Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн төв байр |
---|---|
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ж.Самбуугийн гудамж, Их сургуулийн гудамжны уулзварын зүүн хойд талд |
Солбицол: | N47 55 21.6, E106 55 06.9 |
Давхрын тоо: | 3 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн төв байр |
Дурсгалын төрөл: | Архитектурын дурсгалт барилга |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1944-1947 |
Зураг төслийг зохиогч: | Н.М.Щепетильников |
Гүйцэтгэгч: | Гуреевичийн удирдлагаар японы олзлогдсон цэргүүд |
Анхны зориулалт: | Их сургуулийн хичээлийн байр |
Хийц загвар: | Неоклассизм |
Хэмжээ: | Урт: 175 м, Өргөн: 17,5 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго |
Хамгаалалтын зэрэглэл: | Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн. |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/529 дүгээр захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Монгол Улсын их сургуулийн хичээлийн төв барилгыг Зөвлөлтийн архитектор Н.М.Щепетильниковын зохиосон зураг төсөл, инженер Гуреевичийн удирдлагаар 1943 оноос эхлэн барьж, барилгын зүүн хэсгийг 1947 оны гуравдугаар сарын эцэст, баруун хэсгийг дөрөвдүгээр сард дуусгаж, ашиглалтад оруулжээ. Улсын их сургуулийн гол хэсгийн барилгыг 1947 оны зургаадугаар сарын 28-нд дуусгаж, долдугаар сарын 1-нд хүлээн авсан байна.
МУИС-ийн хичээлийн төв байрны барилга нь Улаанбаатар хотын шилдэг архитектурын дурсгалын нэгд зүй ёсоор тооцогдох сонгодог хэлбэрийн өвөрмөц барилга бөгөөд тус барилга нь дөрвөн давхар, дээрээ цамхагтай, дугуй гол нь 36 метр, дугуй хэлбэртэй, гаднаа олон баганатай, хойд болон зүүн захын барилгууд нь гурван давхар барилга юм. Уг барилгыг барихад 1945-1947 онд японы 700 олзлогдсон цэргийг дайчлан оролцуулжээ. 1945 оны арван нэгдүгээр сарын 10-нд 700 Японыг хүлээн авч арван хоёрдугаар сарын 5-ыг хүртэл газар шорооны ажил хийлгэж, аж үйлдвэрийн комбинатад 292 хүнийг шилжүүлж, 1946 оны нэгдүгээр сарын 15-ыг хүртэл 453 хүн их сургуулийн барилга дээр ажилласан байна. Их сургуулийн ар талын нүүрэн хэсгийн зургийн хуулбарыг японы олзлогдогч Такахаси 1946 оны долдугаар сарын 19-нд гүйцэтгэсэн. Анх Их сургуулийн барилга дээр ажиллаж буй сумангийн дарга Оно Тарияаши, Шино Ханкичино, батальоны орлогч дарга Жашиёо Стамо, Конно Сташини нарт 50 төгрөгийн шагналыг сар бүр олгож байх шийдвэрийг ОЦХЭЕГ-ын даргаас 1946 оны гуравдугаар сарын 14-нд гаргажээ. Мөн ОЦХЭЕГ-ын даргаас 1947 оны есдүгээр сарын 25-нд гарсан “Улсын их барилгуудаас өвийн бэлтгэлд зориулан 15 хоногийн зохистой ажил явуулах тухай” 264 тоот тушаалаас үзэхэд Улсын их сургуулийн гаднах талбайг засч тохижуулах ажлыг нэгдүгээр сарын эхээр дуусгахаар төлөвлөн ажиллаж байжээ.
1950-иад оноос тус сургууль өргөжин олон салбар ангитай болсон учир тэдгээрт зориулан биеэ даасан хэд хэдэн барилгыг барьж ашиглалтад оруулжээ. МУИС шинэ байртай болсоноор богино хугацаанд өргөжин тэлж, Улс ардын аж ахуй, соёлын салбарт нэн шаардлагатай олон зуун мэргэжилтнийг жил бүр төгсгөн гаргах болсон.
Болдбаатар Ч., Дуламрагчаа Ю., Нансалмаа Э., Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг, УБ., 2014
Дашдаваа Ч., Японы олзлогдогсод Монголд, УБ., 2013
Нацагдорж Н., Улаанбаатар хотын барилгажилтын түүх, гэрэл зургын цомог, УБ., 2014