Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Анхны холбооны байшин |
---|---|
Адил утгатай нэр: | Богд хааны хөгжимчдын байр |
Хаяг байршил: | Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний урд талд, Бөхийн өргөөний баруун хойд хэсэгт |
Солбицол: | N47 55 06.1, E106 56 05.9 |
Давхрын тоо: | 1 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | “Терра европ” ресторан, пааб, Батбайгаль бэйкери, Ванхүү ХХК-ийн нэрийн дэлгүүр |
Дурсгалын төрөл: | Түүхэн дурсгалт байшин |
Түүхэн үе: | Богд Хаант Монгол Улсын Нийслэл Хүрээний үе (1912-1924) |
Баригдсан он: | 1913 |
Анхны зориулалт: | Богд хааны хөгжимчдийн байр |
Хийц загвар: | Модерн |
Хэмжээ: | Урт: 43,6 м, Өргөн: 11,6 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Мод |
Хамгаалалтын зэрэглэл: | Нийслэлийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоол |
Өмчлөлийн хэлбэр: | Хувийн өмчид |
Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөхийн өргөөний хойд талд байгаа Холбооны анхны байшин буюу Төмөр утасны хороо хэмээн нэрлэгдэж байсан байшин нь 1913 онд баригдсан бөгөөд 1914 онд баруун талын залгааг барьж дуусгажээ. 1913 онд тус барилгад Үнэн алдартны шашны сүмийн хөгжимчид байрлаж, зарим үед Богд хааны зуны ордонд тоглодог байв.
1915 онд Нийслэл хүрээнд 60 номертой 24 хэрэглэгчтэй телефон станц анх байгуулагдан энэхүү барилгад байрлах болжээ. Тэр цагаас уг барилгыг “Төмөр утасны хороо” байрлаж байсан барилга буюу Холбооны анхны барилга хэмээн нэрлэх болжээ. Гамингийн үед тус барилгыг эзлэн цэргийн штаб болгожээ.
1921 оны долдугаар сард Ардын журамт цэрэг, улаан армийн ангиуд Нийслэл Хүрээнд орж ирээд Утасны хороог эзлэн авснаар Цэргийн холбоо байрлах болж, дараа нь Холбооны музей байрлажээ.
1930-аад онд нэгдүгээр морин бригадын штаб байгаад дивиз болон өргөжсөн бөгөөд залгаа хоёр барилгын баруун талын барилгад Бүх цэргийн жанжин Г.Дэмид ажиллаж байжээ. 1970-аад онд Ардын цэргийн арын алба, Цэргийн шүүх, прокурорын байгууллагууд байрлаж байв.
Тус түүхэн дурсгалт байшинг анх Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 1987 оны 326 дугаар тогтоолоор хотын хамгаалалтад авч байсан бол хамгийн сүүлд Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалд бүртгэн авсан. Хувийн эзэмшилд байдаг уг байшинд өдгөө хүнсний дэлгүүр, зоогийн газар, пааб үйл ажиллагаа явуулж байна.
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалаас, УБ., 1976
Пүрэв О., Монгол төрийн голомт, УБ., 2004