | Модерн |
Хэмжээ: | Урт: 58,1 м, Өргөн: 35,8 м, Өндөр: 13,1 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Төмөр, мод |
Хамгаалалтын зэрэглэл: | Улсын хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоол |
Хамгаалалтын бүс тогтоосон он, шийдвэр: | Засгийн газрын 2009 оны 135 дугаар тогтоол |
Хамгаалалтын бүсийн хэмжээ: | 2682 м.кв. |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Баруун Сэлбэ голын урд хэсэг, Нийслэл Хүрээний мах худалдаалах зах буюу Махан довын зүүн талд 1913-1914 онд хоёр давхар байшин баригдсан нь тухайн үеийн том байшингуудын нэг байжээ.
Тус байшинд 1915 онд “Монголын үндэсний банк” нэртэйгээр Орос-Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк байгуулагдаж, 1919 онд хаагджээ. Гамингийн үед 1919 онд уг байшинд Чжи-Бянь-ин-Хань (Хао-Бу-я) хэмээх хятад банк нээж цаасан мөнгө гаргаж байсан аж. 1921 оны долдугаар сарын 6-нд Зөвлөлт Оросын улаан цэргийн ангиудын түрүүч Нийслэл Хүрээг чөлөөлөхөөр орж ирээд тэнд буудаллан улмаар Улаанцэргийн комендатын газар байрлаж, бас цэргийн эмээл хазаар, тоног хэрэгсэл, савхин гутал зэргийг хийх, сэлбэн засах үйлдвэр ажиллах болжээ. Дараа нь Аж Ахуйн Яам, Харилцан туслалцах хоршооны ерөнхий хороо орж, доод давхарт нь хивс нэхэх жижиг цех ажиллаж байв.
1930 онд уг байшинг өргөтгөн Харилцан туслалцах хоршооны төв дэлгүүр болгосон нь “Өндөр хоршоо” хэмээн алдаршжээ. Тэр үед “Өндөр хоршоо”-ны зүүн хэсэгт нь худалдааны сургуулийн анхны үүсвэр болох дансны ажилтны зургаан сарын хугацаатай курсыг 42 сурагчтайгаар нээж хичээллүүлжээ. 1954 онд тус дэлгүүрийн барилгын дотоод талыг өөрчлөн худалдааны том танхимууд болгон засаж, тохижуулсан байна. 1961 онд Улсын их дэлгүүр шинэ барилгад орж, тус байранд Улсын номын дэлгүүр, Урчуудын Эвлэлийн Хороо байрлаж байв. Ардын зураач Н.Чүлтэмийн Монголын “Эрмитаж” байгуулах санаа биеллээ олж 1965 оноос өнөөг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей тус байшинд байрлаж байна.
Тус барилгын үндсэн хэсэг нь хоёр давхар, зүүн хойт жигүүртээ гурван давхар бөгөөд чулуун суурьтай тоосго, мод хослуулан угсарсан өвөрмөц хийцтэй байшин юм. Энэхүү барилга нь уртаашаа 67 метр, зүүн жигүүр нь Г маягийн өргөтгөл хэсэгтэй.
Энэхүү түүхэн дурсгалт байшинг анх Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 1987 оны 326 дугаар тогтоолоор хотын хамгаалалтад авч байсан бол хамгийн сүүлд Засгийн газрын 2008 оны 175 тогтоолоор Улсын хамгаалалтад бүртгэн авсан.
Нацагдорж Н., Улаанбаатар хотын барилгажилтын түүх, гэрэл зургын цомог, УБ., 2014
Очбаяр Г., Цацралт С., Чингэлтэй хайрханы өвөрт, гэрэл зургаар өгүүлсэн түүх, УБ., 2015
Пүрэв О., Монгол төрийн голомт, УБ., 2004
Пүрэв О., Сүхбаатар О., Нийслэлийн өв соёл, УБ., 2006