Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Төв поликлиник байсан барилга |
---|---|
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Г.Чагдаржавын гудамжинд |
Солбицол: | N47 55 01.6, E106 55 29.9 |
Давхрын тоо: | 3 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Улсын ерөнхий прокурорын дэргэдэх сургалт, судалгааны төв |
Дурсгалын төрөл: | Архитектурын дурсгалт барилга |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1947-1949 |
Зураг төсөл зохиогч: | Павлов |
Анхны зориулалт: | Төв поликлиник |
Хийц загвар: | Неоклассизм |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Нийслэл хотод их барилга, хот тохижуулах ажил дайны дараах жилүүдээс эрчимтэй өрнөж эхэлжээ. Гэвч хөрөнгө ба ажиллах хүч ихээхэн шаардаж байсан тул 1946 оны зун МАХН-ын төв хороо, Улаанбаатар хотын намын хорооноос нийслэлийн хөдөлмөрчдөд хандан их барилга дээр үндсэн ажлын бус цагт субботникоор ажиллах хөдөлгөөн өрнөжээ. Маршал Чойбалсаны саналаар их барилгын төсвөөс хэмнэгдсэн хөрөнгөөр Улсын төв поликлиникийн барилгыг барихаар тогтож, 1947-1949 онд барьж дуусгажээ.
Уг барилгыг Улсын төв эмнэлгийг зүүн талд Үйлдвэрийн яамны харьяа орон сууцнаас зүүн урагш газарт бариулахаар Сайд нарын Зөвлөлийн 1947 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 24 дүгээр хурлаар шийдвэрлэжээ. ЗХУ-ын Эрүүлийг хамгаалах байгууллагын барилгын зураг, төслийн байгууллагаас боловсруулсан зургийн дагуу энэ барилгыг нэгдүгээр ээлжинд барих барилгын жагсаалтад оруулсан байна. 1947 оны зургаадугаар сарын дунд үеэс барилгын газар шорооны ажлыг японы олзлогдогсод хийж эхэлсэн ажээ. ОЦХЭЕГ-ын барилгын зураг-төслийн конторын дарга, инженер Мотоогийн бичсэнээр: Амбулатори буюу нэгдүгээр төрөхийн барилгыг барих ажлыг япончууд барьж дуусгажээ. Харин өнгөлгөөний ажлыг монгол барилгачид гүйцэтгэжээ.
Уг барилгад 1970 онд Ардын цэргийн барилгын газраас эрхлэн их засвар хийж дулааны ба ус түгээх, ариутгах, татуургыг нэгдсэн системд холбосон байна. Улсын төв клиникийн эмнэлгийн иж бүрэн барилга байгууламжийг БНСЧСУ-ын тусламжтайгаар барьж байгуулан ашиглалтад оруулснаар дээрх барилга нь хязгаарын цэргийн эмнэлэгт шилжжээ.
Өдгөө тус дурсгалт барилгад Улсын ерөнхий прокурорын дэргэдэх сургалт, судалгааны төв байрлаж байна.
Болдбаатар Ч., Дуламрагчаа Ю., Нансалмаа Э., Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг, УБ., 2014
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотынтүүх соёлын дурсгалаас, УБ., 1976
Дашдаваа Ч., Японы олзлогдогсод Монголд, УБ., 2013