Түүх, соёлын дурсгалт газрын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Зайсан толгой |
---|---|
Хаяг байршил: | Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын ар, Соёмбот толгойн зүүн тал, Зайсангийн гудамжны зүүн талд |
Солбицол: | N47 53 3.6, E106 54 55.8 |
Дурсгалын төрөл: | Дурсгалт газар |
Түүхэн үе: | Манжийн үеийн Их Хүрээ (1706-1911) |
Түүхэн үйл явдлууд: | Богдын шавь отгийн захирагч Зайсангууд тахидаг байсан толгой бөгөөд 1971 онд Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөг толгойн оройд босгосон. |
1840 онд V Богд Жавзандамба хутагтад зориулан Туул голын хойд хөвөөнд Цагаан ордон буюу Гунгаадэжидлэнг байгуулж өгсөн цагаас хойш Туул, Дунд голын хооронд Жавзандамба хутагтын амьдрах тусгай бүс нутаг бий болжээ. Богд Жавзандамба хутагтад жил бүр түүний шавь отгийн захирагч Зайсангууд бараалхахаар ирэхдээ Богд хан уулын ар талын аманд сууж, унаа хөсөг сэлтээ байршуулан, тахилгат овоо бүхий толгойг тахиж ёс төр гүйцэтгэдэг байсан гэдэг. Тиймээс уг толгойг Зайсан толгой, уулын амыг нь Ар Зайсангийн ам хэмээн нэрлэдэг.
1956 онд Зайсан толгойн орой дээр БНМАУ-ын эрх чөлөө, тусгаар тогтнол, хувьсгалт ололт амжилтыг харийн түрэмгийлэгчдээс хамгаалсан удаа дараагийн байлдаанд алтан амиа өргөсөн зөвлөлтийн эрэлхэг дайчдын дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг анх босгоноос хойш энэ толгой Улаанбаатар хотын ерөнхий төрхийг хардаг газар болсон. 1969 онд Зайсан толгой дээр босгосон Гэрэлт хөшөөг буулгаж, түүний оронд Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөө цогцолборыг 1971 онд байгуулсан.
1954 онд Зайсан толгойг хөшөөт толгой, Зайсангийн амыг хөшөөт ам гэж нэрлэх шийдвэр гаргасан боловч ард олон хүлээж аваагүй байна.
Зайсан толгойн холбогдолтой 10 гаруй домог байдаг бөгөөд тэдгээрээс дараах домгуудыг түүвэрлэн хүргэж байна.
ЗАЙСАН ТОЛГОЙН ДОМОГ
Нэг. Чингэлтэй хайрхан, Богд уул хоёр эрт цагт эв түнжингүй байжээ. Үүнээс болж газар дэлхий хилэгнэж, улаан шуурга, ширүүн бороо, цас мөндөр тасрахаа больжээ. "Хоёр уулыг эвдрэлцүүлж байгаа нэг шулам байна, Тэр удахгүй газар дороос гарч ирэх гэж байгаа юм байна. Тэр газарт нь нэг жижг уул тавьчихвал зүгээр юм байна” гэж Хүрээ хийдийн сайдууд зөвлөлджээ. Тэр дагуу нэгэн хүчирхэг эрийг томилж гай гамшиг, өвчин тахал удах муу хорыг даруулахаар нэг жижигхэн уул авчруулж, шулмын дээрээс даруулсан гэнэ. Тэр толгой нь одоогийн Зайсан толгой гэнэ.
Хоёр. VIII Богд Жавзандамба хутагтын шавь отгийн нутгийн захирагч нар Зайсан цолтой байжээ. Жил бүр хөдөөнөөс отгийн хоёр зуугаад зайсан Богдод бараалхахаар ирдэг байж. Тэдгээр Зайсангууд Богд уулын ар талын нэг аманд сууж, унаа хөсөг сэлтээ өвөр талын аманд байлгадаг байж. Тэгээд овоогоо тахиж ёс төрөө гүйцэтгэдэг байсан энэ хоёр амыг Ар зайсан, Өвөр зайсан гэж нэрлэн тахилгат овоо бүхий толгойг Зайсан толгой гэх болсон гэнэ. Харин 1970 онд Зайсан толгойг хөшөөт толгой, Зайсангийн амыг хөшөөт ам гэж нэрлэх шийдвэр гаргасан боловч ард олон хүлээж аваагүй байна.
Гурав. Нэг өдөр Богд хаан нарлаж байхдаа нэг жижиг дов овойсон байсныг ажиглажээ. Хоёр гурав хонотол нөгөө дов нь бас л томорсон байв гэнэ. Удалгүй довцог болоод Богд уулын мод наашаа нүүж эхэлжээ. Богд хаан ном эрдэмтэй лам нараа цуглуулаад энэ тухай хэлсэнд нэг лам: “Төвөдөөс Монголын модыг авчир гэж увидас тарнийн хүчээр нэг уул явуулжээ. Тэндээ хэргэм цолгүй уул юм бололтой. Төвөдүүд хээл хахууль, хэргэм зэрэгт дуртай” гэсэнд Богд хаан: “Аа тийм үү, тэгвэл зайсан цол өгье” гээд энд нь тогтоожээ. Толгой ч томрохоо больж, мод ч нүүхээ болив гэнэ.
