Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан дурсгалын хөшөө цогцолбор |
---|---|
Хаяг байршил: | Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамжны зүүн талд |
Солбицол: | N47 53 02.5, E106 54 55.3 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1969-1971 |
Зохиогч: | Ерөнхий архитектор А.Хишигт, архитектор Д.Өлзийхишиг, Н.Уртнасан, Т.Мишиг, конструктор С.Я.Кузнецов, Ө.Баадай, барималчид Ц.Доржсүрэн, П.Зулзага, зураачид Я.Үржнээ, Б.Доржханд |
Тоо ширхэг ба бүрдэл хэсэг: | 1 |
Хэмжээ: | Өндөр: 27 м, Голч: 18,6 м |
Материал: | Бетон, чулуу |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг Даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Алтан тэвшийн хөндий, Богд хан уулын хойд бэл, Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө бол ХХ зууны II хагаст Улаанбаатар хотод барьж байгуулсан хөшөө дурсгалуудаас хамгийн сүрлэг хийгээд том цогцолбор юм.
Монголчууд эртнээс хамгийн хүндтэй байгууламж, тухайлбал овоо мэтийг өндөрлөг газар босгож, амьдралын бэлгэ тэмдэг гэж үзсээр ирсэн уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу БНМАУ-ын эрх чөлөө, тусгаар тогтнол, хувьсгалт ололт амжилтыг харийн түрэмгийлэгчдээс хамгаалсан удаа дараагийн байлдаанд алтан амиа өргөсөн Зөвлөлтийн эрэлхэг дайчдын дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг 1956 онд Зайсан толгой дээр анх босгожээ. Тус хөшөөг “Чоддин” /тахисан шүтээн гэсэн утгатай төвд үг/ баXVII зууны үеийн манжийн үеийн довтолгооноос хамгаалах зорилготой байгуулж байсан Монголын бага хаадын үеийн цайз хэрэм, бэхлэлтийн барилга байгууламжийн уламжлалыг үндэслэн бүтээжээ.
Зайсан толгой дээрх энэхүү хөшөөг өөрчлөн сайжруулах зорилгоор МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1969 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 90/87-р тогтоолоор баталсан зураг төслийг үндэслэн ерөнхий архитектор А.Хишигтийн удирдлагаар архитектор Т.Мишиг, Н.Уртнасан, Д.Өлзийхишиг, инженер-конструктор С.Я.Кузнецов, И.Баадай, залуу барималч Ц.Доржсүрэн, П.Зулзага, зураач Я.Үржнээ, Б.Доржханд нарын мэргэжилтнүүд шинэ зураг төсөл зохиожээ. Энэ зураг төслөөр Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөг 1969-1971 онд барьж байгуулахад ЗСБНХУ-ын нэрт инженер-конструктор В.В.Ханджи туг ба баримлыг томсгож бодит хэмжээнд оруулах ликалын аргыг хэрэглэж цутгадгийг анх удаа манай оронд нэвтрүүлжээ. Хөшөөг босгох ажлыг Барилгын цэргийн удирдах газрын 073 дугаар анги гүйцэтгэсэн бөгөөд талбайн дарга Э.Дарьсүрэн, даамал инженерээр Р.Бэххуяг нар ажиллаж, барилгын бүх ажлыг мэргэжилтэн Ю.Ф.Вязьмин удирдан зохион байгуулж, залуу инженер Ө.Дорждэрэм Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргаанаас хөшөөний барилгын захиалагчийн төлөөлөгчөөр ажиллажээ. Ийнхүү Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөөг 1971 оны долдугаар сарын 6-ны өдөр буюу түүхт ойн өмнөхөн хүлээлгэн өгчээ. Энэхүү хөшөөний барилга байгууламжийн төсөвт өртөг нь нийт 8570000 төгрөг зарцуулагдсанаас зураг төсвийн үнэ 779 000 төгрөг болжээ.
