Түүх, соёлын дурсгалт газрын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Хүрээ сайдын газар |
---|---|
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруугийн гудамжны зүүн талд, МУБИС-ийн хичээлийн төв байр орчим |
Солбицол: | N47 55 05.2, E106 55 29.2 |
Дурсгалын төрөл: | Дурсгалт газар |
Түүхэн үе: | Богд Хаант Монгол Улсын Нийслэл Хүрээний үе (1912-1924) |
Түүхэн үйл явдлууд: | 1911 онд сэргэн мандсан Богд Хаант Монгол Улсын таван яам болон 1921 оны хувьсгалын дараах Ардын Засгийн Газрын яамдууд байрлаж байсан газар. |
Энэхүү түүхэн дурсгалт газарт 1911 онд сэргэн мандсан Монгол Улсын төрийн анхны таван яам болох Дотоод, Гадаад, Сангийн, Цэргийн, Шүүх яам байрлаж байжээ. Тус яамдыг “Хүрээний сайдын яам” хэмээн нэрлэж байв. Хожим нь 1921 оны Ардын Засгийн газрын шинэ яамдууд Богдын Засгийн газрын хуучин яамдын байранд байрлаж байв.
“Хүрээний сайдын яам” байсан газарт 1929-1930 онд Сангийн яамнаас эрхлэн хоёр давхар тоосгон барилгыг бариулан Ардын Хувьсгалын 10 жилийн ойгоор БНМАУ-ын Засгийн газар, Ардыг гэгээрүүлэх, Шүүх, Эрүүлийг хамгаалах яамдыг байрлуулж, хэдэн жилийн дараа Засгийн газар тус байранд үлджээ. 1944 онд Засгийн газрын хоёр давхар байшинд нэг давхар нэмж өргөтгөсөн бөгөөд гурван давхрын баруун талын өрөөнд маршал Х.Чойбалсан 1951 оныг хүртэл ажиллаж байв. 1951 онд Засгийн газар одоогийн Төрийн ордонд шилжин байрлаж, хуучин байранд нь Улсын Багшийн Институтын (одоогийн МУБИС) хичээлийн төв байр өнөөг хүртэл байрлаж байна.
Болдбаатар Ч. нар, Нийслэл Улаанбаатар хотын он цагийн дараалал, УБ., 2014
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалаас, УБ., 1976
Пүрэв О., Монгол төрийн голомт, УБ., 2004