Дөрөв. Төвөд нутагт их догшин савдаг Марчинбомбарай гэдэг их улаан цогц уул байдаг гэнэ. Тэгээд тэр уулнаас тасалж Халхын Богд хан уулын бичээч болгож “зайсан” цол өгсөн гэдэг домог бий. Энэхүү домгоос улбаалан манай энд байсан түвд лам нар худалдаачин түвдүүд Зайсан уулыг их шүтэн тахиж байжээ. Энэ ууланд дээр сүүлд Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор байгуулах үед оройноос нь зургаан метр тасалж овоог нураахад нь амыг нь ломбодсон том хар ваар гарсан учир тэр зүйлийг буцааж доош нь хийгээд цемент цутгаж уул хөшөөгөө барьсан гэдэг.
Тав. Богд хан уулын Баруун ба Зүүн ширээ гэх тэгшивтэр оройтой өндөрлөг Улаанбаатар хотын талаас ив илхэн харагддаг. Эрт нэгэн цагт Хангарди шувуу Хан уулын орой дээр сууж байгаад нисэхдээ тэдгээрийн оройг тас базаж аваад нэгийг зам зуурт алдсаны нэг нь Зайсан толгой, нөгөө нь Лүн сумын дэргэдэх “Лүн” толгой болсон гэнэ гэдэг домогтой аж.
Зургаа. Өөр нэгэн домогт өгүүлснээр бол Богд мэргэн баатар, Чингэлтэй бөх хоёр айл аймаг амьдардаг байж гэнэ. Гэтэл Богд мэргэн баатар лусын үзэсгэлэн гоо Туул охиныг эхнэр болгон авахаар болжээ. Уг нь Чингэлтэй бөх Туул охинд сэтгэлтэй байсан юм санж. Тэгээд баатар, бөх хоёр маань эр чадлаа үзэж хэн дийлсэн нь лусын охин Туулыг авахаар хэлэлцэж тохиролцоод ач тач ноцолдон Богд мэргэн баатар арай гэж дийлсэн тул охиныг авах болжээ. Гэтэл Чингэлтэй бөх ийн хэлжээ: Хэлэлцсэн ёсоор чи Туул охиныг авах бизээ, харин чамаас гуйх нэгэн зүйл байна, би Туул охинд байнга сэтгэл алдрах учир миний толгойг авч дэргэдээ тавь, би үхсэн ч миний толгой Туулыг байнга харж байг гэж гуйснаар Чингэлтэйн толгойг авч дэргэдээ тавьсан нь Зайсан толгой болж, Чингэлтэй маань өөрөө хойд уул болсон юм гэдэг.
ЗАЙСАН ТОЛГОЙН НЭГЭН ДОМГИЙН УТГА
С.Бадамхатан абугайн “Эрдэм шинжилгээний бүтээлүүд-III” цуврал бүтээлд Зайсан толгойн нэгэн домгийн талаар сонирхолтой баримт мэдээ тэмдэглэгдсэнийг сонирхуулъя.
“... Шарын шашны толгойлогч Богдыг Төвөдөөс залах явдлыг эсэргүүцсэн үзэл Зайсан толгойн домогт илэрч байна гэж үзэж болох мэт санагдана. Үүгээрээ энэ домог Богдыг амьд бурхан гэж зарлан ард түмнийг мунхруулж байсан бурангуй үзлийн эсрэг хандсан нийгмийн гүн агуулгатай бөгөөд гэхдээ тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ард түмэн үзлээ нэлээд болгоомжтойхон ёгтлон илэрхийлсэн бололтой. Энэ домогт “Богдыг өглөө босоод салхинд явж байтал Туул голын урд талд хэсэгхэн газар овойсон байх нь харагджээ. Түүнээс хойш өглөө босоод харах бүрд улам товойж томроод байсанд мэргэн хүнээс учрыг асуувал “Төвөдөөс Халхын модыг авчруулахаар нэг уул явуулжээ. Гэвч энэ уул төвөддөө ямар ч алдар нэргүй энгийн нэг уул бөгөөд цол хэргэмд их дуртай бололтой. Иймд түүнд цол өгвөл эндээ үлдэх юм байна” гэсэнд Зайсан цол өгч үлдээв” гэж гардаг. Энэ домогт эх нутгийнхаа байгалийг хамгаалсан тухай өгүүлэхийн зэрэгцээ төвөдөөс амьд бурхан гэж өргөмжилөгдөн ирсэн Богд бол чухамдаа нутагтаа бол энгийн л нэг төвөд, харин энд ирэхээрээ энгийн нэг толгойн зайсан цолтой болсон шиг энгийн нэг төвөд, бурхан гэж өргөмжлөгдөж гэсэн санааг илэрхийлж байгаа ажээ.
Үүнээс үзэхэд шашны холбогдолтой газар усны домгууд нь Монгол оронд шарын шашин дэлгэрсэн түүхийг судлахад чухал хэрэглэгдэхүүн болохоос гадна ард олны дунд шашны эсрэг тэмцсэн дэвшилтэт үзэл мөн байсныг илтгэн харуулах шинжилгээний чухал ач холбогдол бүхий юм...” гэжээ.
Бадамхатан С., Эрдэм шинжилгээний бүтээлүүд III, УБ., 2005
Гэрэлбадрах Ж., ““Дөчин, Дөрвөн хоёрын” Монгол Улсын язгууртны цол зэрэг”, УБ., 2010
Дашзэгвэ Н., Хүрээ дөрвөн уул, хатан туул, УБ., 1992
Сүхбаатар О., Монголын газар усны нэрийн домог, УБ., 2001