Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Цэргийн төв клубын байшин |
---|---|
Адил утгатай нэр: | Кино урлагийн дээд сургуулийн барилга |
Хаяг байршил: | Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний хойд хэсэг, Сутай дээд сургуулийн зүүн талд |
Солбицол: | N47 55 01.8, E106 57 41.6 |
Давхрын тоо: | 3 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Кино урлагийн дээд сургууль |
Дурсгалын төрөл: | Түүхэн дурсгалт байшин |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1930-аад оны эхэн |
Анхны зориулалт: | Цэргийн төв клуб |
Хийц загвар: | Конструктивизм |
Хэмжээ: | Урт: 52 м, Өргөн:18,55 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Чулуу, тоосго |
Өмчлөлийн хэлбэр: | Хувийн өмчид |
Ардын армийн улс төр, соёл хүмүүжлийн төв болох Цэргийн төв клубын барилгыг 1930-аад оны эхээр барьж ашиглалтад оруулжээ. Уг клубт урлаг уран сайхны тоглолтоос гадна армийн нам, улс төр, соёл гэгээрлийн олон төрлийн ажлыг зохион явуулж байв. Цэргийн төв клуб нь Ардын цэргийн дуу, бүжгийн чуулга болж өргөжин хөгжсөн бөгөөд эгнээнээсээ урлагийн олон нэрт зүтгэлтнүүдийг төрүүлэн гаргажээ. Тухайлбал, алдарт хуурч Ө.Лувсан энд ажиллаж байсан бөгөөд 1960 онд түүний 75 насны ойгоор уг байшингийн хананд “Лувсан хуурч 1932-1939 онд энэ байшинд ажиллаж байв” гэсэн дурсгалын самбар хаджээ.
1947 онд “Улаан армийн ордон” гэгдэж байсан одоогийн Офицеруудын ордон Армийн мэдэлд шилжин ирсэний дараа Цэргийн төв клуб тийшээ нүүж, уг барилгад 1950-иод онд Кино үйлдвэр ирж байрлажээ. Цэргийн төв клубын байшинд өдгөө Кино урлагийн дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна.
Нацагдорж Н., Улаанбаатар хотын барилгажилтын түүх, гэрэл зургын цомог, УБ., 2014
Болдбаатар Ч., Дуламрагчаа Ю., Нансалмаа Э., Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг, УБ., 2014
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотынтүүх,соёлын дурсгалаас, УБ., 1976