Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Одон орон судлалын төвийн барилга |
---|---|
Адил утгатай нэр: | Хүрэл тогоот |
Хаяг байршил: | Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Богдхан уулын зүүн хойд үзүүрийн Хүрэл тогоотын ам |
Солбицол: | N47 51 54.1, E107 03 12 |
Давхрын тоо: | 3 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | ШУА-ийн Одон орон, Геофизикийн судлалын төв |
Дурсгалын төрөл: | Архитектурын дурсгалт барилга |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1956-1957 |
Зураг төслийг зохиогч: | Архитектор А.Хишигт |
Анхны зориулалт: | Одон орон судлалын төв |
Хийц загвар: | Неоклассизм |
Хэмжээ: | Урт: 29 м, Өргөн: 13 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Монгол Улсад орчин цагийн Одон орон судлах оргил (ООСО) байгуулахад 1957-1959 онд болсон Олон Улсын Геофизикийн Жил (ОУГЖ) их түлхэц өгчээ. Учир нь астроном, геофизикийн судалгаа хийх эрдэм шинжилгээний байгууллага байгуулж ОУГЖ-д оролцохгүй бол Азийн төв дунд орших Монгол орон цагаан толбо болон хоцрох байлаа. Нөгөө талаар 1950-аад онд хүн төрөлхтөн сансар огторгуйг судлах, хиймэл дагуул хөөргөх, сансарыг энхийн зорилгоор ашиглах ажил ид өрнөж сансар судлал, сансрын холбоо зэрэг шинжлэх ухааны шинэ салбарууд үүсэж манай улс ч энэ ажилд боломжийн хэрээр оролцох хэрэгтэй болсон байна. Ийм учраас тэр үеийн ЗХУ-ын ШУА-ийн нэрт эрдэмтдийн (М.С.Зверев, А.Я.Орлов, Е.Ф.Федоров, Ю.Д.Буланженарын) зөвлөгөө ёсоор Монгол Улсад ООСО байгуулах тухай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шийдвэр 1956 онд гарчээ.
Монгол Улсад ООСО байгуулахад тус оргилын анхны захирал, одон оронч С.Нинжбадгар гол үүрэг гүйцэтгэсэн юм. Түүний уйгагүй хөдөлмөр зүтгэлийн ачаар Улаанбаатарын ООСО 1957 ондастрономи, газар хөдлөл, соронзон судлал гэсэн гурван сектортэйгээр байгуулагдсан түүхтэй.
1956 онд Одон орон судлах төвийн албан ажлын гол барилгын зураг төслийг залуу архитектор А.Хишигт хийсэн бөгөөд гол барилгад номын сан, хурлын хоёр том тасалгаа, газар хөдлөл, нар, өргөргийн болон цагийн алба, оргилын захирал, аж ахуйн даргын өрөө байхаар тооцоолжээ. 1956 оны намар барилгын суурийн ажлыг эхлүүлсэн ба барих ажлыг Налайх дахь эх оронч Чогдон даргатай барилга конторын хятад ажилчид гүйцэтгэжээ.
Нинжбадгар С., Түшсэн заяа (дурсамж), УБ., 2005
Нямжаргал Ц., Монгол хүн сансарт ниссэний 37 жилийн ой: Одон орон судлах оргил // http://ekhsurvalj.mn/news/view/4986, үзсэн: 2018.11.15