Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | “Алтай” зочид буудлын барилга |
---|---|
Адил утгатай нэр: | Монголын орчин үеийн анхны зочид буудлын барилга |
Хаяг байршил: | Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын гудамжны баруун хэсэгт, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны барилгын урд талд |
Солбицол: | N 47 55 08.9, E106 54 57.4 |
Давхрын тоо: | 3 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын тамгын газар |
Дурсгалын төрөл: | Архитектурын дурсгалт барилга |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1946-1948 |
Анхны зориулалт: | Зочид буудал |
Хийц загвар: | Неоклассизм |
Хэмжээ: | Урт: 93,2 м, Өргөн:19 м, Өндөр: 14 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго, төмөр |
Хамгаалалтын зэрэглэл: | Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн. |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/529 дүгээр захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Нийслэлийн Засаг даргын тамгын газар байрлаж буй барилга бол Улаанбаатар хотын төвийн хэсгийг шинэчлэн байгуулах төлөвлөгөөний дагуу буюу дайны дараах энх цагийн бүтээн байгуулалтаар барьж байгуулсан архитектурын дурсгалт барилгуудын нэг юм. 1940 онд хуралдсан Улсын VIII их хурлаас зочид буудлын газар байгуулахаар заасныг үндэслэн мөн онд 170 ортой зочид буудлын барилгын нэг маягийн зургийг Москвагаас захиалан авчээ. Уг барилгыг барих ажил эх орны их дайн эхэлсний улмаас хойшилсон бөгөөд Улсын барилга трестийн барилгачид 1946 онд барилгын суурийг тавьж, 1948 оны долдугаар сарын 7-нд ашиглалтад оруулжээ. Нийтдээ 19000 м.кв багтаамжтай 60 гаруй өрөө тасалгаа бүхий, зүймэл царсан шалтай.
Зочид буудлын барилгын зураг төсөл бэлэн болсон учир 1946 оны зургаадугаар сарын эхнээс газар шорооны болон барилгын материал татах ажилд оржээ. Барилга дээр 200 орчим японы олзлогдогсод ажиллаж байв. Ерөнхий сайдын орлогч Ламжавын 1947 оны есдүгээр сарын 20-ны өдрийн албан даалгаварт: “Зочид буудлын барилгын гадна талын шавардлагын ба дээврийн ажлыг ойрын үед дуусгах бололцоотой байна” гэж дурджээ. Үнэхээр 1947 оны есдүгээр сарын эцэс гэхэд зочид буудлын барилгын гадна талын шавардлагын ажлыг дуусгажээ. Энэ барилгыг Монгол барилгачид үргэлжлүүлэн барьж ашиглалтад оруулсан юм.
Анхны зочид буудлын зориулалтаар баригдсан тус барилгад 1961 он хүртэл Монголын анхны 170 ортой “Алтай” зочид буудал байрлаж байв. Баяр ёслолын үеэр нүүрэн талын том тагтан дээр тэр үеийн төр, засгийн тэргүүн, дарга нар зогсон урдуур нь жагсан яваа хөдөлмөрчдөд баяр хүргэдэг байжээ. 1961 онд Улаанбаатар зочид буудал баригдсантай холбогдон уг барилгад албан байгууллагууд байрлах болжээ. 1964 оноос хойш өнөөг хүртэл Улаанбаатар хотын захиргаа байрлаж байна.
Болдбаатар Ч., Дуламрагчаа Ю., Нансалмаа Э., Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг, УБ., 2014
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалаас, УБ., 1976
Дашдаваа Ч., Японы олзлогдогсод Монголд, УБ., 2013
Нацагдорж Н., Улаанбаатар хотын барилгажилтын түүх, гэрэл зургын цомог, УБ., 2014