Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Ардын Намын Төв Хороо, Ардын Түр Засгийн Газрын байрлаж байсан байшин |
---|---|
Адил утгатай нэр: | Д.Сүхбаатарын музей |
Хаяг байршил: | Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний урд талд, Сангийн хорооны гудамжны зүүн талд, Бөхийн өргөөний зүүн хойд талд |
Солбицол: | N47 55 06.1, E106 56 09.7 |
Давхрын тоо: | 1 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Улаанбаатар хотын музей |
Дурсгалын төрөл: | Түүхэн дурсгалт байшин |
Түүхэн үе: | Богд Хаант Монгол Улсын Нийслэл Хүрээний үе (1912-1924) |
Баригдсан он: | 1918-1919 |
Захиалагч: | Буриадын худалдаачин Цогт Гармаевич Бадамжав |
Анхны зориулалт: | Хувийн сууц |
Хийц загвар: | Модерн |
Хэмжээ: | Урт: 21 м, Өргөн: 10 м, Өргөн: 8 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Мод |
Хамгаалалтын зэрэглэл: | Улсын хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоол |
Хамгаалалтын бүс тогтоосон он, шийдвэр: | Засгийн газрын 2009 оны 135 дугаар тогтоол |
Хамгаалалтын бүсийн хэмжээ: | 1385 м.кв. |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Оросын буриад худалдаачин Цогт Гармаевич Бадамжав (Цогтбадамжав) 1918-1919 онд өөрийн хувийн сууцанд зориулан бариулж, 1932 он хүртэл эхнэр хүүхдийн хамт амьдарч байв. Энэ байшинд 1921 оны долдугаар сарын 8-10-нд Намын төв хороо, Ардын түр засгийн газар, хашаанд нь Бүх цэргийн штаб байрлаж байв. 1930-аад оны үед тус байшинд Зөвлөлт-Тува Улсын элчин сайдын яам, 1946-1953 онд Д.Сүхбаатарын музей, 1953-1956 онд Хэвлэлийн төв газар, 1956 оноос өнөөг хүртэл Улаанбаатар хотын музей байрлаж байна.
Энэ байшин нь тухайн үед өвөрмөц хийцтэй, тохилог сууцын нэгд тооцогддог байсан бөгөөд Цогтбадамжав байшингийнхаа орой дээр Оросын хаан ширээ унасныг бэлгэдэн ширээ хөмрүүлэн, хөлийг дээш харуулан байрлуулсан нь өдгөө ч хэвээр хадгалагдан үлдсэн.
Тус байшингийн байрлаж байгаа газрыг түүхэн талаас нь авч үзвэл, Сэцэн хан аймгийн суурин жасааны дэнжийн баруун өмнөдөд байсан “Манж амбаны хороо”, Олноо өргөгдсөний үед Сангийн яамны байгууллагууд байрлаж эхэлсэнээс хойш “Сангийн яамны хороо” гэж нэрлэгдэж байсан эл хороонд XX зууны эхэн үед Цогтбадамжав, Юмтаровь нарын баячууд амьдардаг байжээ. 1960-аад оны үед Сүхбаатарын хорооны тавдугаар хорины нутаг дэвсгэрт, дараа нь Найрамдлын районы орон сууц гудамжны 16-р хорооны нутаг дэвсгэр тэр үеийн Лениний гудамжны 10 тоот хашаа байжээ. Өдгөө уг байшин нь Баянзүрх дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр, Энхтайвны өргөн чөлөөний 37 тоот байшин юм.
Бадамжавын байшинг түүхэн дурсгалт хэмээн үзэж анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1961 оны 524 дүгээр тогтоолоор улсын хоёрдугаар зэргийн хамгаалалтад авсан бол хамгийн сүүлд Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад бүртгэн авсан.
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотынтүүх соёлын дурсгалаас, УБ., 1976
Пүрэв О., Сүхбаатар О., Нийслэлийн өв соёл, УБ., 2006