Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Офицеруудын ордны барилга |
---|---|
Хаяг байршил: | Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний хойд талд, Дандар баатарын гудамжны баруун талд |
Солбицол: | N47 55 00.3, E106 58 20.9 |
Давхрын тоо: | 2 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга |
Дурсгалын төрөл: | Архитектурын дурсгалт барилга |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1940 |
Анхны зориулалт: | Ардын армийн ордон |
Хийц загвар: | Неоклассизм |
Хэмжээ: | Урт: 60 м, Өргөн:60 м, Өндөр: 10 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Чулуу, тоосго |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Энэхүү барилгыг 1940 онд Оросууд барьсан бөгөөд Ардын армийн ордон хэмээн нэрлэдэг байв. 1940-өөд оны дунд үед Оросууд тус барилгыг монголын талд хүлээлгэн өгөх хүртэл орос офицерууд сууж байсан учраас Офицеруудын ордон гэх болжээ. Тус барилгыг ЗХУ-ын элчин сайдын яамнаас Цэргийн Улс төрийн газарт шилжүүлсэн бөгөөд 1947 онд Бүх Цэргийн Улс төрийн газрын дарга хошууч-генерал Равдангийн аман тушаалаар Улаан цэргийн төв клубын уг байшинг Сүхбаатарын нэрэмжит Офицерын сургуульд шилжүүлэхээр хошууч Цэрэндаш, ахлах дэслэгч Дэлэгням, инженер Гуринов нарыг томилжээ. Хүлээн авах талаас, Офицерын сургуулийн захирлын тушаалаар тус барилгыг хүлээн авах комиссын даргаар ахмад Содномдагва, гишүүдэд хошууч Балдандорж, ахмад Бадамгарав, ахлах дэслэгч Цэдэвсамбуу, ахлах дэслэгч Жамъян нарыг томилжээ.
Батлан хамгаалах яамны төв архивт хадгалагдаж буй тус барилгыг 1947 оны есдүгээр сарын 8-ны өдрийн Цэргийн Улс төрийн газраас Офицерын сургуульд шилжүүлсэн актад: “Улаан Цэргийн Төв Клубын байшин: Барилгын талбай 2634, өндөр нь 7.5, хоёр давхар ба хоёр зоорьтой. 1940 онд барьсан. Дэвсгэрийн материал нь 3286 кв метрийн талбайтай төмөр. Гадарга хэмжээ нь 20155 кв метр. Туслах талбай 517 кв метр. Коридор нь 710 кв метр. Дотор үзэгчдийн байрны талбай нь 564 кв метр, 940 хүний суудалтай. Ханын зузаан нь гурван туйпуутай тэнцэнэ. Дулаацуулах нь ТОВООС СУМ гэдэг 9 тогоотой. Цахилгаанаар гэрэлтүүлнэ” гэх мэтээр барилгыг тодорхойлсон байна.
Ийнхүү 1947 онд Цэргийн төв клуб нь одоогийн Жигжиджавын нэрэмжит Кино үйлдвэрийн дээд сургуулийн байшингаас Офицеруудын байшинд шилжин ирж, харин мөн онд байшинг Офицеруудын сургуульд шилжүүлсэн байна. Энэхүү Цэргийн төв клуб өргөжсөөр Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга болсон бөгөөд өнөөг хүртэл тус барилгад байрлаж байна.
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотын түүх соёлын дурсгалаас, УБ., 1976
Болдбаатар Ч., Дуламрагчаа Ю., Нансалмаа Э., Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг, УБ., 2014