Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Намын дээд сургуулийн барилга |
---|---|
Адил утгатай нэр: | Удирдлагын академийн хичээлийн байр |
Хаяг байршил: | Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Удирдлагын академийн гудамжны урд, Богд Жавзандамбын гудамжны зүүн талд |
Солбицол: | N47 53 46.3, E106 54 54.6 |
Давхрын тоо: | 2 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Удирдлагын академи |
Дурсгалын төрөл: | Архитектурын дурсгалт барилга |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1946-1947 |
Зураг төслийг зохиогч: | Донская |
Гүйцэтгэгч: | Улсын барилга трестийн барилгачид |
Анхны зориулалт: | Намын дээд сургууль |
Хийц загвар: | Неоклассизм |
Хэмжээ: | Өндөр: 17,5 м, Урт: 64 м, Өргөн: 30 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмч |
1924 оноос эхлэн Нам, Улсын боловсон хүчнийг бэлдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн “Нам ба Улсын төв сургууль”-ийг 1941 онд “Намын шинэ хүчний дээд сургууль” болгон өргөтгөж байгуулсантай холбогдуулан 1943 оны тавдугаар сарын 20-нд МАХН-ын Төв хорооны тогтоолоор хичээлийн шинэ байр барих шийдвэр гарчээ. Уг шийдвэр ёсоор 1600 м.кв талбай бүхий хоёр сая шахам төгрөгийн төсөвт өртөгтэй хоёр давхар хичээлийн байрыг Улсын барилга трестийн барилгачид 1946-1948 онд барьж ашиглалтад оруулсан байна. Том хэмжээтэй барилга учраас барилгын дарга даамлаас гадна эд материалын нярав, барилгын аравны дарга, манаач зэрэг орон тоонд тус бүр хоёр хүнийг ажиллуулахаар ОЦХЭЕГ-аас шийдвэрлэжээ. Энэ барилга дээр 1946 оны арван нэгдүгээр сард 270 орчим олзлогдогсод ажиллаж байжээ. Эдгээрээс 16 хүн мужааны, 40 хүн будагчны, хоёр хүн төмөрчний, найман хүн цахилгаанчны, 15 хүн командлагч офицерийн, 138 хүн элс шороо зөөх, газар тэгшлэх зэрэг үүргийг гүйцэтгэж байсан аж. Шинэ хүчний дээд сургуулийн хичээлийн байрны барилгын олон зургийг Кроки, Кавахара, Таказаки, Ито, Ниси, Морияма нар хуулбарлаж зурсан байна. Зургийг хуулбарласан огноог тодорхой бичжээ. Үүнээс үзэхэд уг барилгын 25 орчим янз бүрийн зургийг хуулбарлах ажлын хамгийн эхнийх нь 1946 оны гуравдугаар сарын 4-өөр өндөрлөсөн бол хамгийн сүүлийнх нь 1946 оны наймдугаар сарын 5-аар өдөрлөжээ. Шинэ хүчний дээд сургуулийн хийчээлийн байр, уурын зуухыг 1947 оны нэгдүгээр сарын 25-нд “сайн” гэсэн үнэлгээтэйгээр ашиглалтад хүлээн авчээ.
Хичээлийн байр нь төвлөрсөн халаалттай хоёр давхар чулуун барилга ажээ. Сайд нарын Зөвлөл, Намын төв хорооны 1947 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн хамтарсан хурлын шийдвэрийн дагуу Д.Сүхбаатарын баруун гараа урагш сунган заасан зогсоо хөшөөг шинэ хүчний дээд сургуулийн хичээлийн байрны үүдэнд босгох барилгын ажилд мөн Японы олзлогдогсод оролцжээ.
1949 онд Намын дээд сургуулийн оюутны байр, гуанз, клубын барилгыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд 1957-1960 онд хичээлийн төв барилгад өргөтгөл хийж, оюутны нэгдсэн байр, орон сууцны хоёр давхар барилгыг барьжээ. 1974 онд хоёр дахь өргөтгөл хийж хичээлийн төв байрыг гурван давхар болгосон байна. 1999 онд Намын дээд сургуулийн нэрийг “Удирдлагын академи” болгон өөрчилжээ.
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотынтүүх соёлын дурсгалаас, УБ., 1976
Дашдаваа Ч., Японы олзлогдогсод Монголд, УБ., 2013