Түүх, соёлын дурсгалт газрын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Шарга морьтын аман дахь Дондогдулам хатны дурсгалын газар |
---|---|
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Шарга морьтын аманд |
Солбицол: | N48 04 03.9, E106 55 19.5 |
Дурсгалын төрөл: | Дурсгалт газар |
Түүхэн үе: | Богд Хаант Монгол Улсын Нийслэл Хүрээний үе (1912-1924) |
Түүхэн үйл явдлууд: | Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамбын хатан Дондогдулам хатныг оршуулсан газар. |
Улсын эх дагина, цагаан дара Цэндийн Дондогдулам (1874-1923) нь Сэцэн хан аймгийн Хөвчийн Жонон бэйсийн хошуунд төржээ. Жонон Бэйс Сангилагдоржийн хатны шадар албат явсан бөгөөд 1896 онд VIII Богдыг Амарбаясгалант хийдэд заларч, Өндөр гэгээний тугдам шарилд мөргөл үйлдэхээр явахад анх учирсан хэмээдэг. Тэрээр 1902 онд VIII Богдтой дэр нэгтгэн хааны ордонд амьдрах болжээ. 1902 онд Манжийн хаанаас Дондогдуламд Эрдэнэ сэцэн ноён цол олгосон бөгөөд 1911 онд VIII Богд Монгол Улсын хаан болоход Улсын хатан, их дагинад өргөмжлөгджээ.
Монголын түүхийн ээдрээтэй ороо бусгаа цаг үеийн турш Богд хааны хамгийн дотны туслагч, өмөг түшиг нь болж байсан Дондогдулам хатан 1923 оны нэгдүгээр сарын 13-14-ний тахиа цагт таалал барьсан ба ихээхэн уй гашуу, ёс төртэйгөөр шарилыг нь хайлуулж, одоогийн Улаанбаатар хотын хойно орших Шарга Морьтын амны хойд энгэрт оршуулжээ. Хатны шарилыг тээж хүргэсэн 9 шарга морийг тэнд нь сэтэрлэн тавьснаар тэр амыг Шарга морьт хэмээн нэрийдэх болжээ.
Энхцэцэг Д., Урангуа Ж., Улсын эх дагина, УБ., 2011