Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кино театрын барилга |
---|---|
Хаяг байршил: | Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын гудамжны баруун хэсэгт, Төв шуудангийн хойд талд |
Солбицол: | N47 55 04.9, E106 54 58.0 |
Давхрын тоо: | 4 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Хөрөнгийн бирж |
Дурсгалын төрөл: | Архитектурын дурсгалт барилга |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1946-1948 |
Анхны зориулалт: | Хүүхдийн кино театр |
Хийц загвар: | Неоклассизм |
Хэмжээ: | Урт: 40 м, Өргөн:20 м, Өндөр: 15 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго |
Хамгаалалтын зэрэглэл: | Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн. |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/529 дүгээр захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кино театрын барилга бол Улаанбаатар хотын төвийн хэсгийг шинэчлэн байгуулах төлөвлөгөөний дагуу буюу дайны дараах энх цагийн бүтээн байгуулалтаар барьж байгуулсан архитектурын дурсгалт барилгуудын нэг юм. Мөн Монгол Улсын орчин үеийн кино театрын зориулалтаар баригдсан анхны барилга юм. Барилгын зураг төслийг 1945-1946 онд Зөвлөлтийн инженер Н.Климов зохиосон бөгөөд барилгыг 1948 оны долдугаар сарын 08-нд ашиглалтад оруулан нээжээ. Нээлтийн цуглаан дээр Х.Чойбалсан хэлэхдээ: “Нийслэлийн чимэг болсон шинэ кино театр нь хотын хөдөлмөрчдийн хүмүүжил боловсролыг нэмэгдүүлэх, олон түмэнд хамгийн хүртээмжтэй ухуулгыг нэвтрүүлэх соёлын нэг төв болох юм” гэжээ. Үнэхээр тус театр хөдөлмөрчдийн соёлын үйлст их хувь нэмэр оруулжээ. Тус театрын барилгыг 1955, 1962 онд зөвлөлтийн архитектор, инженерүүдийн гаргасан зураг төслийн дагуу хөдөлмөрчдийн соёл үйлчилгээний шаардлагад тохируулан засварлаж дулааны нэгдсэн холоболт, агааржуулах систем, усан хоолой тавьж тохижуулан, 1968 онд мөн гэрлийн чимэглэл хийсэн байна.
Кино театр нь 9700 м.кв багтаамжтай, 400 гаруй хүний суудалтай, доод давхартаа бүжиг, үзэсгэлэнгийн танхимтай баригдсан, гурван давхар барилга юм. Барилгыг барихад японы олзлогдсон цэргүүдийг дайчлан оролцуулжээ.
Энэ кино театрыг Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1947 оны тогтоолоор МАХН-ын зүтгэлтэн Б.Элдэв-Очирын нэрэмжит болгосон бөгөөд олон жилийн турш Улаанбаатар хотын томоохон кино театрын нэгэнд тооцогдсоор ирсэн юм. 1991 оноос энэхүү кино театрын барилгад Монголын хөрөнгийн бирж байрлаж үйл ажиллагаа явуулах болсон байна.
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотынтүүх соёлын дурсгалаас, УБ., 1976
Нацагдорж Н., Улаанбаатар хотын барилгажилтын түүх, гэрэл зургын цомог, УБ., 2014
Болдбаатар Ч., Дуламрагчаа Ю., Нансалмаа Э., Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг, УБ., 2014
Дашдаваа Ч., Японы олзлогдогсод Монголд, УБ., 2013