Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Ажилчны алдар хөшөө |
---|---|
Хаяг байршил: | Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөний хойд хэсэг, 19-ийн автобусны буудлын хойд талын талбайд |
Солбицол: | N47 53 57.4, E106 53 58.8 |
Дурсгалын төрөл: | Баримал |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1989 |
Зохиогч: | Барималч Б.Хийморь |
Хийц загвар: | Авангард |
Хийсэн арга техник: | Зэс хөөмөл |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 6,6 м, Өргөн: 3,6 м, Өндөр: 3,2 м |
Материал: | Зэс, чулуу |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Улаанбаатар хот дахь орчин үеийн анхны авангард энэ хөшөөг 1989 онд барималч Б.Хийморь бүтээжээ. 1934 онд Улаанбаатар хотод Монголын анхны аж үйлдвэрийн комбинат байгуулагдсанаар ажилчин анги бий болсон гэж үздэг.“ХХ зууны монголд шинэ нийгмийг байгуулахад ажилчин анги чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ажилчин анги нэг хүсэл, зорилгын дор хамтын эв санаа, зүтгэлээр хамтдаа бүтээдэг гэсэн санааг ажилчин ангийн төлөөлөл болсон хөдөлмөрчид хамтдаа урагш алхаж буйгаар дүрслэн харуулсан. Мөн “Зөвхөн социалист ажилчин ангийг биш, дэлхийн нийтийн ажилчин ангийг энэ бүтээлээр төлөөлүүлэн харуулахыг зорьсон” гэж зохиогч бүтээлийнхээ тухай ярьсан юм.
Энэхүү хөшөө Монголын анхны аж үйлдвэрийн комбинат байгуулагдаж, Социализмын үед аж үйлдвэрийн бүс болж байсан Ажилчны район буюу одоогийн Хан-Уул дүүрэгт байрладаг.
Чулуун суурийн дээр хамтдаа урагш алхаж буй ажилчин ангийн төлөөлөл болсон найман хүнийг дүрсэлсэн энэ зэс хөөмөл хөшөөг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 197 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн хамгаалалтад авсан.
Жон Ён Дун., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, УБ., 2004
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017