Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Эмнэг сургагч баримал |
---|---|
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний хойд талд Централ таурын урд, Зүүн цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуурын дунд |
Солбицол: | N47 55 03.0, E106 55 14.6 |
Дурсгалын төрөл: | Баримал |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990 он) |
Баригдсан он: | 1948-1958 |
Зураг төсөл зохиогч: | Барималч Н.Жамбаа |
Гүйцэтгэгч: | УЭХ-ны барималын тасаг |
Хийц загвар: | Реалист |
Хийсэн арга, техник: | Хүрэл цутгамал |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 2,2 м, Өргөн: 1,1 м, Өндөр: 2,8 м |
Материал: | Хүрэл |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Эмнэг сургагч баримал бол Улаанбаатар хотын орчин цагийн анхны баримлуудын нэг юм. 1948 онд ардын зураач Н.Жамбаа эх загварыг гаргаж, 1958 онд түүний шавь Л.Дашдэлэгээр удирдуулсан УЭХ-ны баримлын тасгийн барималчид хүрлээр цутгаж материалыг сайжруулжээ. Энэхүү баримлын нэг ихэр нь Х.Чойбалсангийн өвлийн ордон буюу 30-р байрны хойд талд талбайд, усан оргилуурын голд байдаг бөгөөд уг баримлаас хэмжээний арай жижиг, материалын хувьд өөр юм. Барималд морины тэнцвэрийн цэгийг урд хоёр хөл дээр нь олж, эмнэг морь, түүнийг сургаж байгаа залуу хоёрын хөдөлгөөн, харьцааг сонирхолтой байдлаар шийдэж харуулсан. Баримлын гипсэн эх загвар Москвагийн Дорно дахины ард түмнүүдийн урлагийн музейн алтан сан хөмрөгт хадгалагдан байдаг.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус баримлыг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.
Болдбаатар Ж., Уран Жамбаа, УБ., 2006
Жон Ён Дун., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, УБ., 2004
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017