Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Ленин клубын барилга |
---|---|
Адил утгатай нэр: | Санкт-Петербург төв |
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөөний урд талд |
Солбицол: | N47 55 00.9, E106 55 03.8 |
Давхрын тоо: | 2 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Санкт-Петербург төв |
Дурсгалын төрөл: | Түүхэн дурсгалт байшин |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1929 |
Анхны зориулалт: | Соёлын ордон |
Хийц загвар: | Конструктивизм |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго |
Өмчлөлийн хэлбэр: | Хувийн өмчид |
1921 онд Нийслэл Хүрээнд байсан худалдаа арилжаа эрхлэгч орос иргэдийн санаачлагаар “Нардом” (Народный дом) нэртэйгээр байгуулагдсан клуб нь тухайн үед улс төр, уран сайхны олон бүлгэм байгуулан ший, кино гаргах, биеийн тамир, спорт тоглоом, тэмцээн явуулах зэргээр ажиллаж, түүнд монголчуудаас оролцдог байжээ. Нардомын байшин шатсаны дараа Зөвлөлтийн харьяат нарын клубыг В.И.Лениний нэрэмжит болгож, 1929 онд төв талбайн өмнө хэсэгт шинэ дан байшин барьж, ашиглалтад оруулжээ. Энэ байшин монголд баригдсан хойшоо харсан анхны барилгын нэг юм. Үүнээс өмнө хойшоо харсан гол хаалгатай, олон нийтэд зориулсан нэг ч байшин байсангүй.
В.И.Лениний нэрэмжит клуб нь кино гаргах, үдэшлэг уулзалтууд зохиох, хурал, зөвлөлгөөн хийх зэрэг олон хэлбэрээр ажлаа явуулж байсан нь хотын соёл хүмүүжилд нөлөө үзүүлэхийн зэрэгцээ манай соёлын байгууллагуудын ажилд үлгэр дууриал болж байв. Тус клубын захиргаанаас “Хозяйтсво Монголий” улс төр, эдийн засгийн сэтгүүл гаргаж байжээ. Энэ клубын байшинг 1950, 1970 онд өргөтгөл хийж давхарласан бөгөөд 1950- аад онд модон хашаа барьж усан оргилуур, барималтай болгон банзаар явган зам хийж, бүжгийн тусгай тавцанг засаж тохижуулсан байна.
Сүүлд В.И.Лениний нэрэмжит клубын байшинг өргөтгөн Санкт Петербург төв болгосон бөгөөд одоо үйлчилгээний байгууллагууд байрлаж, үйл ажиллагаа явуулж байна.
Болдбаатар Ч., Дуламрагчаа Ю., Нансалмаа Э., Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг, УБ., 2014
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотынтүүх соёлын дурсгалаас, УБ., 1976
Идшинноров С., Улаанбаатар хотын түүхийн хураангуй, УБ., 1994
Нацагдорж Н., Улаанбаатар хотын барилгажилтын түүх, гэрэл зургын цомог, УБ., 2014
Пүрэв О., Монгол төрийн голомт, УБ., 2004
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017