Түүх, соёлын дурсгалт газрын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Тусгаар тогтнолын талбай |
---|---|
Адил утгатай нэр: | Ялалтын талбай |
Хаяг байршил: | Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Ж.Самбуугийн гудамжны хойд хэсэг, Тэнгис кино театрын баруун тал, Үлэг гүрвэлийн төв музейн урд талын талбай |
Солбицол: | N47 55 21.8, E106 54 21.3 |
Дурсгалын төрөл: | Дурсгалт газар |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Түүхэн үйл явдлууд: | 1990 оны ардчилсан хувьсгалын тэмцлийн цуглааны нэг төв байсан газар. |
1970-иад оны үед Богдын Хүрээнээс үлдсэн хятад худалдаачдын суурьшсан Баруун дамнуурчин буюу Хятадын есөн гудамжийг буулгаж, түүний зүүн талд 1980 онд Лениний музейн барилга (одоо Үлэг гүрвэлийн музей байрлаж буй), 1985 онд Ялалт кино театрын барилгыг барихад үед нэгэн талбайг байгуулж, тохижуулсан нь Ялалтын талбай хэмээн нэрлэгдэх болжээ.
Хуучин Ялалтын талбайг Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны 100 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 67 дугаар тогтоолоор “Тусгаар тогтнолын талбай” хэмээн нэрлэжээ. 2011 онд Тусгаар тогтнолын талбайн голд архитектор С.Цахиурын зураг төслөөр Тусгаар тогтнолын гэрэлт хөшөө байгуулж, усан оргилуур хийж тохижуулсан байна. Тусгаар тогтнолын талбай нь 6400 м.кв талбай бүхий Улаанбаатар хотын хоёр дахь том талбай юм.
Энэ талбай нь 1990 оны Ардчилсан хувьсгалын тэмцэлийн жагсаал цуглааны нэгэн төв байв.
Очбаяр Г., Цацралт С., Чингэлтэй хайрханы өвөрт, гэрэл зургаар өгүүлсэн түүх, УБ., 2015