Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Гэсэр сүм |
---|---|
Адил утгатай нэр: | Бадма Ёга дацан |
Хаяг байршил: | Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Хувьсгалчдын гудамж, Их тойруу, Ж.Самбуугийн гудамжны уулзварын хойд талд |
Солбицол: | N47 55 18.9, E106 54 01.1 |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Бадма Ёга дацан, Шашны 112 дугаар сургууль |
Дурсгалын төрөл: | Сүм хийд |
Түүхэн үе: | Богд Хаант Монгол Улсын Нийслэл Хүрээний үе (1912-1924) |
Баригдсан он: | 1919 |
Захиалагч: | Гүвэ овогт Захар |
Хийц, загвар: | Хятад |
Анхны зориулалт: | Хятадын хөхийн шашны сүм |
Бүрдэл хэсэг: | 7 |
Материал: | Мод, чулуу |
Хамгаалалтийн зэрэглэл: | Улсын хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Засгийн Газрын 2008 оны 175 дугаар тогтоол |
Хамгаалалтын бүс тогтоосон он, шийдвэр: | Засгийн Газрын 2001 оны 96 дугаар тогтоол |
Хамгаалалтын бүсийн хэмжээ: | 58 га |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Манжийн хааны зарлигаар Хятадын жанжин Гуандийг Манж Чин улсын шүтээн болгон Монгол, Төвөдөд олноор байгуулж ирсэнтэй нэгэн адилаар 1919-1920 онд Хятадын хөхийн шашныг шүтэгч Гүвэ овогт Захар Хөхийн шашны номлолыг өргөн дэлгэрүүлэх зорилгоор Их Хүрээний баян чинээлэг пүүсүүдийн эзэд, хятад иргэд, лам нарын сүсэг бишрэлээр хуримтлагдсан мөнгөөр Манжийн хааны Гуанди шүтээний сүмийг Тасганы овооны өвөрт байгуулжээ. Гуан-ди гэдэг нь III зууны үед амьдарч байсан хятадын нэгэн том цэргийн дарга Гуан юүйний өргөмжилсөн нэр бөгөөд Гуан-юүйг тахисан сүмийг Гуан-димио гэдэг. Манж чин улсыг байгуулах үед манж нар Гуан-юүй жанжны сүнс залран ирж түүний ивээлээр дайснаа сөнөөн их гүрнийг байгуулсан гэж үзэн түүнийг шүтэх болжээ. Гуанди хааны сүмийг Манжийн хааны багш Жанжаа Ролбидорж лам шарын шашны улаан сахиус хэмээн алдаршуулснаар Төвөдийн Гэсэр хааны сүм гэж нэрлэгдэж иржээ.
Гэсэр сүм нь Гол хаалганы зүүн, баруун талд жин хэнгэрэг, жин хонхны хоёр сүүдрэвч, гол сүм болон Дара эхийн сүм, өргөл мөргөлчдийн байшин, хөлгийн сүм, хөхийн шашны сургуулийн хоёр байшин болон Гүвэ овогт Захарын сууцны байшин, хэрмэн хашаанаас бүрдэж байжээ. Жин хэнгэрэг, жин хонхыг цаг хэмжүүрийн дохио болгон хэрэглэдэг байв.
Гол сүмд сүмийн шүтээн Гуан-ди болон түүний туслах баатруудын дүр бүхий баримал, Тансан ламын үлгэр намтарчилсан зураг, баримал дүрс, өргөл мөргөлчдийн байшинд сүмийг барих үед мөнгө өргөсөн хүмүүсийн нэрийг жагсаан бичсэн чулуун самбар байдаг байсан бөгөөд энд хятад лам нар суудаг байв. 1933 онд сүмийг улсын мэдэлд авснаас хойш янз бүрийн байгууллага эзэмшиж, өөрчлөн анхны төрх байдлыг нэлээд алдагдуулжээ. 1966 онд Гандан хийдийн уран барималч, зураач Данзан лам хуучин байсан Гуан-дийн хятад баримлыг өөрчилж, Гэсэрийн туужид түшиглэн Гэсэрийг морь унасан байдалтайгаар, баруун талд нь Цасчихэр, зүүн талд нь Рогмагуа хатны дүрийг цаас шавар баримлаар хийжээ. Гэсэр сүм нь хятад хийцийн сүм дуганы төрөлд хамаарах дурсгалт уран барилга юм.
Гэсэр сүмийг 1961 онд улсын хоёрдугаар зэргийн, 1971 онд хотын, 1994, 1998 онд Улсын, хамгийн сүүлд Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад авчээ.
Дашням Л., Очир А. нар, Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгал, УБ., 1999
Өлзий Ж., Монголын дурсгалт уран барилгын түүхээс, УБ., 1992
Пүрэв О., Монгол төрийн голомт, УБ., 2004
Пүрэв О., Сүхбаатар О., Нийслэлийн өв соёл, УБ., 2006