Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Монгол Улсын Их сургуулийн хичээлийн анхны байр |
---|---|
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөөний урд, Гадаад хэргийн яамны зүүн талд |
Солбицол: | N47 55 02.0, E106 55 17.9 |
Давхрын тоо: | 2 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | С.Зориг сан |
Дурсгалын төрөл: | Түүхэн дурсгалт байшин |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1926 |
Анхны зориулалт: | Холбооны техникум |
Хийц загвар: | Конструктивизм |
Хэмжээ: | Урт: 26 м, Өргөн: 19,5 м, Өргөн: 10 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго |
Хамгаалалтын зэрэглэл: | Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн. |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/529 дүгээр захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Хувийн өмчид |
МАХН-ын Х, Улсын VIII Их хурлаас өгсөн удирдамжийг үндэслэн Сайд нарын Зөвлөлийн 1940 оны 45 дугаар тогтоолоор Монгол Улсын анхны их сургуулийг Ардын гэгээрлийн яамны харьяанд Улаанбаатар хотод байгуулахаар заажээ. Уг тогтоолд: “Манай улс нийгэм журамд дэвшин орохын тулд ...ардын аж ахуй, нэн ялангуяа үндэсний аж үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл боловсрол өсөн дэлгэрч байгаа явдал багш, эмч, зоотехникч, инженер зэргийн дээд мэргэжил бүхий өөрийн үндэсний шинэ хүчнийг бэлтгэн төрүүлэхийг шаардаж байна” гэжээ. Уг тогтоолоор 1941 оны намар бэлтгэл, оройн курсыг хичээллүүлж эхлээд тус сургуулийг 1942 оны 10 дугаар сарын 5-нд зоотехник, багш, хүн эмнэлгийн гурван салбартай 140 гаруй оюутан, 34 багштайгаар хоёр давхар тоосгон байшинд анх нээжээ. Тус сургууль 1946 онд анхны төгсөлтөө хийжээ.
Монгол Улсын анхны их сургуулийг нээсэн дурсгалт байшинг 1930-аад оны сүүлчээр барьсан бөгөөд 1942 он хүртэл Холбооны техникум хичээллэж байжээ. Хожим Улсын Радио холбоо байрлаж байгаад БНЮАУ-аас тус улсад суух элчин сайдын яам байрлаж байв. 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа уг түүхэн дурсгалт барилга хувьчлагдаж, эдүгээ Зориг сан байрлаж байна.
Уг түүхэн дурсгалт барилгыг 2015 онд соёлын өвд бүртгэж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12/35 дугаар тогтоолоор дүүргийн хамгаалалтын зэрэглэлд авчээ.
Ч.Дүрзээ, Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалаас, УБ., 1976
Ч.Болдбаатар, Ю.Дуламрагчаа, Э.Нансалмаа,Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг, УБ.,2014
Н.Нацагдорж, Улаанбаатар хотын барилгажилтын түүх, гэрэл зургын цомог, УБ.,2014