Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудал байрлаж байсан барилга |
---|---|
Хаяг байршил: | Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Наадамчдын гудамжны урд талд, Чингис хааны Олон улсын нисэх онгоцны буудлын баруун хойд талд |
Солбицол: | N47 51 14.0, E106 45 37.3 |
Давхрын тоо: | 2 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт, зохицуулалтын газар |
Дурсгалын төрөл: | Түүхэн дурсгалт барилга |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1955 |
Анхны зориулалт: | Нисэх онгоцны буудлын барилга |
Хийц загвар: | Неоклассизм |
Хэмжээ: | Урт: 42,6 м, Өндөр: 10 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго |
Хамгаалалтын зэрэглэл: | Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн. |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/529 дүгээр захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
1954 онд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга А.И.Микоян манай улсад айлчлан ирэхдээ энэ нисэх буудалд буусан бөгөөд 1936 онд баригдсан аэровокзалаар нь орохдоо “Түй чёрт, манай улсын гадаадад байгаа ганц аэропортын байж байгааг нь” гэж их голсон гэдэг. Тэгээд 1954 оны сүүлчээс “Добр” нисэх буудалд өргөтгөл хийх болжээ. Ингээд нэг цагт 50 хүнд үйлчлэх нисэх буудал /аэровокзал/, 25 ортой зочид буудал, эмнэлэг, цаг уур, холбооны байр, инженерийн шугам сүлжээ зэрэг барилга байгууламжийг нэмж барьж 1956 онд өргөтгөл дуусчээ. Монгол Зөвлөлтийн Засгийн газар хооронд 1956 онд байгуулсан хэлэлцээрээр “Добр” нисэх буудлыг бүхэлд нь 1957 оны гуравдугаар сарын 1-нд Монгол Улсад үнэ төлбөргүй шилжүүлэн өгчээ. Ингээд манай улсын нисэх байгууллага Бөхөг цагаан толгойн аэродромоос нүүж ирж, нисэх буудалдаа нэр өгөх асуудал яригджээ.
Тэгээд Ардын Хувьсгалаас хойш 30 гаруй жил төрийн баяр наадмаа хийж ирсэн, нэгэн цагт Богд хаанд Даншиг өргөж байсан уламжлал, мөн нэрийн эхний хишиг орших “Буянт” гэсэн сайхан үгийг бэлгэшээн олонд хүндтэйг бодож, “Буянт-Ухаа” хэмээн нэрийг хайрласан гэдэг. Буянт-Ухаа буудал нь Монгол Улсын Олон улсын анхны нисэх буудал болжээ.