Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Багануур дүүргийн өндөрлөг |
---|---|
Хаяг байршил: | Багануур дүүрэг, 2 дугаар хороо, Багануур дүүргийн төвөөс баруун урагш, Дорнын их замын зүүн талд |
Солбицол: | N47 44 45.0, E108 16 38.3 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1988 |
Зохиогч: | Ж.Дашдаваа |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 8 м, Өргөн: 1,03 м, Өндөр: 12 м |
Материал: | Бетон, төмөр |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Багануур дүүргийн өндөрлөгийг 1988 онд Ж.Дашдаваагийн загвараар бүтээжээ. Энэхүү өндөрлөгийн талаар зохиогч Ж.Дашдаваа “Он цагийн дуртгал” бүтээлдээ: “12 метр өндөр, 14 тонн төмөр бетонон хос баганын дээр талд Зөвлөлт-Монголын найрамдлыг бэлгэдсэн хаан бугуйвч, дотор нь Монгол Улсын алтан соёмбо, Зөвлөлтийн алх хадуур бүхий сүлдийг байрлуулж, баганын оройд өнгөрсөн, одоо, ирээдүйг бэлгэдэж, 0.7-1 метр өндөртэй галын гурван том улаан дөлийг урлан залсан юм. Уг баганын суурь дээр хүн төрөлхтний ирээдүйн хөгжлийг атом цөмийн эрчим хүч шийдвэрлэх болно гэдэг утгыг Оросын их эрдэмтэн Менделеевийн химийн элементийн үелэх системийн цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд болох ураныг төлөөлүүлэн “V” үсэг тавьж, хоёр оройг шулуун шугамаар холбож, түүн дээр 70 см-ийн өндөртэй үсгээр “Багануур” гэсэн үг бичиж, түүний хойно ойрын ирээдүйд Багануурыг хот болж өргөжин хөгжихийг бэлгэдэж, “хот” хэмээн бичих гурван үсгийн зайг үлдээж дархалсан бөлгөө” гэж бичжээ.
Өндөрлөгийн ар хананд чулуун дээр: “Багануурын бэлгэдэл хүндэтгэлийн энэхүү өндөрлөгийг Монгол Улсын шилдэг зохион бүтээгч ШБОС хэмээх инженер-зохиолч Жамцын Дашдаваа анх санаачлан зохиомжилж, архитектор Б.Хишигдорж ажлын зургийг гарган В.П.Тишенко даргатай барилгын “Медьмолибденстрой” удирдах газрын Зөвлөлт Монголын барилгачид урлан бүтээв. 1988 оны 7 сарын 8-ны өдөр” гэжээ.
Тус өндөрлөгийг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар дүүргийн хамгаалалтад авсан.
Дашдаваа Ж., Он цагийн дуртгал (Багануурын бүтээн байгуулалтад. Итгэл, зүтгэл, бүтээл), Дөтгөөр дэвтэр, УБ., 2005