Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Ерөнхий сайд Жигжиджавын амьдарч байсан байшин |
---|---|
Хаяг байршил: | Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамжны зүүн талд, Хангарди ордны хойд талд |
Солбицол: | N47 55 09.6, E106 54 55.2 |
Давхрын тоо: | 1 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Монголын нутгийн удирдлагын холбоо |
Дурсгалын төрөл: | Түүхэн дурсгалт байшин |
Түүхэн үе: | Манжийн үеийн Их Хүрээ (1706-1911) |
Баригдсан он: | 1920-иод он |
Анхны зориулалт: | Хувийн сууц |
Хийц загвар: | Орос загвартай |
Хэмжээ: | Урт: 13,2 м, Өргөн: 9,3 м, Өндөр: 8 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Мод |
Хамгаалалтын зэрэглэл: | Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн. |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/529 дүгээр захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Орос загвартай уг байшин 1920-иод оны эхэн үед баригджээ. Монгол Улсын найм дахь Ерөнхий сайд Цэнгэлтийн Жигжиджав 1933 онд нас барах хүртлээ энд амьдарч байв.
XX зууны эхэнд Улаанбаатар хотод орос загвартай цөөнгүй барилга баригдсан хэдий ч өдгөө энэ төрлийн маш цөөхөн байшин үлдсэн. Жигжиджавын байшин нь ХХ зууны эхэнд баригдсан гэдгээрээ Улаанбаатар хотын барилгын хөгжлийн түүхийн нэгэн үеийг төлөөлөх төдийгүй Ерөнхий сайд амьдарч байсан гэдэг утгаараа түүхэн дурсгалт юм.
Д.Сүхбаатарын талбайн баруун урд хэсгээс Төв шуудангийн араар баруун тийш 100 м орчим яваад Бодь цамхагийг тойрон хойд зүгрүү эргэж чигээрээ явсаар Үндэсний түүхийн музей хүрэх нарийн гудамжийг Ц.Жигжиджавын нэрэмжит гудамж гэж нэрлэдэг. Жигжиджавын байшин энэ гудамж дахь хамгийн эртний бөгөөд түүхэн дурсгалт барилга учраас ийн нэрлэжээ. XX зууны эхэн үед Нийслэл хүрээн дэх Түшээт ханы зүүн захын хороод, 1920-иод оны үед Улаанбаатар хотын Усан хөөрөгний газар, одоогийн нэршлээр Гал команд энэ хавьд байрлаж байв. Тэгвэл энэ хэсэг газар 1940-өөд оноос одоогийн дүр төрхөө олжээ. Талбайг тойрсон барилгууд буюу одоогийн Өмчийн харилцааны газар, Хотын захиргааны байр, Хөрөнгийн бирж буюу тухайн үеийн Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кино театр, Монголын үйлдвэрчний төв зөвлөлийн барилга 1945-1954 онд баригджээ. Тиймээс энэ гудамжинд буй 1945 оноос өмнө баригдсан ганц барилга нь Ерөнхий сайд Жигжиджавын барилга юм.
Нийслэлийн өмчид байдаг энэхүү түүхэн дурсгалт байшинг 2015 онд соёлын өвд бүртгэн авсан ба 2017 онд дээврийг нурааж, дээр нь хоёр давхар барилга барьсан юм.
Очбаяр Г., Улаанбаатар хотын ой санамж: Ц.Жигжиджавын байшин //Нийслэл гайд сэтгүүл, №65, 2017 оны аравдугаар сар
Идшинноров С., Улаанбаатар хотын түүхийн хураангуй, УБ., 1994