Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Дамбадаржаа хийд |
---|---|
Адил утгатай нэр: | Шашныг бадруулагч хийд |
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаагийн гудамжинд |
Солбицол: | N47 58 57.8, E106 56 10.4 |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Дамбадаржаа хийд |
Дурсгалын төрөл: | Сүм хийд |
Түүхэн үе: | Манжийн үеийн Их Хүрээ (1706-1911) |
Баригдсан он: | 1761-1765 |
Хийц, загвар: | Төвд, Хятад, Монгол |
Анхны зориулалт: | Хоёрдугаар Богд Жавзундамба хутагтын дурсгалд зориулж босгосон хийд |
Бүрдэл хэсэг: | 13 |
Материал: | Мод, чулуу, тоосго |
Хамгаалалтийн зэрэглэл: | Улсын хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Засгийн Газрын 2008 оны 175 дугаар тогтоол |
Хамгаалалтын бүс тогтоосон он, шийдвэр: | Засгийн Газрын 2001 оны 96 дугаар тогтоол |
Хамгаалалтын бүсийн хэмжээ: | 10,5 га |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Дамбадаржаа хийд бол Богдын Хүрээнээс үлдсэн хамгийн эртний архитектурын дурсгал юм. Тус хийдийг Манжийн хааны зарлигаар II Богд Жавзандамба хутагтын дурсгалд зориулан 1761-1765 онд баруун, зүүн Сэлбэ голын уулзварт байгуулжээ. Энэ үйл явдалтай холбогдуулж 1765 онд манжийн хааны зарлигийг тэмдэглэн, мөн Шашныг бадруулагч сүмийн тухай холбогдох зүйлийг гэрэлт хөшөөнд монгол, төвөд, манж, хятад хэлээр сийлж, сүмийн гол хаалганы баруун, зүүн талд байрлуулсан бөгөөд байгалийн элэгдлээс хамгаалах зорилгоор дээр нь асар босгожээ. 1774 онд хийдийн хэрмийн баруун хойд өнцөгт II Богдын шарилын суваргыг босгож, улмаар уг шарилын сүмийг тахих болсон байна. 1778 онд тус хийдэд II Богдын шарилыг шилжүүлэн авчиржээ. Хийд нь ерөнхий төлөвлөлт, хийц, өнгө будаг, чимэглэлийн хувьд Амарбаясгалант хийдтэй адил бөгөөд боржин чулуу, хөх тоосго, хөх ваар, мод зэрэг нь барилгын үндсэн материал болжээ.
Дамбадаржаа хийд нь цогчин дуган, 12 аймгийн дуган, дөрвөн дацан бүгд 25 дугантай, 1500 лам ном хурдаг томоохон хийд байв.
1938 онд хийдийн хурал номын үйл ажиллагааг хааж, бурхан тахил, ном судруудыг устгаж, модон барилгуудыг буулган зөөж, Махаранзийн сүм, хашааны гадна дотно байсан дөрвөн суварга, хөх тоосгон хэрмэн хашааны заримыг буулгажээ. Тус хийдийн 107 ламд цаазлан хороох ял оноосон ба 103 ламын эд хөрөнгө, нас, албан тушаал, нутаг ус, нийгмийн байдал зэргийг тэмдэглэсэн баримт өдгөө Тагнуулын ерөнхий газрын архивт хадгалагдаж байна.
1940-1941 онд Дамбадаржаа хийдийн зарим дуганыг буулгаж, Монголын үйлдвэрчний эвлэлийн харъяа Улсын амралтын газрын том дөрвөлжин цагаан байшинг барьсан нь тухайн үед Сэлбийн амралтын газар гэж нэрлэгдэж байв.
1944-1945 оны үед Дамбадаржаа хийдийн дэргэд зургаан цагаан байшинтай Улсын өдрийн амралтын газрыг байгуулж, Улаанбаатар хотын үйлдвэрийн ажилчид өдрөөр ирж амарцгаадаг байв.
1947 онд Япон цэргийн олзлогсдын хэрэг эрхлэх газрын эмнэлэг, 1950 онд сүрьеэ өвчний эмнэлэг, 1987 оноос өндөр настныг сувилах эмнэлгийн зориулалтаар ашиглаж байжээ.
1990 онд хийдийн хурал номын үйл ажиллагааг сэргээсэн бөгөөд өдгөө нийт 50 гаруй лам хуврагтайгаар өдөр тутмын уншлага, цагийн их хурлуудыг ёс жаягийн дагуу хурж байна.
Тус хийдээс одоо Цогчин дуган /хийц төлөвлөлтийг нэлээд өөрчилсөн/, Жин хонх, Жин хэнгэрэгийн сүм, Түүхийн баруун, Зүүн сүм, Лаврин, хоёр Жотхан, Асар хаалга, хэрмийн үлдэгдэл, дөрвөн дуган үлдсэн.
Дамбадаржаа хийдийг 1961 онд улсын нэгдүгээр зэргийн, 1971, 1994, 1998 онд Улсын, хамгийн сүүлд Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад бүртгэн авчээ.
Болдбаатар Ч., Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг, УБ., 2014
Ганбаатар Л., Нарангэрэл Г., Цахиур С., Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт, чиг хандлага, УБ., 2016
Дамдинсүрэн Д., Их хүрээний нэрт урчуууд, УБ.,1995
Дашням Л., Очир А. нар, Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгал, УБ.,1999
Өлзий Ж., Монголын дурсгалт уран барилгуудын түүхээс, УБ.,1992
Пүрэв О., Сүхбаатар О., Нийслэлийн өв соёл, УБ., 2006
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017