Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Гоожингийн өндөр хэмээх хоёр давхар байшин |
---|---|
Адил утгатай нэр: | Анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн байшин |
Хаяг байршил: | Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 21 дүгээр сургуулийн зүүн хойно, Баянзүрх захын баруун талд |
Солбицол: | N47 54 56.0, E106 55 59.1 |
Давхрын тоо: | 2 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Үйл ажиллагаа явуулаагүй |
Дурсгалын төрөл: | Түүхэн дурсгалт байшин |
Түүхэн үе: | Богд Хаант Монгол Улсын Нийслэл Хүрээний үе (1912-1924) |
Баригдсан он: | 1913-1914 |
Анхны зориулалт: | Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн хувийн сууц |
Хийц загвар: | Модерн |
Хэмжээ: | Урт: 23,8 м, Өргөн: 13,8 м, Өргөн: 4,22 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Мод |
Хамгаалалтын зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 1997 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Хувийн өмчид |
Өдгөө “Гоожингийн өндөр” хэмээн нэршсэн хоёр давхар модон байшинг Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулж 1913-1914 онд барьсан бөгөөд тэрээр 1914-1919 онд тус байшинд амьдарч байв. 1919 онд тус байшинг Сангийн яамны мэдэлд шилжүүлэхийн зэрэгцээ одоогийн байгаа газарт зөөн авчирч, Сангийн яамны Гадаад хүүгийн хэлтэс байрлажээ. Тус хэлтэст Орос улсаас Монголд зөвлөхөөр ажиллаж байсан С.А.Козин түр хугацаанд ажиллаж байсан ба түүний нэрийг монголчууд сунжруулан Гоожин гэж дуудсанаас шалтгаалж, тус барилгыг “Гоожингийн өндөр” гэх болжээ. Энэ байшингийн нэг тасалгаанд Монголын хууль шастир хэвлэх газар байрлаж, тэнд 1919 онд Д.Сүхбаатар үсэг өрөгчөөр ажиллаж байв. 1920 онд тус барилгад VIII Богд Жавзандамба 50 хоног гэрийн хорионд байжээ.
Бас энэ хавьд байсан хуучин Сангийн яамны зарим хэлтсийн байрыг түшиглэн Санхүүгийн техникум байгуулагдаж, нэг хэсэгтээ “Гоожингийн өндөр” нь тус сургуулийн оюутны дотуур байр болж байжээ.
Энэ байшин нь Монгол Улсын анхны Ерөнхий сайдын амьдарч байсан түүхэн дурсгалт барилга төдийгүй гадна төрх, хийц, загвар нь ХХ зууны эхэн үеийн Нийслэл хүрээнд баригдаж байсан барилгуудын нэгэн төлөөлөл, мөн тэднээс үлдсэн цөөн барилгуудын нэг юм. Тиймээс “Хувьсгалчдын хоригдож байсан байшин”, “Гоожингийн өндөр” хэмээн нэрлэгдэж ирсэн энэ барилгыг түүхэн дурсгалт гэж үзэж анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1969 оны 420 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх улсын хоёрдугаар зэргийн хамгаалалтад, хамгийн сүүлд нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар дүүргийн хамгаалалтад бүртгэн авчээ.
Пүрэв О., Монгол төрийн голомт, УБ., 2004
Пүрэв О., Сүхбаатар О., Нийслэлийн өв соёл, УБ., 2006