Архитектурын бүхэл бүтэн цогцолбор бүхий энэ байгууламж нь дайчдын хөшөө, хөшөөнд очих явган ба машин зам, авто зогсоол, цуглааны талбай, мөнх гал зэргээс бүрдэх ба Монгол-Зөвлөлтийн ард түмний ахан дүүсийн ган бат найрамдал мөнх гэсэн санааг гүнзгий илэрхийлжээ. Хөшөөний цогцолбор нь Зайсан толгойн ар бэл дэх уужим талбай, БНМАУ, ЗСБНХУ-ын ард түмний эвдэршгүй ган бат найрамдлын бэлгэ тэмдэг болсон сүрлэг том соёмбо, алх хадуураас эхэлдэг нь уг дурсгалын утга агуулгыг нэгэн дор зангидаж өгсөн байна. Талбайн ханан дээр “Энд зөвлөлтийн дайчдын дурсгалыг тэнгэрт нартай хамт мөнхөлж, Газарт галтай цуг дархлав” гэж зэсээр товойлгон бичжээ. Эндээс Зөвлөлтийн дайчдын хөшөө өөд 612 гишгүүр бүхий 300 м урт шат тавьж, зорчигчдын сууж амрах сандал, автомашины зогсоолын талбай засчээ. Мөн доод талбайгаас Зайсан толгойн дунд хүртэл 680 метр урт 9 градусын налуутай асфальтан хучилттай авто зам тавьсан байна.
Зайсан толгой дээрх хөшөөний гол тэнхлэг нь амьдрал, тусгаар тогтнолыг бэлгэдсэн гурван тулгуур дээр байрлуулсан монгол тулга болно. Энэхүү тусгаар тогтнолыг Зөвлөлт-Монголын цэрэг дайчид мөр зэрэгцэн явж хамгаалсан гэсэн санааг баруун гартаа ялалтын туг өргөж, зүүн гартаа автомат буу барин зогссон Улаан армийн дайчин эрийн 27 метр өндөр сүрлэг хөшөөгөөр илэрхийлжээ.Түүний дэргэд “Алтан амь тань бидэнд бий, алдар гавъяа тань амьдралд бий” гэсэн үгтэй ёслолын талбайд Ардын хувьсгалын өлгий Алтанбулаг, ах дүү хоёр орны харийн дайсны эсрэг тэмцэж байсан Толбо нуур, Халхын гол болон зөвлөлтийн Эх орны дайны баатар хотуудаас авчирсан хөрс шорооны дээжийг хүндэтгэлтэйгээр байрлуулжээ.
Хөшөөний гол хэсгийн нэг болох монгол үндэсний тулгыг төлөөлж хийсэн 22 метр голчтой, 3.2 метр өндөр дугуй ханын гадна талаар БНМАУ, ЗСБНХУ-ын алдар гавъяаны одонгуудыг товойлгон сийлж, үндэсний хээ угалзаар чимжээ. Ханын дотор талд ах дүү хоёр армийн түүхэн замнал, 1921, 1939, 1945 онд гамин, цагаантан, Япон, Гитлерийн Германы түрэмгийлэгчдийг бут цохисон ялалт болон манай хоёр орны найрамдал, нөхөрлөлийг өнгөт чулуун шигтгэмлээр дүрслэн харуулжээ. Дугуй ханын төв дунд монгол үндэсний давхар алхан хээгээр тасамдан чимэглэсэн улаан боржин чулуун цөгц байрлууж, мөнх гал бадраажээ.
БНМАУ-д зочлон ирсэн хүндэт зочид, их хурал, чуулганы төлөөлөгчид Монгол-Зөвлөлтийн дайчдын мөнхийн гавъяаг хүндэтгэж, Зайсан толгой дахь энэ дурсгалын хөшөөнд очиж цэцэг өргөдөг байжээ. Мөн Октъябрийн социалист хувьсгал, Ардын хувьсгал, Зөвлөлтийн Арми, Тэнгисийн цэргийн флотын ой, ялалтын ой, баяр ёслолын өдөр нийслэлийн нам, улс, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, цэрэг дайчид, залуучууд, пионер сурагчид, найрамдалдаа үнэнч монголын ард түмний чин санааны илэрхийлэл болгож, амьд цэцгийн баглаа өргөдөг уламжлалтай байжээ.
Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөө, цогцолборыг анхАДХГЗ-ны 1987 оны 326 дугаар тогтоол, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 197 дугаар тогтоол, хамгийн сүүлд нийслэлийн Засаг Даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.
Майдар Д., Монголын түүх, соёлын дурсгалт зүйлс, УБ., 1982
Цэрэнчулуун А.,Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017