Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Чин ван Ханддоржийн байшин |
---|---|
Адил утгатай нэр: | Дайчин вангийн өндөр |
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Сөүлийн гудамжны урд талд, Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн зүүн хэсэгт |
Солбицол: | N47 54 49.8, E106 54 34.1 |
Давхрын тоо: | 2 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Монгол Улсын Гадаад харилцаа, дипломат албаны түүхийн музей |
Дурсгалын төрөл: | Түүхэн дурсгалт байшин |
Түүхэн үе: | Богд Хаант Монгол Улсын Нийслэл Хүрээний үе (1912-1924) |
Баригдсан он: | 1913 |
Захиалагч: | Чин ван Ханддорж |
Гүйцэтгэгч: | Буяндалай, Доржбилэг нарын мужааны пүүс |
Анхны зориулалт: | Чин ван Ханддоржийн хувийн сууц |
Хийц загвар: | Орос-Хятад загвартай |
Хэмжээ: | Урт: 15,7 м, Өргөн: 7 м, Өргөн: 7,5 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго, мод |
Хамгаалалтын зэрэглэл: | Улсын хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | БНМАУ-ын СнЗ-ийн 1961 оны 524 дүгээр тогтоол |
Хамгаалалтын бүс тогтоосон он, шийдвэр: | Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоол |
Хамгаалалтын бүсийн хэмжээ: | 0,5 га |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Богд хаант Монгол Улсын үед Нийслэл Хүрээнд баригдсан гоёмсог байшингийн нэг нь Чин ван Ханддоржийн өргөө юм. Түүний өргөөг хүрээнийхэн “Дайчин вангийн өндөр” гэж нэрлэдэг байв. Энэ байшинг 1913 онд Богд хаант Монгол Улсын Гадаад хэргийн тэргүүн сайд Чин ван Ханддорж Богд эзнээс шагнасан зэрэг пүнлүү, олгосон мөнгөн дээр хувиасаа нэмэрлэж 3700 лан мөнгөөр барилга байшин бариулахаар Буяндалай, Доржбилэг нарын мужаан пүүстэй тохиролцон өөрийн хувийн сууцанд зориулан бариулж, 1915 онд нас эцэстлээ амьдарч байжээ. 1915 онд энэ байшинг түүний хүү Жамбалцэрэнд шилжүүлсэн бөгөөд Ардын Засгийн эхний жилүүдэд 1922 он хүртэл хичээнгүй сайд Б.Цэрэндорж сууж байв. 1925 онд судар бичгийн хүрээлэнд байшинг шилжүүлснээр хүрээлэнгийн гишүүн, эрдэмтэн, ерөнхий сайд А.Амарынх суудаг болжээ.
Чин ван Ханддоржийн байшин нь монголын орон сууцны барилгын нэгэн чухал дурсгал бөгөөд төлөвлөлт, чимэглэлийн хувьд сүм дуганы барилгаас ялгаатай. 7,5х16,0 метрийн хэмжээтэй, тоосго, модон хана, модон дээвэртэй, сууцны зориулалттай хоёр давхар эл байшингийн нэгдүгээр давхар нь тоосгон ханатай өвөл суухад зориулагдсан, хоёрдугаар давхар нь эргэн тойрон цонхтой гонхон маягийн бөгөөд зун суухад зориулагджээ.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн Барилга-Архитектурын комиссын даргын 1973 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 49 дүгээр тушаал, мөн БНМАУ-ын соёлын яамны музей удирдах газрын 1975 оны тавдугаар сарын 28 –ны өдрийн 114 тоот албан бичиг, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1973 оны 259 дүгээр тогтоолоор Ханддоржийн байшинг Дүрслэх урлагийн музейн харьяанд Театрын музей болгон байгуулахаар шийдвэрлэснийг үндэслэж Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газраас уг ажлыг 1975 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс эхлэн байшингийн үндсэн хийц, хэв маягаар нь уран барилгач Ө.Эрдэнэбатын удирдлагаар засварын ажлыг Жамъяангарав ахлагчтай нарийн мужааны хэсэг, мөн зураач Цэмбэлдорж ахлагчтай зураг чимэглэл, зүмбэрийн ажлыг зүмбэрийн бригадын хамт олон, уг барилгын засварын ажлыг эхэлж барилгын дугуй шат, нэгдүгээр давхрын царс модон зүймэл шалны ажлыг Дорж ахлагчтай мужааны бригад, 1977 онд гадна, дотор цахилгаан угсралтын ажлыг Сүрэнхор ахлагчтай бригад тус тус гүйцэтгэжээ. Гэвч байшинг сэргээн засварлаад Театрын музей байгуулаагүй бөгөөд хүүхэд, залуучуудын театр “Саран хөхөө” гэр театр бариулахаар 1991 онд шинэчлэн сэргээн засварласан байна.
2011 онд Гадаад хэргийн яамнаас Дипломат албаны 100 жилийн ойг тохиолдуулан байшингийн хоёр давхарт Монгол Улсын Гадаад харилцаа, дипломат албаны түүхийн музейг байгуулсан.
1996 онд нийслэлийн Засаг даргын 1995 оны А-11 тоот захирамжийн дагуу шинээр сэргээн засварласан.
Түүхэн дурсгалт тус байшинг анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1961 оны 524 дүгээр тогтоолоор Улсын хоёрдугаар зэргийн хамгаалалтад авсан бол хамгийн сүүлд Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад авсан.
Ганбаатар Л., Нарангэрэл Г., Цахиур С., Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт, чиг хандлага, УБ., 2016
Ганхуяг О., Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгал, УБ., 2010
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотынтүүх соёлын дурсгалаас, УБ., 1976
Дашням Л., Очир А. нар, Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгал, УБ., 1999
Нацагдорж Н., Улаанбаатар хотын барилгажилтын түүх, гэрэл зургын цомог, УБ., 2014
Өлзий Ж., Монголын дурсгалт уран барилгуудын түүхээс, УБ., 1992
Пүрэв О., Сүхбаатар О., Нийслэлийн өв соёл, УБ., 2006
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017