Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Улаанбаатар зочид буудлын барилга |
---|---|
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Б.Алтангэрэлийн гудамж, Тусгаар тогтнолын ордны зүүн хэсэгт |
Солбицол: | N47 55 06.7, E106 55 21.7 |
Давхрын тоо: | 6 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Улаанбаатар зочид буудал |
Дурсгалын төрөл: | Архитектурын дурсгалт барилга |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1959-1961 |
Зураг төслийг зохиогч: | Архитектор Б.Чимэд |
Анхны зориулалт: | Зочид буудал |
Хийц загвар: | Модернизм |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго |
Өмчлөлийн хэлбэр: | Хувийн өмчид |
Улаанбаатар зочид буудлын барилга бол Алтай зочид буудлын дараа баригдсан Монголын орчин үеийн хоёр дахь зочид буудлын барилга юм. Монголын анхны архитектор Б.Чимэдийн зураг төслөөр 1959-1961 онд барьж, Ардын хувьсгалын 40 жилийн ойн өмнө ашиглалтад оруулжээ. Тус зочид буудал нь 70 айлын сууц, 300 ортой, цахилгаан шат, төвлөрсөн удирдлага бүхий агааржуулалт дулаацуулга, усан хангамж, ариутгах татуургын системтэй, утсан харилцаа радио телевизор, дуудлагын дохио зэргээр бүрэн төхөөрөмжлөгдсөн, автомашины граж, уншлагын газар, усан оргилуур, цэцэрлэг, явган зам талбай, сүүдрэвч зэрэг туслах байгууламжтай баригдсан юм. Зочид буудлыг барьж байгуулахад А.Филатовагийн оролцоо их байсан бөгөөд нийт 45,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар босжээ. Барилгад хэд хэдэн орны элчин сайдын яам байрлаж байсан ба хамгийн сүүлчийнх нь 1997 онд эндээс нүүсэн Туркийн Элчин сайдын яам байв.
Улаанбаатар зочид буудал түүхэн газарт байрладаг бөгөөд энэ барилгын суурин дээр байсан хоёр давхар зэрэгцээ байшингийн нэгэнд 1921-1930 он хүртэл Засгийн газар байрлаж байв. Энэ байшинд БНМАУ-ын Анхдугаар Их Хурал хуралдаж, 1924 оны арван нэгдүгээр сарын 26-ны өдөр Нийслэл Хүрээг БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хот хэмээн нэрлэж, мөн анхны Үндсэн хуулийг баталсан юм.
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотынтүүх,соёлын дурсгалаас, УБ., 1976
Нацагдорж Н., Улаанбаатар хотын барилгажилтын түүх, гэрэл зургын цомог, УБ., 2014
Пүрэв О., Монгол төрийн голомт, УБ., 2004